Аваргуудын лигийн шигшээ тоглолтын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигийн шигшээ тоглолтын эргэн тойронд

Аваргуудын лигийн шигшээ тоглолтын эргэн тойронд

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолт өчигдөр (2020.08.24) Португал улсын нийслэл Лиссабон хотод явагдаж, Германы Байерн Мюнхен баг Францын ПСЖ багийг хожин аварга болсон билээ. Үүнтэй холбогдуулан бид та бүхэндээ тус шигшээ тоглолтыг тойрсон онцлох мэдээ мэдээллийг хүргэж байна.


  • Байерн Мюнхен багийнхаа түүхэн дэх зургаа дахь УЕФА Аваргуудын лигийн цомоо хүртлээ. Тэд хамгийн сүүлд 2012-2013 оны улиралд нутаг нэгт Боруссиа Дортмунд багийг хожин түрүүлж байсан юм. УЕФА Аваргуудын лигийн түүхэнд Реал Мадрид баг 13 удаа түрүүлснээрээ тэргүүлдэг бол тэдний араас Италийн АС Милан баг долоо, Байерн Мюнхен болон Ливерпүүл багууд тус бүр зургаан удаа түрүүлснэээрээ удаалдаг аж.
  • ПСЖ баг 2016 оноос хойш Европын тэмцээнд тоглосон тоглолтдоо анх удаа гоол оруулсангүй. Тэд сүүлийн 35 тоглолтондоо дор хаяж нэг оруулдаг байсан боловч энэ удаа Байерн Мюнхен багт 1-0 гэсэн харьцаатай хожигдсон. Хамгийн сүүлд 2016 оны дөрөвдүгээр сард Манчестер Сити баг ПСЖ багийг 1-0 гэсэн харьцаатай хожиж байсан юм.
  • УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд анх удаагаа шалгарч үзсэн сүүлийн долоон баг хожигджээ. Энэ жил Францын ПСЖ баг түүхэндээ анх удаагаа УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгарсан боловч Байерн Мюнхенд хожигдлоо. Хамгийн анх 1997 онд Германы Боруссиа Дортмунд баг түүхэнд анх удаа УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолтод шалгарч, Италийн Ювентус багийг хожин түрүүлж байжээ. Боруссиа Дортмунд багийн энэхүү амжилтыг одоогоор аль ч баг давтаж чадсангүй.
  • Байерн Мюнхен багийн дасгалжуулагч Ханси Флик УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн тавдахь хөгшин дасгалжуулагч. Түүний өмнө Рэймонд Гоеталс 1993 онд 71 настайдаа Францын Марсель багтай, Юпп Хайнкес 2013 онд 68 настайдаа Байерн Мюнхен багтай, Алекс Фергусон 1999, 2008 онуудад 57 болон 66 настайдаа Манчестер Юнайтед багтай тус тус түрүүлж байжээ.
  • Байерн Мюнхен баг УЕФА Аваргуудын лигийн түүхэнд 500 гоол оруулсан гурав дахь баг болжээ. Тэд яг 500 гоол оруулсан үзүүлэлттэй байгаа бол тэдний өмнө Барселона 517 гоол, Реал Мадрид 567 гоол оруулсан үзүүлэлттэй байна.
  • ПСЖ багийн хаалгач Кэйлор Навас УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолтод хоёр өөр багтай шалгарсан гурав дахь хаалгач болжээ. Түүнтэй адил Байерн Мюнхен, Байер Леверкузен багуудтай шалгарч байсан Ханс-Йорк Батт болон Манчестер Юнайтед, Аяакс багуудтай шалгарч байсан Эдвин ван дэр Сар нар бичигдэж байна.
  • ПСЖ багийн ахлагч, хамгаалагч Тиаго Силва Европын цом болон УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолтын түүхэнд баг ахлан талбайд гарсан анхны Бразил тоглогч болжээ.
  • Барселона баг Английн Ливерпүүл багт 5 сая евро өгөх болж байна. Учир нь Барселона баг Ливерпүүлээс Филипе Коутиньог худалдан авахдаа “Хэрэв Коутиньо УЕФА Аваргуудын лигт түрүүлвэл Ливерпүүл багт бонус болгон 5 сая евро өгнө” гэх заалт байжээ. Барселона баг улирлын эхэнд Коутиньог Байерн Мюнхен баг руу зээлээр явуулсан юм. Гэвч дээрх гэрээнд “Барселона багтай хамт түрүүлсэн тохиолдолд” гэх заалт байхгүй учир Барселона гэрээнд заасныхаа дагуу бонусаа өгөх болж байна.
  • УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолтын хуурамч бичлэгийг онлайнаар 11 мянга гаруй үзэгчид үзэж хууртжээ. Нэгэн стриймер залуу 2017 оны ПСЖ болон Байерн Мюнхен багуудын тоглолтыг УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолт гэж зарлан үүнийг нь 11 мянга гаруй хүн шууд үзсэн байна.
  • Энэ жилийн шигшээ тоглолтонд хожлын гоолыг оруулсан өдгөө 24 настай Кингсли Коман жил бүр цом хүртдэг гэсэн сүрдэм амжилтын эзэн болжээ. Тэрбээр одоогийн байдлаар 20 цом хүртээд байна. Мөн Кингсли Команы хувьд Францын ПСЖ багт хүчин зүтгэдэг байсан ч түүнийг баг нь үнэгүй чөлөөлсөн юм. Харин тэр өчигдөр ПСЖ багийн хаалганд хожлын гоол оруулсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж