Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:
-Үндсэн чиглэлд Монголын өв соёлыг хамгаалах биет болон биет бус өвийг хэрхэн хамгаалах вэ. Бий биелгээ, хөөмий, уртын дуу, домог, хууч яриаг мэддэг, чаддаг хүмүүс нь Өвөрмонголд очоод хичээл зааж байна. Олон улсын тэмцээн, уралдаанд Өвөрмонголын нэрийн өмнөөс оролцдог ийм асуудал бий. Энэ чиглэлд юу хийх юм бэ? Үндэсний өв болсон түүх соёлын дурсгалт зүйлсээ гадагшаа алдаж байна. Музейн гол үзмэрүүдээ гадагш гаргаад алдчихсан тохиолдол бий. Энэ тал дээр юу анхаарах юм бэ? Сургалтын хичээлийн хөтөлбөрт үндэсний өв соёл, зан заншил, түүх, уран зохиол, яруу найраг, хэлц үг зэрэг монгол хүн болох үндсэн суурь нь яаж тусгагдсан юм бэ? Монгол хүүхэд эхлээд монгол хүн болох ёстой. Шууд англи хэл заадаг сургуулиуд их байна. Монгол ахуйгаа мэдэж, сурч байж монгол хүн болно. Хэл дагаж сэтгэлгээ бий болдгийг анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед Кембрижийн боловсролын талаар ярих боллоо, төлбөр нь өндөр байхад бүх шатанд яаж Кембрижийн боловсрол олгох юм бэ?
СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН:
-Соёлын яам байгуулагдсаны гол шалтгаан нь соёл урлагийг хөгжүүлэхээс гадна соёлын өвийг судлах, бүртгэх, сурталчлах, хамгаалах чиглэлд Соёлын өвийн газрыг байгуулсан. Энэ газар биет болон биет бус, хөдлөх, үл хөдлөх, баримтат өв зэрэг чиглэл тус бүрээр нь мэргэжилтнүүд хариуцна. Монголын биет бус соёлын өв Өвөрмонгол зэрэг гадагшаа урссан нь үнэн. Хэдэн төгрөгөөс болоод манайхан соёлын өвөө зааж өгдөг. Эргээд Өвөрмонголчуудаас суралцах хэмжээнд хүртэл зааж өгсөн байдаг. Нөгөө талаар биет болон биет бус өвийг хамгаалахад бүрэн бүртгэл хийж, олон нийтийн болон төрийн байгууллагуудын бүрэн хяналтад байлгах ёстой. Монгол Улсын газар нутагт одоогоор бүртгэгдсэн археологийн 100 мянга гаруй дурсгал хадгалагдаж байна. Үүний 50 хувьд нь бүрэн судалгаа хийж, бүртгэгдсэн.
Цаашдаа бид цахим соёлын өв гэдэг дата бааз байгуулна. Бид өөрсдөө боломжтой болчихвол гадагшаа өв соёлоо алдахгүй. 1990 оноос хойш гадагшаа олон дурсгал гарсан. Үндэсний музей гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн дурсгалаа алдсан. Хулгайлсан хүн нь хариуцлага хүлээдэггүй, шагнал аваад явж байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд бүрэн тооллого хийсэн. 800 гаруй дурсгалд адармаатай хариу гарсан. Гадагшаа археологийн дурсгалыг судлуулахаар явуулдаг ч буцаж ирээгүй дурсгал байхгүй. Өөрийн гэсэн шинжилгээний газаргүй учраас гадагш явуулахаас өөр аргагүй.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН:
Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн сургалтын агуулгад монгол хүүхдийн хүмүүжил, төлөвшилтэй холбоотой хичээлүүд тухайн нас бүрт нь тааруулж оруулсан байдаг. Тухайлбал, бага ангийн хичээлийн агуулгад хүн орчин, хүн нийгэм, хүн байгаль хичээлүүд ордог. Мөн иргэний эрхзүйн боловсрол шинээр орсон.
Энэ хичээлийн жилээс эхлэн 1-11 хүртэлх ангийн бүх хүүхдэд монгол хэл, уран зохиол, математикийн хичээлүүдийг заавал танхимаар заана. Кембрижийн хөтөлбөрийг 21 сургууль нэвтрүүлсэн, 18 нь хувийн, гурав нь улсын сургууль. Цаашид үе шаттайгаар нэмэгдүүлнэ. ЕБС-ын чанарыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд хүргэх зорилт тавьж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ:
-Үндсэн чиглэл болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гишүүдийн хэлсэн санал огт тусгагдаагүй байна. Миний хэлсэн үгийг ажлын хэсэг оруулаагүй байна. Боловсролын шинэчлэлээр зөв монгол хүүхэд бий болгох асуудлыг хөндөж байгаа нь зөв. Гэхдээ олон улсын хөтөлбөрүүд зөвхөн шинжлэх ухааны хичээлүүд дээр орж байна. Оросын математик гэж байхгүй. Ямар стандартын түвшинд үзэж байгаа вэ гэдгийг л боловсрлын шинэчлэлээр ярих ёстой. Гаднын хөтөлбөрүүдийг монгол соёлыг үгүй хийж байгаа мэтээр тайлбарлах нь буруу. Хос хөтөлбөртэй сургалтын тогтолцооноос үндэсний сургалтын тогтолцоо олон улсын түвшинд хүлээнд зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хүргэнэ гэсэн зорилт. Монголын ЕБС төгссөн хүүхдийн гэрчилгээ дээр олон улсын стандарт давсан гэж тамга дардаг. Тэр нь олон улсын сургуулиудад элсэх нь тооцогддог байх ийм л системийг бий болгох ёстой.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Ажлын хэсэг дээр гишүүдээс гарсан саналууд нэгтгэгдээд шууд орж ирэх боломжгүй. Ажлын хэсгийн саналууд тусдаа хоёрдугаар хэлэлцүүлэг дээр орж ирнэ.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН:
-Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд бүх хичээлээ англи хэл дээр үздэггүй. Монгол хэл, түүх, уран зохиолын хичээлүүдийг Монгол хэлээр заадаг. Харин байгалын ухааны хичээлүүдийг англиар заадаг. Кембрижийн хөтөлбөртэй сургуульд тавдугаар анги төгссөн хүүхэд суралцах боломжтой.
БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ:
-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт кабинетаараа нэлээд суусан. Миний хувьд сайдаар томилогдсоноосоо хойш дөрвөн аймагт ажиллаад ирлээ. Зарим нэг зүйлийг нэмэх шаардлагатай байна. Өмчийн хэлбэр үл харгалзан хүүхдүүдэд багаас нь байгаль дэлхийгээ хамгаалах сэтгэлгээг суулгах шаардлагатай байна. Ялангуяа байгаль дэлхийдээ хог хаяхгүй байх тэр сэтгэлгээг бид багаас нь суулгая. "Идсэн чихрийнхээ цаасыг байгальд хаядаггүй юм шүү" гэдэг тэр философийг суулгачихвал хүүхдэд насан туршийн боловсрол болно. Тиймээс үндсэн чиглэлийн дөрөв дахь хэсэгт “Эх дэлхийгээ хамгаалъя” гэсэн өгүүлбэр нэмж өгнө үү.
Хоёрдугаарт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг хавсарга бус эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор тусгасан. Үүнийг Соёлын яамтай хамтрахгүйгээр дангаараа БОАЖЯ хийх боломжгүйг газар дээр очиж ажиллахад тодорхой харагдлаа. 21 аймаг бүртээ байгаль, түүхийн тухайн аймгийн онцлогт тохирсон аялал жуулчлалыг бий болгож улмаар ард иргэдийн амьдрал ахуйг дэмжих өргөн боломж байна. Архангай аймгийн хувьд Орхон, Тамир голын бэлчир дэх түүх соёлын дурсгалт газраа түшиглэн бид аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой. Энэ мэт тодорхой чиглэлүүдийг тусгаж ирэх дөрвөн жил соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ийм ийм зүйлийг хийнэ гэсэн тодорхой тусгагдсан заалтууд байна уу. Салбарын үйл ажиллагааны чиглэлийн жагсаалт шиг харагдаж байна.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН:
ЕБС-ийн бага ангид байгаль дэлхийгээ хамгаалах, танин мэдэхтэй холбоотой хичээлийг Хүн орчин, хүн байгаль гэсэн хичээлүүдээр ордог. үүнийгээ улам сайжруулна.Ингэхдээ танхимд заахаас илүүтэй байгальтай шууд харьцах чиглэлд орно. Дунд ангид Иргэний боловсрол хичээлээр байгальтай холбоотой хичээлүүд ордог. Танхимд хичээлийг заахаас илүүтэй байгаль дэлхийтэй шууд харьцуулдаг болгох хэрэгтэй гэдэг саналыг гишүүд гаргаж байгааг дэмжиж байна. Удахгүй хичээлийн агуулгад оруулна.
СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН:
Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр тулгуурын нэг нь соёл, соёлын өв. Аялал жуулчлалын салбар, соёлын салбар хоёр өнгөрсөн хугацаанд уялдаа багатай явж ирсэн. Соёлын өвтэй газарт тулгуурласан аялал жуулчлалын менемжентийг зөв хийх ёстой юм билээ. Хэд хэдэн бүсчлэлд хуваан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тусгасан. Чингис хаадын ул мөртэй холбоотой зүүн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Хоёрт шинэ нисэх буудлаас Тэрэлж, Майдар чиглэлд, гуравт Орхон Тамирт Төв азийн нүүдэлчдийн голомт цогцолборыг шинээр байгуулна. Орхоны хөндий бол Монголын соёлын аялал жуулчлалын голомт. Дөрөвт Хөвсгөл нуур орчим өв соёлын маш баялаг дурсгалтай газар. Судалгаа маш бага хийгдсэн. Цайны замыг аялал жуулчлалд нэлээд тусгах шаардлагатай. Соёлын өвийн түгээн дэлгэрүүлэлт бол аялал жуулчлал гэдэгтэй Д.Сарангэрэл сайдтай санал нийлж байна. Цаашдаа хамтарч ажиллах боломж бий. Соёлын өвөө анхаарснаар давхар байгаль хамгааллаа хадгалж чадна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:
Кембрижийн хөтөлбөрийг өргөжүүлэх асуудлыг зарим гишүүн хөндөж байгаа. Энэ хүрээнд багш, эцэг эхчүүдээс нийт 300 гаруй хүнээс би санал авсан. Дунд сургуулийн багш нар, эцэг эхчүүдийн 51-60 орчим хувь нь Кембрижийн хөтөлбөрт сөрөг байр суурьтай байна. Яагаад гэхээр Монголын боловсролд тэгш бус байдал газар авч байхад нийт хүүхдийн 10 хувьд ч хүрэхгүй хөтөлбөрт төрийн зардлыг нэмэх нь үр дүнгүй. Үүний оронд суурь боловсролын хөтөлбөрөө дэмжих нь зөв гэдэг саналыг хэлж байна. Энэ тал дээр багш нарын ажиллах орчныг сайжруулах, нийгмийн чиглэлд нь ялангуяа орон сууцны асуудалд анхаарах шаардлагатайг хэллээ. Боловсролын зөвлөгөө өгөх мэдээллийн төв өнгөрсөн есөн жилийн хугацаанд Улаанбаатар, Дорнод зэрэг аймгуудад Англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Уг хөтөлбөрийн хүрээнд нийтдээ захын хорооллын 600 гаруй хүүхэд хамрагдахад үр дүнтэй болох нь гарсан. Англи хэлийг бүх хүүхдэд хүргэх чиглэлд төрийн бодлогоор дэмжвэл Кембрижийн хөтөлбөрийг хэдэн хүүхдэд олгож байгаагаас илүү бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй боловсрол олгоно гэсэн саналыг ирүүлсэн. Тиймээс УИХ-дахь эмэгтэйчүүдийн бүлгээс англи хэлний хөтөлбөрийг нийт улсын сургуулиудад хэрэгжүүлэх саналыг гаргасан. Ингэж байж төлбөргүйгээр хүүхдүүд дунд сургуулиасаа англи хэл эзэмших боломжтой.
Холбоотой мэдээ