NBA-гийн 65 дахь удаагийн Бүх оддын тоглолт ирэх сарын 14-нд Канадын Торонто хотын “Эйр Канада” цогцолборт болно. Энэ удаагийн Бүх оддын тоглолтод оролцох тоглогчдыг тодруулах санал асуулга албан ёсоор дуусав. Нийт тоглогчдоос “Кавальерс”-ын Леброн Жеймс, “Уорриорс”-ын Стифен Карри, “Лейкерс”-ийн Коби Брайант нар нэг саяас дээш хүний санал авчээ. Ялангуяа улирал дууссаны дараа зодог тайлахаа мэдэгдсэн алдарт Коби Брайант 1.8 сая санал авсан нь олон хүний анхаарлыг татав. Сүүлд 20-иод жил NBA-гийн нүүр царай болж байсан ахмад тоглогчийг сүүлчийн удаа Бүх оддын тоглолтод харахыг сагсан бөмбөг сонирхогч сая сая хөгжөөн дэмжигчид хүсэж байна. Таван удаагийн аварга Коби Брайнт ийнхүү 18 дахь удаагаа Бүх оддын тоглолтод оролцохоор сонгогдсон нь энэ. Харин өнгөрсөн жилийн аварга “Голден Стайт Уорриорс-ын хамгаалагч Стифен Карри 1.6 сая саналаар дэд байрт жагссан бол “Хаан Жеймс” 1.08 саяар эхний гуравт багтлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд шинэ цагийн “Сан Антонио Спөрс” багийн тулгуур болж буй Кавай Леонард бүх тоглогчдын санал асуулгын зургадугаарт эрэмбэлэгдэж Бүх оддын тоглолтын гараанд гарахаар болжээ. Ингэснээр тэрбээр анх удаа гарааны бүрэлдэхүүн багтаж байгаа юм. Баг нь хэдийгээр тааруу амжилттай яваа ч Кармело Энтони үзэгчид саналаа өгөхөөс татгалзсангүй. Түүний хувьд авсан саналаараа эхний 10-т багтсанаар гараанд гарах нь тодорхой болов. Ингээд санал асуулгад тэргүүлж Өрнөд болон Дорнод бүсийн гараанд гарах эрх авсан тоглогчдыг танилцуулъя.
Нэр | Санал | Байрлал | Нэр | Санал |
Д.Уэйд (Хит) | 941.466 | Хамгаалагч | С.Карри (Уорриорс) | 1.604.325 |
К.Лоури (Рэпторс) | 646.441 | Хамгаалагч | Р.Уэстбрүүк (Тандер) | 772.009 |
Л.Жеймс (Кавальерс) | 1.089.206 | Довтлогч | К.Брайнт (Лейкерс) | 1.891.614 |
П.Жорж (Пэйсерс) | 711.595 | Довтлогч | К.Дюрант (Тандер) | 980.787 |
К.Энтони (Никс) | 567.348 | Довтлогч | К.Леонард (Спөрс) | 782.339 |
Б.МӨНХЗУЛ ("ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин)