Татвараас чөлөөлөх хуулиудыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Татвараас чөлөөлөх хуулиудыг дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.01.27. Лхагва гараг/ үдээс өмнө болж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ашиглагдах автомашин, техник хэрэгслийг татвараас чөлөөлөхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газар нэн яаралтай хэлэлцүүлэхээр 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн яамны сайд М.Зоригт танилцуулав.

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсад анх удаа 2016 оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгчид, зочид, сэтгүүлчид ирэхээр байна. Иймд АСЕМ зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашины ашиглагдах тооцоо гарчээ.

Улсын төсөв хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төсвийн хөрөнгөөр автомашин худалдан авах боломж хязгаарлагдмал байгаа тул дээд түвшиний уулзалтын зохион байгуулалтанд шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас холбогдох хувийн хэвшлийн компаниудын импортоор оруулж ирэх автомашиныг уулзалтын үйлчилгээнд ашиглахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Энэхүү гэрээний дагуу АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашинуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх бөгөөд гэрээ байгуулсан автомашины дистрибьютор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөх шаардлага үүсчээ. Мөн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах хүрээнд аюулгүй байдлыг хангах, нисэх буудал, хилийн шалган нэвтрүүлэх, зочид буудлын тав тухыг хангахад хэрэглэгдэх техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлүүлэх шаардлагатай байгааг харгалзан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хуулийн төслүүдэд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортооор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр тус тус зааж, дээр дурдсан албан татвараас чөлөөлөгдөх автомашин, техник хэрэгслийн төрөл, тоо хэмжээ, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгажээ.

Танилцуулгын дараа төслийн хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Дэмбэрэл, Д.Оюунхорол нар Зам, тээврийн яамны сайд М.Зоригт болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Ингээд байнгын хорооны гишүүд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух болон зарчмын зөрүүтэй саналтай гишүүн байгаагүй тул М.Зоригт гишүүн анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж уг санал хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн юм.

Импортын цахилгаан эрчим хүчийг албан татвараас чөлөөлөхийг дэмжлээ

Үүний дараа Засгийн газраас “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК импортоор авч байгаа цахилгааны өөрийн өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээс өндөр байдаг тул алдагдлыг улсын төсвөөс татаас өгч санхүүжүүлдэг боловч импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь энэ татааст тусгагдаагүйгээс эх үүсвэргүй өр үүсдэг. Иймд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, импортлогч компанийг НӨАТ-ын албан татвараас чөлөөлөхөд хэрэглэгчдэд очих цахилгааны үнэнд НӨАТ-ын албан татвар тооцогдох эсэхийг лавласан бөгөөд түүний асуултад ажлын хэсгээс "нэмж тооцогдоно" гэсэн хариуг өгч байсан. Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй хоёр санал гарсан. Уг саналуудыг байнгын хорооны дарга уншиж танилцуулсны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ажлын хэсэг байгуулав

Хуралдааны төгсгөлд бусад асуудлын хүрээнд нэр бүхий 16 гишүүний санаачилсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь тус байнгын хорооны дарга Ч.Улааныг томилов. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байнгын хороодын хамтарсан тогтоолд оруулах саналын талаар хэлэлцэж, гаргасан саналуудыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж