“HU" хамтлагийн хүүхэлдэйг анх удаа полимер шавраар урласан”

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

“HU" хамтлагийн хүүхэлдэйг анх удаа полимер шавраар урласан”

“HU" хамтлагийн хүүхэлдэйг анх удаа полимер шавраар урласан”

Урлангийн хаалгаар ормогц хананы тавиур дээр байрлах өхөөрдөм хүүхэлдэйнүүд дээр өөрийн эрхгүй нүд тусна. Энэ л урлангийн 305 тоот хаалганы цаана цагийн уртыг үл ажран бүтээлээ туурвиж суудаг хүн бол хүүхэлдэй урлаач Л.Уранцэцэг. Сүүлийн үед залуус өөрсдийнхөө жижиг хувилбарыг хүүхэлдэй хэлбэрээр хийлгэх нь ихэсчээ. Л.Уранцэцэгийн хувьд 3D баримлын шавраар хүүхэлдэй урлаад нэг жил, полимер шавраар хүүхэлдэй урлаад найман сар болж байна.

Шаврын төрөл дотроо олон боловч полимер шаврын гол онцлог нь хатуу учраас тодорхой температурт хатаах үед бат бөх, хатуу болж, эдэлгээ удаан болдог давуу талтай аж. Харин 3D баримлын шавар нь сайн боловч хүүхэлдэйн нарийн загвар гаргахад тохиромжгүй гэдгийг тэрбээр ярьж байлаа.

ГЭРТЭЭ ХҮҮХДЭЭ ХАРАНГАА ӨӨРИЙН ХОББИГОО ОЛСОН НЬ

Орчин цагт ээжүүд гэртээ зөвхөн хүүхдээ хараад суудаг гэх хэв маяг өөрчлөгдсөөр байна. Ээжүүд хүүхдээ хараад суух хугацаанд өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаж, өөрсдийн хоббигоо хөгжүүлдэг болсны нэг жишээ нь Л.Уранцэцэг юм. Эхэндээ гэр бүл, үр хүүхдийнхээ хажуугаар өөрийнхөө хоббиг таньж мэдэх, хөгжүүлэх, цаашлаад өрх гэрийнхээ санхүүд хувь нэмрээ оруулна гэдэг нь бодсоноос амар байсангүй. Түүнийг гэрийнхээ буланд өөрийн бяцхан урлангаа төвхнүүлэхэд том хүү нь ес, бага хүү нь дөрвөн настай байв. Тэрбээр өдөр нь хүүхдүүдээ харж, гэрийн ажлаа хийдэг байсан бол шөнө л өөрөө өөрийгөө сонсох, дайчлах зав гардаг байжээ.

Youtube хуудсаас хүүхэлдэй хийх бичлэг үзэж үүр цайлган, хатуу шаврыг олон цаг нухсаар гар нь бадайрч мэдээ алдсан үе ч түүнд цөөнгүй бий. Тиймдээ ч түүний ихэнх бүтээлүүд шөнийн цагаар хийгдсэн байна.

Бие дааж шавраар хүүхэлдэй хийж сурах нь амар байгаагүй ч уйгагүй хичээл зүтгэлийн эцэст Л.Уранцэцэг хүмүүсээс захиалга авч, улмаар өөрийн урлантай болтлоо хөгжиж чаджээ. Ерөнхийдөө гар урлал түүнд өөрийгөө сонсох, өөрийгөө хөгжүүлэх боломжийг өгсөн байна.

ӨӨРИЙНХӨӨ АЛДААНААС  СУРАЛЦСААР  САНААНД НИЙЦСЭН ХҮҮХЭЛДЭЙГЭЭ ХИЙЖ СУРСАН

Тэрбээр “Хүүхэлдэй урлаж эхлэхээс өмнө “0-2 настай ээжүүдийн групп”-ийн ээжүүдийн хүүхдүүдийг хүүхэлдэйн дүрээр, өөрсдийг нь ч мөн адил зурж өгдөг байсан. Би хэдийгээр хоёр хүүхдийн ээж болсон ч одоог хүртэл хүүхэлдэйд хайртай (инээв). Тиймдээ ч анх оролдоод үзье гэсэн итгэл төрсөн. Багадаа зурдаг байсан учраас гарын ур дүй бол байсан.

Зургаа биежүүлэхийн тулд хүмүүсийн хэлж заншсанаар ойдог шавар буюу 3D шавраар хүүхэлдэйгээ хийж эхэлсэн бол хүүхэлдэйгээ улам чанаржуулахын тулд төмөр рам зангидаж, биет үүсгээд полимер шавраар хийж эхэлсэн. 

Аниме хүүхэлдэйн дүр төрх надад таалагддаг учраас хүүхэлдэйнийхээ нүдийг аниме нүдээр хийдэг. Хүүхэлдэй урлах нь чимхлүүр нарийн ажиллагаа ихтэй, их хугацаа шаарддаг учраас бие дааж сурахад мэдээж хугацаа их шаардагдсан. Шөнөжингөө бичлэг үзэж, дахин дахин давтсаны үр дүнд ойлголтоо маш сайн авсан. Өдөр шөнийн нойроо солигдтол ахин дахин давтсан. Полимер шавар нь нямбай байхыг их шаарддаг учраас ажиллагаа ихтэй.

Мэдээж эхэндээ өөрийнхөө хийсэн хүүхэлдэйг голно. Өөрийнхөө алдаанаас суралцсаар санаанд нийцсэн хүүхэлдэйгээ хийж сурсан. Болхи, муу хүүхэлдэй хийчхээд хүнээс захиалга авна гэвэл ичмээр шүү дээ. Тиймээс өөрийнхөө санаанд хүрсэн хүүхэлдэйгээ хийснийхээ дараа захиалгаа авч эхэлсэн. Хүүхэлдэйгээ төгс хийгээд, захиалгаа бардам авах шиг сайхан зүйл байхгүй” гэлээ.

ТҮҮНИЙ ПОЛИМЕР ШАВРАН ХҮҮХЭЛДЭЙН АНХНЫ ЗАХИАЛГА “HU” ХАМТЛАГ

-Би хүүхэлдэйнхээ захиалгыг нэг сарын өмнөөс авдаг. Удаан гарцтай цөөхөн бүтээл дарааллаараа гаргадаг. Тэгэхээр сардаа 3-4 хүүхэлдэйний захиалга авдаг гэсэн үг. Полимер шавраар анх хүүхэлдэй хийж эхлэх гээд төмөр багаж, шавруудаа бэлдээд удаагүй байлаа. Тухайн үед надад HU хамтлагийг 3D шавраар хийх захиалга тэдний эхнэрүүдээс нь ирсэн юм. Дэлхийд танигдсан Монгол хамтлагаа урлана гэж бодохоос сэтгэл хөөрөөд чанартай бүтээл гаргачих юмсан гэж их бодсон. Тэгээд чанартай хүүхэлдэй хийнэ гээд өмнө нь оролдож үзээгүй полимер шавраар “HU” хамтлагийг хийхээр болов оо. Угтаа бол би чинь полимер шавраар юу ч хийж үзээгүй, зуухныхаа температурыг ч хэд дээр байлгах, төмөр багажаа яаж ашиглахаа ч мэдэхгүй байж захиалагч хүмүүстээ “3D шавран хүүхэлдэйн үнээр, полимер шавраар хүүхэлдэй хийгээд өгье” гээд хэлсэн.

Гэтэл хүлээн авалтын өмнөх хугацаанд нь яасан ч амждаггүй шүү. Арван хүүхэлдэйнээс ердөө гуравхан хүүхэлдэй хийчихсэн. Захиалга маань "HU" хамтлаг тайзан дээр байгаагаар, тойроод зургаан хүн байхаар дэглэлттэй байсан юм. Хүлээн авалтынх нь өдөр тулаад  эхнэрүүд нь сандралдаад. Би өөртөө хэт бардсандаа уур хүрч уйлаад л. Одоо бодох нь ээ полимер шаврыг арай л хялбараар төсөөлж байсан байна лээ. Угаасаа хугацаандаа амжаагүй нь үнэн юм чинь хийсэн гурван хүүхэлдэйгээ бариад уучлалт гуйхаар хүлээн авалтынх нь газар очоод захиалагч хүмүүстээ үнэнээ хэлэхэд тэд намайг ойлгосон.

Үлдсэн хүүхэлдэйгээ гүйцээж урлаж өгсөн. Өмнө нь полимер шавартай ажиллаж үзээгүй хүн чинь гартаа бээлий өмсөлгүй шавартайгаа ноцолдсоор байгаад гараа түлсэн. Гэтэл нэг өнгийн шаварт хүрсэн гараараа өөр шаварт хүрвэл өнгө хувирах учраас гараа байнга угааж, бээлий өмсдөгийг мэдээгүй байсан. Надад ийм л сургамжтай зүйл болж байсан даа. 

"UKA SUN ART" УРЛАНГ САРЫН ӨМНӨ НЭЭЖЭЭ

Л.Уранцэцэг ажил, амьдрал хоёроо тусад нь салгахын тулд  урлангаа нэг сарын өмнө байгуулжээ. Тус урланд хүүхэлдэй урлахаар бүхий л насны хүмүүс очдог аж. Тухайлбал, 12-16 насны өсвөр насны хүүхдүүд аниме дүрд дуртай учраас өөрөө тухайн дүрээ урлаад  өөртөө авах сонирхолтой хүүхдүүд их байдаг аж. Түүний цаашдын  зорилго нь  полимер шавраар хүүхэлдэйн дүрийг хөгжүүлж өөрийн хүүхэлдэйний онцгойрох дүрх төрхийг гаргахыг зорьж байгаа аж. Мэргэжлийн бус ч гэсэн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө дайчилж яваа гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХөөрхөнХөөрхөн
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж