Эрүүл хооллоход илүү зардал гарахгүй

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Эрүүл хооллоход илүү зардал гарахгүй

Эрүүл хооллоход илүү зардал гарахгүй

Өнөөдөр манай улсын нийт хүн амын дунд таргалалт газар авч, гурван хүн тутмын нэг нь байх ёстой жингээсээ илүү жинтэй, хэт таргалалттай болон таргалалттай  байгаа ажээ. Таргалалт улам залуужиж, хүүхдүүд буруу эрхэлж, буруу тансагласнаас таргалах болсон нь олон ээж, аавын санааг зовоож байгаа юм. Таргалалт, илүүдэл жинг хүмүүс голчлон хөдөлгөөний дутагдал, суугаа ажлын онцлогтой холбон тайлбарладаг ч таргалалтын хамгийн ноцтой шалтгаан бол буруу хооллолт, хэт их идэх дуршил юм гэж “Esoteric” компанийн гүйцэтгэх захирал Б.Цэцгээтэй ярилцлаа.

-Хүмүүс, тэр дундаа охид бүсгүйчүүд таргалалтаас айж, эмээдэг хэрнээ сэргийлж огт чаддаггүй. Таргалалтаас сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд юунд анхаарах ёстой вэ?

-Анзаараад байхад монгол хүмүүс 35-аас дээш насандаа огцом таргалдаг. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч гэнэт ихээр таргалж, гүзээ суусан байдаг. Энэ нь хооллолтоос шууд хамаардаг. Таргалсан шалтгаанаа  хөдөлгөөн бага, суугаа ажил хийдэг гэдгээр шалтагладаг. Мөн жирэмсэн, хүүхэд тээж байх үеийн таргалалт болон төрсний дараах үед маш их хэмжээгээр таргалдаг. Гэтэл үнэндээ бол хооллолтоос болж таргалсан нь түгээмэл. Та бидний өдөр тутам идэж буй түмпэн түмпэн хоол таргалалтын гол шалтгаан байдаг юм. Өглөө гэрээсээ өлөн  гарах хэрнээ өдөр, оройдоо хэт их хэмжээгээр хооллож байгаа нь харамсалтай. Хэдийгээр өдөрт хоёр удаа л хооллож байгаа гэх боловч авах ёстой илчлэгийн хэмжээ нь 4-5 дахин илүү байдаг.  Монголчуудын уламжлалт хоол болох цуйван, гурилтай шөл, будаа, шар төмс,  талх, нарийн боов зэрэг хоол хүнс бол маш өндөр илчлэгтэй бүтээгдэхүүнүүд юм. Эдгээр хоол хүнсээ зохистой хэрэглээнд оруулахгүй бол монгол хүний дундаж наслалт бусад улс орныхоос бага хэвээр байх юм.

Ингээд бодохоор таргалахаас айхаасаа илүү эрүүл мэндээ алдахаас айдаг байх хэрэгтэй юм. Элэгний С вирус, бөөрний архаг дутагдал, шээсний замын архаг үрэвсэлтэй хүмүүсийн хоол хүнсний хэрэглээ зохистой хэмжээнд байдаггүйг эмч нар тогтоосон байдаг. Эмэгтэйчүүдийн цэвэршилт эрт тохиож байгаа нь ч мөн буруу хооллолтоос үүдэлтэй юм. Тиймээс хоол, хүнсээ зохистой хэлбэрт оруулахгүй байж гэмээнэ үхэл рүүгээ ойртож байна гэсэн үг. Чанга сонсогдож байж мэдэх ч энэ бол үнэн.

-Эрүүл хооллолт гэхээр хүмүүс хербалайфтай бүтээгдэхүүн хэрэглэх нь гэж андуурах нь бий. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг л зөв хооллох гэж боддог шүү дээ?

-Эрүүл хооллолт гэдэг ойлголтыг анх хербалайф компани түгээсэн төдийгүй тус компанийн маркетинг эрүүл хооллолтод чиглэж байснаас хүмүүс тийн ойлгодог. Гэвч би хербалайфын бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв шийдэл гэж хэлж чадахгүй. Учир нь та тухайн үедээ турж болох ч бүтээгдэхүүнийг нь байнга хэрэглэхгүй бол эргээд таргалах магадлал маш өндөр. Эсвэл насан туршдаа сарын 500-600 мянган төгрөг  зарцуулан хэрэглэхээс аргагүй хараат байдалд ордог. Тиймээс эдийн засгийн хүндрэл гардаг. Гэтэл хербалайфын бүтээгдэхүүнүүд таны эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэйг судалж үздэггүй. Турах зорилгоо эхэнд тавиад эрүүл мэндээ арагш тавьснаас болж, нэмэлт бүтээгдэхүүн шүтэхэд хүрч байна. Энгийн хоол хүнснээсээ өдөрт шаардлагатай уураг, өөх тос, макро микро элементүүдийг хэрхэн авах гэдгийг огт боддоггүй. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй л бол хэрэгтэй эрдэс бодисоо авч чадахгүй гэж ойлгодог, тэгж ч ойлгуулдаг. Гэтэл мах, махан бүтээгдэхүүн, сайн чанарын өөх тос, хүнсний олон төрлийн ногоо, жимс, жимсгэнэд  үржил шимт  бодисууд хангалттай бий.

-Хооллолтоос болоод таргалдаг гэнгүүт хүмүүс турахын тулд бага идээд, өлсөөд явах нь бий. Хоолноос болоод таргалаад байгаа юм чинь бага идье гэж боддог. Мөн өглөө өлөн гарах муу гэдгийг олонтаа сонссон боловч  өглөө эрт  юм идэж чадахгүй, цатгалан мэдрэмж төрөөд байдаг. Тэгэхээр зохистой зөв хооллолт гэж чухам юуг хэлээд байна вэ?

-Турна гэдэг хүслийг бодлынхоо тэргүүнд бус ард нь тавьчих гэж хэлмээр байна. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд эрүүл хооллоод эхэлмэгц   турна гэдэг  асуудла биш. Хүний бие организмд байх ёстой хэвийн хэмжээ гэж бий.  Эрүүлээр хооллоод дээр нь хөдөлгөөн нэмэхээр бие организм аяндаа зохицуулаад хэвийн байх ёстой жинд очдог.  Өлсөж турна гэдэг маш аюултай. Хоол хүнснээс авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй болохоор машины бензин, гар утасны цэнэг дуусч унтардаг шиг зүйл тохиолдоно л гэсэн үг. Эрүүл хооллолтын зарчмаар бол хүн өдөрт 4-6 удаа хооллох ёстой. Ингэж гэмээнэ өлсөж, ядрахгүй. Эрүүл хооллолтод шилжих үед өмнөх хэрэглээгээ санаж үгүйлэх нь бий.  Зарим хүмүүс нэг төрлийн бүтээгдэхүүн дагнаж хэрэглээд турлаа гэдэг. Алим, эсвэл тараг уусаар байгаад 10 хоногийн дотор жин хаслаа гэдэг. Гэтэл тэрхүү 10 хоногийн буруу хэрэглээний үр дүн 10 жилийн дараа бие организмд илэрнэ гэдгийг ойлгодоггүй.

Өглөөний хоол иддэггүйгээс цөс өтгөрөх, улмаар чулуужих аюул нүүрлэдэг. Өглөө босоод аяга ус уучихаад халбага хоол идээд гарахад цаг их орохгүй. Эсвэл цүнхэндээ нэг банана хийгээд гарахад л болно. Эдийн засагт ч онцгой нөлөө үзүүлэхгүй.  Хүнсний овъёос  л гэхэд кг нь 1300 төгрөг байдаг. Нэг кг овъёос 15-20 хоног иддэг. Өглөө аяга усандаа ганц халбага хивэг хийж  уухад цөсний өтгөрөлтөөс сэргийлж чадна. Тиймээс өглөөний хоолыг алгасч болохгүй.

-Монгол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ тун цөөн бүтээгдэхүүнд эргэлдэж байдаг. Мах, гурил, хүнсний ногоо, тэр дундаа төмс. Эдгээрийн болих гэхээр чухам юугаар орлуулахаа хараахан мэддэггүй. Мэдсэн ч жимс болоод нарийн ногоонууд илүү өндөр үнэтэй байдгаас хүмүүс эрүүл хооллож чадахгүй байна уу гэж санагдах юм. Хүүхдийг багаас нь бор хоолонд орох үеэс нь эрүүлээр хооллож сургах хэрэгтэй санагддаг?

-Хүүхдийг бор хоолонд орох үеэс эрүүл хооллоно гэдэг маш зөв санаа шүү. Монгол хүүхдүүд бантан идэж өсдөг. Ээж нар хүүхэддээ  өөрийнхөө хэрэглэж буй давсны хэмжээгээр  амтлаад хүүхдүүддээ бантан хийдэг. Гэтэл хүүхэд эхийн сүүнээс шууд том хүний жороор амталсан хоол идэж эхэлдэг. Энэ бол буруу хооллолтын анхны алхам. Гэтэл  мах гурилаар бантан хийхийн оронд хулуу, цэцэгт байцаа, хаш зэрэг нарийн ногоонуудыг холигчид хийж, амтлаад хүүхдэд өгөхөд маш дуртай иддэг.

Та Монгол хоолыг нэрлээд үз дээ. Цуйван, гурилтай шөл, будаатай шөл, будаатай хуурга, бууз, хуушуур гээд цөм үр тариа, буудай, гурил, гурилан бүтээгэдхүүн ордог. Эдгээрийн хэрэглээг л багасгах хэрэгтэй. Гэтэл өдөрт идэж буй хоол, хүнсний 83 хувь нь жимс, жимсгэнэ, ногоон өнгийн ногоонууд байх ёстой байдаг. Сайн чанарын уургийг бол махнаас авчихдаг.

Хүн өдөрт 6 гр давс хэрэглэх учиртай. Гэтэл ресторан, зоогийн газрууд хоолондоо давсыг атга, атгаар нь хийхийн дээр маш олон төрлийн амтлагч хэрэглэдэг. Гэтэл амтлагч болгонд давс орсон байдаг. Ууж буй усанд хүртэл байгалийн давс агуулагдаж байдаг. Энэ бүхнээс үүдэн монгол хүний өдөрт хэрэглэж буй давсны хэмжээ 15 гр-д хүрчихээд байна. Үүнийг  ядаж 11 гр болгоё гэсэн уриалгыг мэргэжлийн байгууллагууд гаргаад байгаа.

-Эрүүл хооллохын тулд илүү их зардал гаргахгүй гэж түрүүн хэллээ. Гэтэл өнөөдөр манай улсад нарийн ногоо, жимс, жимсгэнэ өндөр үнэтэй байгаа шүү дээ?

-Дахиад ч хэлье. Эрүүл хооллоход илүү  зардал гаргахгүй. Барс болоод бусад хүнсний зах дээр хүнсний нарийн ногоонууд харьцангуй хямд үнэтэй байдаг. Кг нь 8,10,20 мянган төгрөг гэхээр 1500 төгрөгийн шар төмс маань хямдхан, хөөрхөн харагдаж мэднэ. Гэтэл нарийн ногоо хөнгөн байдгаас 5 кг төмс авах мөнгөөр зөндөө их нарийн ногоо авна. Бууцай, цэцэгт байцаа, лууван, өргөст хэмх, улаан лооль зэрэг бүтээгдэхүүнээр төмс, гурилан бүтээгдэхүүнийг орлуулан хооллож болно шүү дээ.

-Чихэр шоколад таргалуулах уу?

-Таргалуулалгүй яахав.

-Шоколад байнга иддэггүй хүмүүс тарган байхад байнга шоколад иддэг нь туранхай байдгаас эргэлзээ төрдөг л дөө?

-Хүн хүний бие организм харилцан адилгүй.  Ер нь бол шоколад хэзээ ч хоол болохгүй. Шоколад идээд 500 ккал илчлэг авчихсан хэр нь өлссөөр байх нь бий. Энэ бол шоколад илчлэг өндөртэй хэр нь шим тэжээл, эрдэст бодис агуулдаггүйн баталгаа юм. Чихэр, шоколаднаас асар их нүүрс ус цус руу шахагдаж, биед өөх болж хуримтлагддаг. Жимс таргалуулдаггүй гээд их хэмжээгээр идээд байж болохгүй. Банана, усан үзэм, хатаасан үзмэнд асар их сахар далд хэлбэрээр агуулагдаж байдаг.

Бүсгүйчүүд маань баяр болгоноор тэнтийтлээ идчихээд сарын дараа төрсөн өдөр болно гээд гэнэт ихээр жин хасдаг. Энэ бол эрүүл мэндээрээ тоглож байна л гэсэн үг.

-Эрүүл хооллолт, чийрэгжүүлэлтийн төвөө нээх болсон шалтгаан юү вэ. Яагаад “Crossfit07” клубыг нээх болов?

-Клуб нээх болсон шалтгаан маш энгийн. Илүүдэл жингээ хаях гэж хичээж байгаа, хэт таргалалттайгаа тэмцэхийг хүссэн хүмүүст туслахыг тулд энэ клубыг нээсэн. Харамсалтай нь,  зорилтот бүлгийн хүмүүс ирэх нь цөөн байна. Яагаад гэвэл тарган хүмүүс сэтгэл гутралд орчихсон, өөрийгөө нийгмээс тусгаарлачихсан хүмүүс байдаг. Тиймээс манай эрүүл хооллолтын төвд илүүдэл жингүй, таргалсан ч байлаа ч бага хэмжээний илүүдэлтэй, жавхаалаг хүмүүс ирж байна. Бүсгүйчүүд төдийгүй эрчүүд ч их арчаатай, илүүдэл жингээ хаях хүсэлтэй  болжээ.

-Тарган хүмүүс зөвхөн эрүүл хооллосноор турах уу. Дасгал хөдөлгөөн хийхгүйгээр үр дүн гарах уу гэж асуух гээд байна л даа?

-Эрүүл хооллох дадал эзэмшсэнээр хүссэн хэмжээгээрээ турж болно. Хангалттай турна. Гэхдээ турсны дараа арьс унжих асуудал үүсдэг. Тиймээс бид хүмүүст эрүүл хооллолтыг зааж зөвлөхийн дээр хөдөлгөөнийг нь хавсарган  хичээллүүлж байгаа. Хувь хүний мэрийлт, хүчин чармайлт, хичээл зүтгэл, өөртөө итгэх итгэл найдвараас их зүйл хамаарна.

-Танай клубт хичээллэснээр сард хэдэн кг турах боломжтой вэ?

-Сард зургаан кг бол асуудалгүй. Би таван хүнтэй хоёр сар орчим ажиллахад тэдгээр хүмүүс нийтдээ 50 кг хаясан. Зарим хүмүүс богино хугацаанд их хэмжээгээр турах гэж яардаг. Сарын дотор 15-20 кг турахыг хүсдэг. Гэтэл энэ нь биед харш нөлөөтэй гэдгийг ойлгодоггүй.

-Ярилцлагынхаа төгсгөлд турах, эрүүл хооллох хүсэлтэй хүмүүст хандаж юү хэлэх вэ?

-Хүмүүс  аз жаргалыг үр хүүхэд, хань ижил, аав ээж, гэр бүл, найз нөхөд, хийж буй ажил, урмын сайхан үгнээс авахын зэрэгцээ хамгийн чухал зүйл нь өөртөө итгэлтэй, хүссэн хувцсаа өмсөөд хэний ч өмнө итгэл дүүрэн алхах юм. Гэтэл илүүдэл жинтэй хүмүүс ингэж чадахгүйгээс сэтгэл гутрал ихтэй байдаг. Зөвхөн баяр ёслолоор гоёлын даашинзаа өмсөх гэж турах биш насан туршдаа, амьдралынхаа туршид өөдрөг байхын тулд зөв хооллолтыг сонгоорой. Гурван оронтой тоо бүхий жинг бууруулна гэдэг амаргүй. Гэвч та бүхэн чадна, учир нь би бас чадсан юм.

ЯРИЛЦСАН Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж