БНХАУ-д өгөх 30 мянган хонийг хэсэг хэсгээр нь хилээр нэвтрүүлэхээр болсон. Эхний ээлжид 15 мянган хонийг энэ сарын 15-нд хилээр нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн дээрх хонийг Дорноговь аймагт худалдан авч, төвлөрүүлэх аж. Ингэхдээ вакцин, угаалгад хамрагдсан байх зэргээр эрүүл эсэхэд шалгуур тавьж байгаа ажээ.
Дэлхийд шинэ коронавирусийн халдвар тархсаны дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, 30 мянган хонь "бэлэглэж" байгаагаа мэдэгдсэн юм.
Хятадын талаас 30 мянган хонийг намраас амьдаар нь авах хүсэлт тавьсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар 30 мянган толгой хонь хүлээлгэн өгөх ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж зохион байгуулалт, төлөвлөгөөний талаар ярилцжээ. Улмаар 30 мянган хонийг хувааж, амьдаар нь хил гаргахаар ажлын хэсэг төлөвлөөд байгаа юм.
Р.ДУЛАМ