Улсын хэмжээнд нийт 122 сургууль, 112 цэцэрлэг шинээр барьж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд нийт 122 сургууль, 112 цэцэрлэг шинээр барьж байна

Улсын хэмжээнд нийт 122 сургууль, 112 цэцэрлэг шинээр барьж байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд зургаан хоног үлдээд байна. Есдүгээр сарын 1-нээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэг ашиглалтад орно гэдгийг салбар яамнаас мэдээлсэн. Үүнээс дөрвөн сургууль, 23 цэцэрлэг нийслэлд шинээр ашиглалтад орж, сурагчдаа хүлээн авахад бэлэн болжээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалангаас энэ жил улсын хэмжээнд шинээр барьж, өргөтгөж буй сургууль, цэцэрлэгийн талаар тодрууллаа.


-Энэ жил улсын хэмжээнд хэчнээн цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтад орж байна вэ. Ингэснээр нийт хэдэн хүүхдийн суудал, ор нэмэгдэх вэ?

-Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт гадаадын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажил нэмэгдэж байна. Салбар дахь бүтээн байгуулалтын 30 хувийг сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын зардал эзэлж байна. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 122 сургууль, 112 цэцэрлэг шинээр барьж байна. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн хувьд нэг ээлжинд 33 мянга орчим суудал шинээр нэмэгдэх бол цэцэрлэг нь дунджаар 9500 орчим ортой байх юм. Зарим барилга нь энэ ондоо амжиж дуусахгүй.

Эхний долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд орон нутагт дөрвөн сургууль, 15 цэцэрлэг ашиглалтад орсон. Шинээр ашиглалтад орсон 15 цэцэрлэгийн зургаа нь нийслэлд баригдсан. Мөн улсын хэмжээнд шинээр гурван дотуур байр ашиглалтад орсон.

-Зарим цэцэрлэг, сургуулиуд санхүүжилт байхгүйгээс урсгал засварын ажил огт хийгээгүй байсан. Хэчнээн сургууль, цэцэрлэгт урсгал засвар хийсэн бол?

-Энэ жил сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажил цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор харьцангуй бага хийгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт 23 объектод засварын ажил хийж дууссан. Улсын хэмжээнд нийт 40 гаруй сургууль энэ ондоо багтан ашиглалтад орох тооцоо, төлөвлөгөөтэй байна. Харин 57 орчим цэцэрлэгийн барилгыг шинээр хүлээн авахаар төлөвлөж байна.

Боловсролын салбарт гадаадын зээл тусламжаар томоохон ажил хийж байна. Үүний нэг нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг барьж байна. Эдгээрээс дөрвөн сургууль есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орох бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх гэх мэт гэр хорооллын алслагдмал бүсэд байгуулж байна. Нэг цэцэрлэг нь Архангай аймагт ашиглалтад орчихсон.

Мөн Япон улсын  Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрвөн том сургууль барьж байна. Хоёр нь шинээр, хоёр нь өргөтгөлийн ажил хийгдэж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд шинэ сургууль, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн өргөтгөл, Налайх дүүрэгт шинэ сургууль барьж байгаа бол Хан-Уулын 75 дугаар сургуулийн өргөтгөлийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна.

АНУ-ын тусламжаар Увс, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар аймгийн алслагдсан хилийн бүсэд дөрвөн цэцэрлэг барьж байгаа. Эдгээр сургууль ирэх аравдугаар сард ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээн авна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр сургууль баригдаж байгаа бөгөөд энэ ондоо багтаж ашиглалтад орно.

-Ирэх хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэж, ачаалал тодорхой хувиар буурах юм байна. Нэг цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг дунджаар хэчнээн төгрөгийн зардлаар босгож байна вэ?

-Энэ жилийн хувьд гадны томоохон буцалтгүй тусламжаар хэд хэдэн томоохон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барьж байгаагаараа онцлог. Ялангуяа нийслэлд олон цэцэрлэг, сургууль шинээр баригдаж байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн ачаалал, анги дүүргэлт тодорхой хувиар буурна гэж бодож байна. Өмнө нь салбар яамны зардлын 10 орчим хувийг сургууль, цэцэрлэгт зарцуулдаг байсан бол энэ өртөг зардал хоёр дахин нэмэгдсэн.

Сургууль, цэцэрлэг хүчин чадлаасаа хамаараад өөр өөр зардлаар барина. Жишээлбэл, 320 хүүхдийн сургууль байгуулахад 3.5 тэрбум төгрөг төсөвлөж байна. Ихэвчлэн 320, 640, 960, 1200, 1500 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгүүдийг барьдаг. Өнгөрсөн жил нийслэлийн 21 дүгээр сургууль нэг ээлжиндээ 1500 хүүхэд авдаг болсон. Тэгэхээр хоёр ээлжиндээ 3000 орчим хүүхэд авах хүчин чадалтай гэсэн үг.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж