НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай болон Орон нутгийн зээллэг хийх тухай асуудлыг танилцууллаа.
Багахангай дүүргийн Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд Ахмадын өргөөний барилга барихаар тусгасан. Ахмадын өргөө нь нийт 500,1 м2 талбайтай бөгөөд ажлын өрөө, чийрэгжүүлэлт, амралтын өрөө, уулзалт, хурлын заалтай юм. Энэхүү барилгыг нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.
Дараагийн асуудал нь Нийслэлийн өмчийн бүртгэлээс Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилга, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн 2 дугаар байрыг хасах тухай байв. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилгыг 1957 онд ашиглалтад орсон байна. Амбулаторийн барилгын төмөр дээврийн залгаас зай гарсан бэхэлгээ холбоос суларсан зэргээс үүдэн ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан. Энэ дагуу Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн төсөлд эмнэлгийн барилгыг шинээр барихаар тусгасан юм. Харин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн 2 дугаар байр анх 1982 онд цэргийн ангийн зориулалттай баригджээ. Уг барилгыг шинээр барьж, ахмад настан, хүүхдийн эмнэлэг болгохоор болсон байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар эдгээр барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг дэмжлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийнэ. Ингэхдээ 2 давхар, цахилгаан автобус 10 ширхэг, 36 ширхэг дан автобусаар парк шинэчлэл хийх юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцуулгын үеэр хэлэхдээ “Засгийн газар нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд шаардлагатай 21 тэрбум төгрөг зарцуулах төсөв хөрөнгийг эрхийг нийслэлд өгсөн. Энэ дагуу нийслэл хот нийтийн тээврийн парк шинэчлэл хийх ажлыг хийж байна. Бидний харж байгаагаар цахилгаан автобусын зээлийн эргэн төлөлтийг түлшний хэмнэлтээс гаргана гэж харж байгаа. Цахилгаан автобус дизель түлшнээс бага зардал гаргаж, хэмнэлт хийх учир 6 жилийн дотор зөрүүгээр нь эргэн төлөлтөө хийх боломжтой” гэв. НИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн зээллэг хэлбэрээр бүрдүүлж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авахыг дэмжиж, тогтоолын төслийг батлав.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ