"Дэлхийн шилдэгүүдийг хожиж, аварга болсондоо баяртай байна" | News.MN

"Дэлхийн шилдэгүүдийг хожиж, аварга болсондоо баяртай байна"

"Дэлхийн шилдэгүүдийг хожиж, аварга болсондоо баяртай байна"

"Дэлхийн шилдэгүүдийг хожиж, аварга болсондоо баяртай байна"

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 17 хүртэлх насны дэлхийн ур чадварын онлайн тэмцээнд багаараа түрүүлж, тухайн тэмцээнийхээ "Үнэ цэнэтэй тоглогч"-ийн шагналыг хүртсэн Ганцолмонгийн Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр Орхон аймгийн тавдугаар 10 жилд суралцдаг. 


-Юуны өмнө дэлхийн аваргад багаараа түрүүлсэнд баяр хүргэе. 

-Баярлалаа.

-Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах ур чадварын тэмцээн энэ удаад ямар онцлогтой байв?  

-Сая зохион байгуулагдсан тэмцээн бол Монгол Улсын оролцсон анхны Skill Challenge буюу ур чадварын дэлхийн аваргын шалгаруулах тэмцээн. Эхлээд Азийн аврага шалгаруулах тэмцээнд орж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.

-Онлайн тэмцээнд оролцсон гэхээр уншигчдад их сонирхолтой санагдах байх. Ямар дүрэм, журмаар зохион байгуулагдсан бэ?

-Таван хүний бүрэлдэхүүнтэй баг цагтай уралдаж нэг хүн дээд тал нь зургаан оноо авах боломжтой. Авсан зургаан оноогоо секундээсээ хасч, аль бага оноотой нь хождог дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, хурдан бөгөөд төгс дамжуулалт, шидэлт, залалтыг гүйцэтгэх хэрэгтэй.

-Баг нь хэрхэн бүрдсэн бэ. Өмнө нь хамт баг болон тоглож байв уу ?

-Багийнхандаа маш сэтгэл хангалуун байдаг. Энэ тэндээс нэгдсэн зургаан хүүхдүүд нэг баг хамт олон болсон. н.Баяртогтох, М.Чинхутаг, н.Пүрэвдорж, Э.Энхтэмүүлэн, Б.Ган-Эрдэнэ гэх хүүхдүүдтэй нэг баг болж оролцсондоо баяртай байна. Өмнө нь аймгийнхаа багт Баяртогтохтой хамт тоглож байсан бол бусад хүүхдүүдтэй нь өрсөлдөгчид байснаас нэг баг болон тоглож үзээгүй.

-Хэн багшийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг вэ. Сагсан бөмбөгт хэр сонирхолтой байсан бэ?

-Анх хөлбөмбөг тоглодог байсан учир сагсан бөмбөгийг огт сонирхдоггүй байлаа. Манай ах сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Анх аймгийн аварга шалгаруулах тэмцээнээр ахынхаа тоглолтыг үзээд, гадаа талбайд тоглож байлаа. Эрдэнэт хотын тавдугаар 10 жилийн Нармандахын Наранбаатар багшийн удирдлага дор сагсан бөмбөгөөр хичээллэн тэмцээн, уралдаануудад оролцож, амжилтын гараагаа эхэлсэн гэж хэлж болно.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгчид аль улсын шигшээ багууд байсан бэ. Европ, Өмнөд Америк, Африк гээд олон улсын шигшээ багуудтай өрсөлдлөө?

-Тэдэн дундээс Ираны шигшээ баг л хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Азийн аварга шалгаруулах тэмцээнд таарч, манайх 113-128 гэсэн харьцаатай хожигдож, нэг хожигдолтой болсон. Гэхдээ бусад бүх тоглолтууддаа хожиж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч чадсан.

-Шигшээ тоглолт ямар болов. Цагтай уралдахын хажуугаар шидэлт болон дамжуулалтаа оновчтой болгоно гэдэг их хэцүү шүү дээ?

-Шигшээ тоглолт ер нь их амархан байсан. Эхнийхээ оролдлогоор л амжилттай оноогоо авч чадаж байсан учир тэр байх. Миний хувьд эхний хэдэн тайлан тоглолтод оролцоогүй. Манай багийнхан энэ хүртэл явахад маш том туслалцаа үзүүлсэн.

-Энэхүү тэмцээний MVP буюу "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгаран, дэлхийд нэрээ гаргалаа. Дэлхийн олон тамирчдын дундаас шилдэг нь боллоо. Сэтгэгдэл хэр байна вэ? 

-Их гоё, баяртай байсан. Үнэ цэнэтэй тоглогч болно гэж бодоогүй ч баг хамт олныхоо хүчинд шилдэг нь боллоо. Багийнхандаа, багш нартаа баярлалаа.

-Чухал тоглолтуудын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэв. Айж, сандарч байв уу?

-Тэмцээнийг тэмцээн гэдэг утгаар нь биш зүгээр бэлтгэл гэдгээр нь хүлээн авч, өөртэйгөө маш сайн ярилцах нь надад маш үр дүнтэй байдаг. Тиймээс нэг их айж, сандраагүй ээ.

-Ах тань сагсан бөмбөгөөр хичээллэдэг шүү дээ. Ахыгаа хождог уу?

-Бараг хождоггүй дээ. Гэхдээ цаашдын зорилго бол ахаасаа илүү болох.

-Сагсан бөмбөгийн спортоор хэзээнээс эхлэн хичээллэж эхэлсэн бэ?

-Яг секц дугуйлан гэвэл наймдугаар ангиасаа Нармандахийн Наранбаатар багш дээрээ хичээллэж эхэлсэн. Тэрнээс өмнө зүгээр гадаа талбайд тоглодог байсан.

-Гэр бүлээ танилцуулаач. Ах, дүү хоёр сагсан бөмбөгчийг аав, ээж нь их дэмжинэ биз?

-Тийм ээ. Манай гэр бүл спортын талаас их ойлгож дэмждэг шүү. Гурван хүүхдээ спортоор хичээллүүлэхийг зорьдог. Манай аавыг Дугарсүрэнгийн Ганцолмон, ээжийг маань Хандоржийн Болормаа гэдэг. Хоёулаа инженер мэргэжилтэй. Харин ахыг минь Г.Ган-Эрдэнэ гээд одоо Америкт сагсан бөмбөгөөр суралцаж буй Монголын 3×3 сагсан бөмбөгийн U23 шигшээ багийн тамирчин. Дүү Г.Бат-Эрдэнэ бас л сагсан бөмбөгөөр хичээллэдэг.

-Та ямар тамирчдаас үлгэр дууриалал авдаг вэ? 

-Ахаасаа үлгэр дууриалал авдаг. Мөн үеийнхээ хүүхдүүдээс их суралцдаг. Энэ хүүхэд чадаж байхад би яагаад чаддаггүй юм гэсэн байдлаар өөрийгөө хурцалдаг.

-Цаашдаа ямар тэмцээн уралдаан хүлээж байна? 

-Сая ур чадварын тэмцээндээ амжилттай оролцсон болохоор Азийн 5×5 сагсан бөмбөгийн эрхээ авсан гэж хэлэхэд болно. Одоо тэр тэмцээндээ амжилттай оролцоно гэж бодож байна.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Хичээл, бэлтгэл гэж л өнгөрдөг үү?

-Яг тэгдэг. Хичээлдээ яваад, бэлтгэлээ хийгээд. Бэлтгэлгүй өдөр найзуудтайгаа компьютер тоглоом тоглодог. Эсвэл байрныхаа гадаа шийдэн дээр сагс тоглож өнждөг дөө. Хичээл орж буй үед давтлагатай учраас оройн цагаар 17:00-20:00 цагийн хооронд бэлтгэлээ нэг удаа хийдэг. Хотод ирсэн үедээ Хандгайтад өдрийн гурван бэлтгэл хийдэг. Өглөө нь шидэлтээ давтаж, өдөр нь хувилбар комбинацаа давтаж байгаад оройн бэлтгэл дээрээ хоорондоо хувилбараа давтаж тоглодог.

-Тамирчин Г.Болор-Эрдэнэ, сурагч, энгийн Г.Болор-Эрдэнэ хоёрын гол ялгаа нь?

-Өөртөө итгэх итгэл юм даа. Сагсан бөмбөг тоглохоор илүү өөртөө итгэлтэй болдог.

-Их том зорилго, мөрөөдөл тээж явдаг байх. Түүнээсээ хуваалцахгүй юу?

-Олон зүйл зорилгоо болгохоос илүү час хийсэн ганц л зорилготой байдаг. Тэр нь ахаасаа илүү болох юм.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж бодож байна вэ. Аав ээжийнхээ мэргэжлийг эзэмших үү?

-Миний мөрөөдөл бол онгоцны нисгэгч болох. Гэхдээ одоогоор яг ямар мэргэжилтэй болохоо сайн шийдээгүй байна. Удахгүй шийднэ.

-Өөрт тань хэн чухал зөвлөгөө өгдөг вэ?

-Аав, ээж, ах гурав их чухал зөвлөгөө өгдөг. Тэмцээн болохын өмнө ах маань ажиглаж тоглоорой гэж их захидаг.

-Өөрийгөө гурван үгээр тодорхойлооч? 

-Шартай, өөртөө итгэлтэй. Ах аа, ах аа гээд байхаар ах нар "пялдага" гэдэг (инээв).

-Өөртөө байнга хэлж, өөрийгөө зоригжуулдаг үг бий юу? 

-Манай ах надад ярьсаар байгаад тэр нь ах бид хоёрын бараг зарчим болсон гэх юм уу даа. Бага багаар ч хамаагүй урагшил, мөлхөөд ч хамаагүй урагшил гэж ярьдаг. Энэ үг их толгойд орж ирдэг.

-Сагсанбөмбөг тоглохоос гадна өөр хобби бий юу?

-Бий. Түрүүн хэлсэнчлэн найзуудтайгаа компьютер, плэйстейшен тоглох дуртай. Мөн бөөнөөрөө нийлээд бэлтгэл хийх дуртай. Хүмүүс компьютер тоглоом гэхээр донтдог гэх байх. Гэхдээ ухамсартай байвал донтоно гэх зүйл байхгүй шүү дээ. Найзуудтайгаа хамт цагийг зугаатай өнгөрүүлэх л нэг арга.

-Баярлалаа. Амжилт хүсье.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-25 202.9.46.252

sags hurtel online aar toglodog bolchih gej

Avatar

Зочин 2020-08-25 202.21.105.26

Хөөрхөн гэгээлэг ярилцлага байна. Амжилт хүсье

Avatar

Зочин 2020-08-25 202.170.70.27

мундаг байна аа, амжилт хүсье

Avatar

Зочин 2020-08-25 103.111.68.3

Сайн хүүд амжилт хүсэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж