Д.Сарангэрэл: Айраг дагасан аялал жуулчлалын анхдагч нь Булган аймаг болно

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл: Айраг дагасан аялал жуулчлалын анхдагч нь Булган аймаг болно

Д.Сарангэрэл: Айраг дагасан аялал жуулчлалын анхдагч нь Булган аймаг болно

Бүгд Найрамдах Колумб Улсын Богота хотноо 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-гийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталсан билээ.

Айраг төст ундаагаа соёлын биет бус өвд бүртгүүлэхээр Халимаг, Казах, Киргиз зэрэг улсууд мөн хурлаар орж манай улстай өрсөлдсөн. ЮНЕСКО-гийн 187 орноос төлөөлсөн 25 орны Удирдах зөвлөлийн гишүүдэд “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, түүний зан үйл”-ийг танилцуулж, айраг исгэдэг дээрх орнуудаас Монгол Улсын хөхүүрийн айргийн ялгарах давуу талуудыг ойлгуулж чадсанаар "Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл" нь дэлхийд ганцхан, тэр нь Монголд байгааг ЮНЕСКО баталсан.

Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага юм. Тухайн өвийг цаашид хадгалж, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад Монголын ард түмний үүрэг оролцоо чухал билээ.

Энэ хүрээнд “Айргийн баяр” арга хэмжээг Булган аймгийн Сайхан сумын нутагт өнгөрөгч амралтын өдөр (2020.08.22) БОАЖЯ болон Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа. Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, С.Ганбаатар, Ц.Анандбазар, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Чойжамц, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нар болон аймгийн удирдлага, сумын иргэдийн төлөөлөл оролцлоо.

 АЙРАГНЫ  БАЯРАА БРЕНД БОЛГОЖ ЧАДСАН БУЛГАНЧУУД

Энэхүү баяр нь ардын уламжлалт ёс, зан үйлийг сэргээх, ард түмэнд соёлын өв, уламжлалт мэдлэг арга ухааныг дэлгэрүүлэх, хөхүүрт айраг исгэж хэрэглэдэг уламжлалт арга, ёсыг сэргээн хөгжүүлэх ач холбогдолтойг албаныхан тодотгов. Цаашлаад дэлхийн “ундаа” айраг бүтээгдэхүүнийг дагасан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойг БОАЖЯ онцолж байна.

"Айрагны баяр" энэ жил тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа боловч соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэнээс хойш анх удаа Булган аймгийнхан брэнд бүтээгдэхүүнийхээ баярыг хийж буй нь энэ. Булган аймгийн Сайхан сумынхан айргаа сайхан болгохын тулд хөрөнгөө өвөрмөц аргаар гарган авдаг. Тухайлбал, Хусран гүүний халуун саамыг айргийн ширэн борвинд хийж, халуун өдөр моринд ганзагалан давхихад уг саам зайлагдаж өөрөө иснэ. Намрын айрганд сайтар цэвэрлэсэн ахрын эсгийг хийж, 15-20 хонуулаад авч, сүүдэр газар хатаан салхи орохгүйгээр битүүлэн хадгалж хойд жил нь халуун сааманд хийж бүлээд, хөрөнгө гаргаж авдаг аж.

Дэлхийд шар айргаараа алдартай германчууд жил бүр шар айрагны баяр зохион байгуулж, дэлхийн өнцөг булан бүрээс 7.5 сая гаруй хүн очиж, тус эвентээс 1.5  тэрбум ам.доллар олдог аж. Бид ч бас соёлын өвд бүртгэгдсэн айргаа цэвэр байгалийн гаралтай, экологид хор хохиролгүй, хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэдэг утгаар нь алдаршуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтойг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл онцоллоо.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор тусгасан. Мөн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Монгол Улс тогтвортой нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болох томоохон зорилт тавьсан. Булган, Төв, Архангай, Өвөрхангай, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм.

Айраг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд бүрэн бий. Үүнийг анхдагч нь Булган аймаг байх нь гарцаагүй. 2020 онд БОАЖЯ Булган аймагт "Хөхүүрийн айргийн соёлын өргөө" байгуулна. Соёлын  биет бус өвд бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл”-ийг залуу хойч үедээ өвлүүлэх, Соёлын өв залгамжлагчдыг олноор бий болгоход энэ өргөө онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Аливаа өв түүх, соёлын төдийгүй эдийн засгийн гээд олон талын ач холбогдолтой” гэлээ.

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХӨХҮҮРИЙН АЙРАГ БЭЛТГЭДЭГ 238  ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ БИЙ

Монгол Улсад ирж буй нийт жуулчдын 46 хувь нь нүүдлийн соёл ахуйг сонирхохоор ирдэг гэсэн судалгаа байдаг. Улсын хэмжээнд хөхүүрийн айраг бэлтгэдэг 238 орчим өвлөн уламжлагч байгаа нь тун чамлахаар тоо юм.

Тиймээс өвлөн уламжлагчдыг нэмэгдүүлэх шаардлагатайг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан хэллээ. Тэрбээр “Соёл гэдэг өөрөө хэрэглээ болж өвлөгддөг. Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд “Айргийн баяр”-ын ач холбогдол маш өндөр юм. Айргийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ том алхам болно. Цаашдаа олон улсын эвэнт болгохын төлөө БОАЖЯ ажиллана.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан:

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд БНСУ-ын Засгийн газрын 5,5 тэрбум воны буцалтгүй тусламжаар “Аялал жуулчлалын мэргэжлийн сургалтын төв” байгуулахаар болсон. Сургалтын төв 2023 онд ашиглалтад орно. Энэхүү сургалтын төв байгуулагдсанаар аялал жуулчлалын салбар мэргэжилтэй мэргэшсэн боловсон хүчин, ур чадвартай ажилтнаар хангагдаж, үйлчилгээний хүртээмж, чанарын түвшин дээшилж, аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжих нөхцөл бүрдэх юм. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл сургагч багш нарыг бэлдэж, нүүдэлчин соёлыг түгээж байгаа Төв Азийн орнуудад хөхүүрийн айргийн соёлыг түгээх ажил зохион байгуулах санаачилга гаргасан” гэв.

АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАЙКЛ С.КЛЕЧЕСКИ:

Айргийн баярт анх удаа оролцож байгаадаа баяртай байна. Уламжлалт зан заншлаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд Монголын ард түмэн олноор оролцож байгааг харах таатай байна. АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь дэмжих ажлууд хийж ирсэн. Ялангуяа Монголоос ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй гаргах хуулийг конгрессоор ярилцаж байна.

Америкчууд аливаа бүтээгдэхүүнийг бренд болгох тал дээр илүү туршлагатай. Тиймээс Монгол бренд бий болгох тал дээр бид цаашид ч хичээн ажиллах болно. Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхий л салбарт маш амжилттай хамтран ажиллаж байна.

“Айргийн баяр” эвент арга хэмжээний үеэр хуруу наадаан, дэмбээ, хэн сайн айраг уух вэ тэмцээнүүд, унага тамгалах ёсон, айраг болон адуутай холбоотой эдлэл хэрэгслийн үзэсгэлэн худалдаанаас гадна зочдыг монгол гэрт зочлуулан, идээ ундаагаар дайлах арга үзүүлбэрүүд боллоо.

Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Х.Банзрагч “Адуучин”, Сайхан сумын иргэн Д.Нансал “Дэмбээ сайн уу?”, Баян-Агт сумын Шарга багийн иргэн Г.Баярбаясгалан “Айраг хэн сайн уух вэ?”, мөн сумын Хүрэмт багийн иргэн Х.Эрдэнэ-Очир, Б.Хулан нар "Хос морьтон" тэмцээний тэргүүн байрт шалгарлаа. “Сайхан айраг” шалгаруулах тэмцээний тэргүүн байрт Орхон сумын 3-р багийн малчин Ч.Пүрэвжаргалын айраг орлоо. "Айраг хэн сайн уух вэ?" тэмцээнд тэргүүлсэн Г.Баярбаясгалан хоёр минутын хугацаанд 4,5 литр айраг ууж түрүүлсэн юм. “Айрагны өдөрлөг”-ийн тэмцээн уралдааны нийлбэр дүнгээр Хишиг-Өндөр сум тэргүүн байр эзэлж, шилжин явах цом хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж