Зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээллийг сонслоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээллийг сонслоо

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.01.27/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Ажлын хэсэг байгуулах тухай байлаа. УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр шийдвэрлэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Бусад байнгын хороод мөн дээрх тогтоолын төслийг хэлэлцэн эрхлэх асуудлынхаа хүрээнд санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм. Тиймээс Эдийн засагтай холбоотой асуудлаар санал боловсруулах Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулан байгууллаа.

Үүний дараа Инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээллийг сонслоо.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Инфляци ба ДНБ-ий бодит өсөлт, инфляци ба зээл, хадгаламжийн жигнэсэн хүү, өрхийн худалдан авах чадвар, өрхийн орлогын бүтцийн өөрчлөлт, өрхийн орлогын бүтэц дэх эерэг өөрчлөлтийн талаар гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, 2006 оноос хойш анх удаа инцляфийн зорилтыг ДНБ-ий эерэг өсөлттэйгөөр хангасан гээд 2015 оны ДНБ-ий өсөлт оны эхний 3 улирлын байдлаар 2.5 хувь байгааг дурдсан. 2009-2012 онд ДНБ 40.2 хувиар өссөн ч, бага, дундаж орлоготой өрхийн хэрэглээ 7.7-10.1 хувиар л өссөн гэж хэлж байлаа.

2010-2012 онд инфляцийн 1/3-ийг мах, шатахууны үнийн өсөлт дангаар бүрдүүлж байсан бол 2013-2015 онд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт бүрэн арилж, 2014 оны 8 дугаар сараас төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляци дахь нөлөө буурсан гэж мэдээлсэн юм. Түүнчлэн дундаж буюу 500 мянгаас 2.3 сая төгрөгийн орлоготой өрхийн эзлэх хувь 2011 онд 39 хувь байсан бол 2015 онд 67 хувь болж нэмэгдсэн гэлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголбанкнаас сүүлийн 3 жилийн хугацаанд дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засаг дахь нийт хуримтлалыг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулах бодлого баримтлан ажиллаж ирсэн хэмээгээд цаашид хуримтлалд суурилсан нам, тогтвортой инфляцитай орчинд дундаж давхаргын хуримтлалд тулгуурласан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд Монголбанкнаас хэрэглээ, импортыг дэмжсэн биш, харин ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримтлал, экспортыг дэмжих зорилгоор зээлийн хүүг бууруулахад чиглэсэн хүүний бодлого баримталж хэрэгжүүлнэ гэж мэдээллийнхээ төгсгөлд онцолсон.

Монголбанкны ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Ганбат, малчид 20-иод жил өндөр хүүтэй зээлтэй явлаа. Үнэндээ малчид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нуруундаа үүрч яваа. Тэднийг дэмжих талаар ямар арга хэмжээ авах вэ хэмээн лавласан.

Энэ асуултад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариулт өгсөн юм.

Тэрбээр, УИХ-ын гишүүн Д.Ганбат малчдын зээлийн асуудалд ямар дэвшил гарах талаар асууж байна. Би энэ асуултад тодорхой хариулья. Малчдад нийт 240 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банк, ХААН банк олгосон байна. Зээлийн хүү сарын 2.5 хувь. Энэ бол маш өндөр байгаа. Ийм зээлээр малчид үйлдвэрлэл явуулах, мал аж ахуйгаа хөгжүүлэхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс бид энэ зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк, бусад байгууллагуудтай ажилласны дүнд жилийн 30 хувь байгаа зээлийн хүү 10 хувь болж буурах бололцоо бий болж байна. Малчдын энэ зээлийг хэрэглээний зээл гэж үзэхгүй байгаа. Энэ зээл махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийг шинэ хэлбэрт оруулах, эдийн засгийн солонгоруулах, импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжихэд чиглэнэ. Ямартай ч сар шинийн баярын өмнө малчдын зээлийн хүүг 10 хувь болгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна хэмээн хариулсан юм.

Монголбанкны мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Н.Батбаяр, Н.Номтойбаяр, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Ж.Батсуурь, А.Тлейхан, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Мөн гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Монголбанк өөрийн түвшиндээ ажиллаж байгаагаа хэлээд байна. Бид 2012 онд УИХ-д сонгогдож ирээд Эдийн засгийн байнгын хороон дээр инфляци бууруулах асуудал л ярьж байсан. Энэ гол асуудлыг шийдэх үүднээс 2014 онд 39, 62 дугаар тогтоолуудыг гаргасан. 2015 онд 93 дугаар тогтоолыг мөн гаргасан. Эдгээр тогтоолуудыг Монголбанк хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр инфляци ингэж буурсан байна. Тийм болохоор Эдийн засгийн байнгын хорооны гишүүд болоод Монголбанкинд баяр хүргэх ёстой. Үндсэн ажил бол энэ. Үр дүн нь ингэж харагдаж байна.

Энэ ажлыг хэрэгжүүлснээр ард түмэн хэрэглээгээ хянаж чаддаг болсон. Энэ бол их том амжилт, моргейжийн зээлээр ч энэ нь илэрч байна. Энэ бол бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салж чадсаны нотолгоо. Хуримтлалгүй эдийн засаг байсныг хуримтлалтай эдийн засаг болголоо. Энэ бас нэг үр дүн. Монгол Улс уул уурхайгаас гадна өөрийн хүчинд тулгуурласан олон чиглэлтэй үйлдвэрүүдийг байгуулж чадсан нь бас нэг ололт амжилт. Энэ бол бодит үнэн хэмээн хэлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Д.Ганбат, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн нар байр сууриа илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Монгол улсын иргэн 2016-01-27 150.129.142.227

Энэ арай доромжилсон доорд үзсэн , Улсын хөрөнгөөр баяжсан дарангуйлан мөлчөгчид , өөрсдийн хэрэгжүүлч буй бодлогоныхон золиосоор Ард түмэн үнэ ,зээлийн хүү, татварын дарамтаар , дарлагдаж төрийн эрх мэдлийг өөрсдийн ашиг хонжооний хүч болгож ашиглаж байгааг харуулсан тодхон жишээ байлаа.

иргэн 2016-01-27 103.26.194.226

ерхийн орлого нэмэгдээд бна. Хумуусийн амьдрал сайн байгаа юм бна. Аж ахуйн нэгжууд дампуурч байхад яаж ингэж худлаа хэлж чадаж бнаа.

Зочин 2016-01-27 202.21.106.146

Түүнчлэн дундаж буюу 500 мянгаас 2.3 сая төгрөгийн орлоготой өрхийн эзлэх хувь 2011 онд 39 хувь байсан бол 2015 онд 67 хувь болж нэмэгдсэн гэлээ. Солиорох юм 2015 онд биш 2012 онд гээд хэлвэл үнэнд дөхөх байх