“Хамтын хүч-нутгийн хөгжил” үндэсний чуулган болж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

“Хамтын хүч-нутгийн хөгжил” үндэсний чуулган болж байна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын баг, сумдын үндэсний холбооноос хамтран зохион байгуулж буй “Хамтын хүч-нутгийн хөгжил” үндэсний чуулган өнөөдөр /2016.01.27/ Төрийн ордонд болж байна. 
 
 
Иргэдийн хамтран ажиллах, нийтээрээ хөгжих санаачилгыг дэмжих зорилготой тус чуулганыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны ерөнхийлөгч, Монголын шинэ тосгон хөдөлгөөний хүндэт ерөнхийлөгч Г.Батхүү үг хэллээ. Тэрээр “2011 онд шинээр байгуулагдаж байсан Монголын баг сумдын үндэсний холбоо улсын хэмжээнд тавдугаар үндэсний чуулганаа хуралдуулж байна. Энэ нь бид Монгол Улсынхаа бүх аймаг, дүүрэг, багт салбар зөвлөлөө амжилттай байгуулж, үйл ажиллагаагаа тасралтгүй, тогтмол хэрэгжүүлж ирсний үргэлжлэл, үр дүн юм. Энэ хугацаанд бид хамтдаа орон нутгийн удирдлага, манлайллын чиглэлээр олон сургалт, семинар, хэлэлцүүлгийг хөдөө орон нутаг, нийслэлд зохион байгуулж, хотжилтыг сааруулах, хөдөөгийн хөгжил, нийгмийн асуудлыг дэмжих төрийн бодлогод байр сууриа илэрхийлэн тусгуулж ажилласан” гэв. Цаашид “Малчдын ордон” байгуулах ажлыг анхаарч, хөдөлмөрийн сайн туршлагыг сурталчлах, олны хүртээл болгох зорилгоор “Манлайлагч” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаа дурдаад 2016 оны чухал зорилт бол сум, багийн хөгжлийг дэмжих эрх зүйн боломж гарцыг баталгаажуулж, ажил хэрэг болгохыг тэмдэглэсэн юм. 
 
 
Монгол Улсын 330 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны Засаг дарга, 21 аймгийн тэргүүний 100 багийн Засаг дарга, нутгийн хөгжлийн 78 манлайлагч оролцож буй тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд оролцож, хэлсэн үгэндээ Монгол Улсын хөгжлийн үндэс бол аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны хөгжил гэдгийг онцолсон. Мөн тэрээр “Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анх удаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар “аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”, “аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”, “бүсчилсэн хөгжлийн зорилт” зэрэг баримт бичгийг хуульчиллаа. Улс, орон нутаг, бүс нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, төлөвлөх харилцааг хуулиар зохицуулж өгснөөр хөгжлийн бодлогын баримт бичиг харилцан уялдаатай, нэгдмэл цогц байх юм.  Мөн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байна.
 
 
 
Эдгээр хууль батлагдсаны дараа Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгж болгон өөрийн зорилтоо дэвшүүлэх бололцоотой бүрдэх юм” гэв. Мөн орон нутгийн хөгжлийн чухал тулгуур нь чадварлаг удирдлага болохыг онцлоод Улсын Их Хурал, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар дурдлаа. Энэ бүхэнд иргэдийн санаачилга, оролцоо чухал болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд Нийтийн сонсголын тухай хуулиар иргэд, олон нийт төрийг удирдах, хөгжлийн асуудлаа шийдвэрлэх үйл хэрэгт гар бие оролцох бүрэн боломжтой болсныг хэлсэн юм. 
 
 
Тус үндэсний чуулганд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей оролцон, нутгийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах талаар Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн тухай танилцуулга хийв. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулсан бол “Орон нутгийн Хурлын байгууллагад мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хийж буй ажил, анхаарах асуудал” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт мэдээлэл хийлээ. 
 
 
Улсын Их Хурлын гишүүн, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд “Монголын нутгийн удирдлагын холбооноос нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар хийж буй ажил, анхаарах асуудал” сэдвээр “Хамтын хүч-нутгийн хөгжил” үндэсний чуулганд оролцож буй 750 орчим төлөөлөгчдөд танилцуулга хийж, мэдээлэл өгсөн юм. Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжав мөн мэдээлэл хийв. 
 
 
Үндэсний чуулганы хамтран зохион байгуулагч Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Нийтийн сонсгол-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн үр нөлөөг сайжруулах арга хэрэгсэл болох нь” сэдвээр мэдээлэл хийв. Тэрээр нутгийн удирдлага, төрийн захиргааны байгууллагын чиглэлээр хийж буй хууль эрх зүйн шинэчлэлийн талаар өмнөх илтгэл, танилцуулгуудад дурдагдсан болохыг дурдаад "Үндсэн хуульд монголын ард түмэн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан засгийн эрхийг барих тухай заасан чухал заалт бий. Иргэн бүр өөрийн хувь заяагаа шийдэх шийдвэр гаргах явцад оролцох, оршин суугаа орон нутагтаа  явагдаж буй нийгэм, эдийн засгийн холбогдолтой аливаа шийдвэрт оролцож байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь Монгол Улсад ардчилал, хүний эрх чөлөөг баталгаажуулж байгаа нэг хэлбэр" хэмээн онцолсон. Тиймээс төрийн эрхийг барих, төрийн үйл ажиллагаанд хяналт тавихад, засгийн эрхийг удирдахад иргэдийн оролцоог хангах зорилготой Нийтийн сонсголын тухай хуулийг өнөөдрийн чуулганы үеэр танилцуулж байгаа талаар дурдан, үндэсний чуулганы оролцогчдод уг хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Төгсгөлд тэрээр Нийтийн сонсголын тухай хуульд зарим төрлийн нийтийн сонсгол хийх нарийвчилсан журмыг Улсын Их Хурал батлахаар заасан болохыг хэлээд, Монгол Улсын 330 сумаас ирсэн төлөөлөгчид тус журмыг боловсруулахтай холбоотойгоор саналаа одоо гаргаснаар холбогдох мэргэжилтнүүд, нэгжид шууд хүргэх боломжтойг хэлэв. 
 
 
 
Төрийн ордонд болж буй “Хамтын хүч-нутгийн хөгжил” үндэсний чуулган 18.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус арга хэмжээнд оролцож, багийн хөгжлийн бодлогын талаар Засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар чуулганы оролцогчдод мэдээлэл хийнэ. Мөн хамтын хүчний давуу талыг бэхжүүлэх гарц, боломжуудын талаарх илтгэлүүдийг танилцуулж, оролцогчдын дунд чөлөөт ярилцлага өрнүүлэх юм. Сайн туршлагуудыг дэлгэрүүлэх зорилготой “Иргэдийн санаачилга тосгоны хөгжлийн эх сурвалж болох нь”, “Иргэдийн бүлэг-газар өмчлөлийн холбоо” сэдэвт танилцуулга, мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд, чуулганы зарим төлөөлөгч хийнэ. Түүнчлэн багийн сан, хорооны хөгжилд иргэдийн оролцооны талаар болон сум хөгжүүлэх сангийн талаар оролцогчид туршлагаа хуваалцах аж. Төгсгөлд нь “Хамтын хүч-нутгийн хөгжил” чуулганы төгсгөлд өнөөдөр гарсан саналуудыг хэлэлцэн, зөвлөмж гаргах юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж