Туркийн өрөмдлөгийн Фатих хөлөг онгоц Хар тэнгисийн ёроолоос байгалийн хийн томоохон нөөц илрүүлснийг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Бямба гаригт (2020.08.22)-т зарлажээ. Тус хөлөг нь долдугаар сараас хойш Хар тэнгист хайгуул хийж байгаа ба энэ удаа 320 тэрбум шоо метр хэмжээтэй байгалийн хийн нөөц илрүүлсэн байна. Энэ нь тус улсын түүхэнд байгалийн хийн хамгийн том нөөц илрүүлсэн явдал болж байгаа ба өөр бусад хийн нөөц байж ч магадгүй учир хайгуулаа цааш үргэлжлүүлнэ гэв. Уг нөөцийг олборлож эхэлбэл Турк улс нь импортоор эрчим хүч авахаа багасгах ба цаашлаад экспортлогч орон болохыг зорьж байгаа тухай Эрдоган мэдэгдсэн байна.
Турк улс хол ОХУ-ын хувьд байгалийн хийн хамгийн том худалдан авагч улсуудын нэг. Харин дээрх нөөцийг илрүүлснээр ОХУ-ын төрийн өмчийн “Газпром” компани томоохон зах зээлээ алдаж болзошгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Учир нь сүүлийн гурван жилийн хугацаанд ОХУ-аас авдаг байгалийн хийн импортын хэмжээгээ хоёр дахин бууруулсан Турк улс Хар тэнгист байгалийн хийн томоохон орд газар нээн илрүүлснээр алсдаа Оросын түүхий эдээс бүрэн татгалзаж магадгүй байна. Хар тэнгист илрүүлсэн нөөцийг хэвлэлүүд “Туркийн Газпром” ч гэж нэрлэж байна.
Одоогоор Турк улс нь гадаадаас жилд 45 тэрбум шоо метр хий импортолдог, байгалийн хийн импортоос бүрэн хамааралтай улс юм. Турк улсын байгалийн хийн хамгийн том нийлүүлэгч нь ОХУ байсан. Туркээр дамжин өнгөрдөг “Цэнхэр урсгал” хийн хоолойгоор жилд 16 тэрбум шоо метр, 2020 оны эхээр ашиглалтад орсон “Туркийн урсгал” хоолойгоор жилд 31.5 тэрбум шоо метр хийг ОХУ Турк болон Европын өмнөд хэсгийн улсууд руу нийлүүлдэг ба үүний тал хувийг Турк улс худалдан авдаг байв. Гэхдээ “Туркийн урсгал”-ыг ашиглалтад орохын өмнө тус улс Оросоос авдаг хийн хэмжээгээ ихээхэн танаж Азербайжанаас ихэнх нөөцөө авдаг болжээ.
ОХУ-аас Туркт нийлүүлдэг хийн экспортын хэмжээ 2017 онд 30 тэрбум шоо метрт хүрсэн нь хамгийн их үзүүлэлт болсон бол 2019 онд худалдан авалтаа 35 хувиар бууруулснаар хийн нийлүүлэлт 15.5 тэрбум шоо метрт болж буурсан байна. Харин 2020 оны эхний хагаст ОХУ-аас худалдан авах хийн хэмжээгээ 1,7 дахин багасгаж, ердөө 4,7 тэрбум шоо метр болжээ.
Турк улс нь хамгийн ойрдоо 2023 он гэхэд дээрх нөөцийг олборлож эхлэх боломжтой гэж Эрдоган мэдэгдсэн ч мэргэжилтнүүд үүнд 10 орчим жил шаардлагатай гэж үзэж байна. Мөн зарим мэргэжилтнүүд Турк улс уг нөөцийг олборлож эхлэхэд үүнээс илүү хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах учир Оросын “Газпром”-оос тийм ч амархан салахгүй гэж үзэж байна. Тус улс нь Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт мөн хайгуулын хөлөг онгоц илгээгээд байгаа ба тус бүс нутгийн нөөцийг эзэмших асуудлаар Грек улстай маргасан хэвээр байгаа юм. Туркийн хөлөг наймдугаар сарын 11-ний өдөр Крит болон Кипр арлуудын дундах усанд хүрсэн бөгөөд Грекийн тал Туркийн ажиллагааг эсэргүүцсээр байна.
Эх сурвалж: WARSAW INSTITUTE
Холбоотой мэдээ