УИХ-ын Дэгийн тухай хуулийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын Дэгийн тухай хуулийг хойшлууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Түүнд төсөл санаачлагч хуулийн төслөө танилцуулахгүй бол татан авсанд тооцохоор заасан байна. Хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Өнгөрсөн пүрэв гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл хэлэлцэх болоход төсөл санаачлагч орж ирэхгүй хуралдааныг гацаасан. Үүнийг зохицуулах зорилготой төсөл” гэв.

УИХ-ын гишүүн Су.Батболд: УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө таван сар үлдлээ. Нэг хоёрхон асуудал тохиолдонгуут Дэгийн хуулиа өөрчилдөг байж таарахгүй. УИХ-ын дэгийн хууль тогтвортой мөрдөгддөг байх ёстой. Асуудал янз бүрийн шалтгаанаар гарч ирдэг. Тэр бүгдийг зохицуулахын тулд Дэгийн хуульдаа өөрчлөлт оруулаад байвал бүх юмыг гарах гарцгүй болгож, парламентын ардчиллыг хаана. Тухайн өдрийн байнгын хорооны хуралдаан хагас өдөр хойшилсон нь бүлэг хуралдаж байсантай холбоотой. Дээр нь хоёрхон гишүүнтэй энэ хуулийг хэлэлцэхийг эсэргүүцэж байна. Олон талаас нь ярих ёстой асуудал учраас ирцээ сайн бүрдүүлж хуулийг хэлэлцмээр байна” гэв.

Харин төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр “УИХ асуудлыг олонхийн саналаар шийддэг. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Бүрэн эрхийнхээ дагуу оруулж ирсэн. Зохицуулалтгүй байсан учраас асуудал үүсч хурал гацсан. Батлах уу, үгүй юу гэдэг нь УИХ-ын олонхиор шийднэ” гэв.

Улмаар УИХ-ын гишүүн Су.Батболдын гаргасан “Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулъя” гэсэн санал дэмжигдсэн учраас төслийг ирэх долоо хоног хүртэл хойшлуулахаар боллоо.

Хуулийн төсөл дэмжигдэхэд Н.Батбаяр гишүүн өөрөөсөө гадна эзгүй байсан зургаан ч нэр бүхий гишүүний кнопыг дарсан нь нөлөөлсөн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Г.Батхүү нарын өмнөөс кнопыг нь дарсан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей мөн дэмжих кноп дарсан юм.

Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. Энэ нь УИХ-аас баталсан Сонгуулийн хуультай холбоотойгоор оруулсан өөрчлөлт аж.

Үүнд төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байх. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх зохицуулалт аж.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Бакей, Н.Энхболд нар санаачилжээ. Төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон.

Мөн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

Төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр санаачилсан байна. Үүнд санал асуулгыг явуулах бол олон асуулттай байж болохоор, мөн санал асуулгыг цахимаар хийж болохоор заасан аж.

Онцлоход, энэ өдрийн байнгын хорооны хуралдаан нь байнгын хорооны даргаа оролцуулаад гурвуулаа хуралдлаа. Хуулийн төслүүд дэмжлэг хүлээхэд Н.Батбаяр гишүүн өөрөөсөө гадна эзгүй байсан зургаан ч нэр бүхий гишүүний кнопыг дарсан нь нөлөөлсөн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Г.Батхүү нарын өмнөөс кнопыг нь дарсан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлээд байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж