Улсын хэмжээнд 2000 гаруй өдөр өнжүүлэх төв үйл ажиллагаа явуулдаг талаар Монголын хүүхэд хөгжүүлэх холбооноос мэдээллээ. Эдгээр төв нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өнгөрсөн найман сарын хугацаанд ажиллахгүй байсан бол есдүгээр сарын 1-нээс хэвийн ажиллахаар болжээ.
Монголын хүүхэд хөгжүүлэх холбооны тэргүүн П.Ганцэцэгээс энэ талаар тодруулахад “Цар тахлын улмаас өнгөрсөн найман сарын хугацаанд өдөр өнжүүлэх төвүүд огт үйл ажиллагаа явуулаагүй. Улсын хэмжээнд нийт 2000 гаруй өдөр өнжүүлэх төв байдаг. Үүнээс энэ хичээлийн жилд 119 төв үйл ажиллагаа явуулах чадамжийн гэрчилгээний сургалтад сууж, үйл ажиллагаа явуулах түр журамтайгаа танилцаад байна” гэв.
Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Салбар яамнаас өдөр өнжүүлэх төвийг ажиллуулна, ажиллуулахгүй гэсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа нээлттэй. Өдөр өнжүүлэх төвийг ажиллуулах нийтлэг шаардлагад аймаг, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөл тодорхой ажлын хэсэг гаргаж, өдөр өнжүүлэх төвүүдэд хяналт тавих зохицуулалтыг тусгасан байдаг. Эдгээр төвүүд нь улсын төсөвт хамааралгүйгээр эцэг, эхийн санал хүсэлтийн дагуу гэрээ байгуулж, хүүхдээ хамруулдаг. Гэхдээ эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийг сахиж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлсэн байх шаардлагатай” гэсэн юм.
Мөн тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үзэж, судлах нэг, хоёрдугаар улирлын хичээлийг аравдугаар сараас эхлэн сайтуудад байршуулж, багш нартаа хүргэх ажлыг зохион байгуулна. Учир нь хичээлийн эхний өдрүүдэд өмнө нь үзсэн хичээлээ бататгаж орох учраас шинэ хичээлээ давхар цахим хэлбэрээр байршуулахгүй. Цахим бодлогын байнгын хорооны тогтоол гарч байгаа. Энэ тогтоолоор цаашид цахим сургалтыг үр өгөөжтэй ашиглах, шилжих тал дээр тодорхой заалтууд орсон. Ер нь олон улсын байгууллагаас технологийн дэвшил боловсролын салбарт нэвтэрч орж байгаатай холбоотойгоор холимог сургалтын арга зүйг санал болгож, зөвлөж буй” гэлээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ