Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, тодруулга авав. Төрийн албан хаагчдын ёс зүйн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн нар тодруулсан юм. Үүнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хариулахдаа “Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлснээр төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлага зөрчсөн нийтдээ 637 төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага, сахилгын хариуцлагыг мөн 338 төрийн албан хаагчид оногдуулсан. Ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулахтай холбоотой арга зүйн зөвлөмж, мэдээллээр хангах, гарсан зөрчил дутагдлыг ил тавих, дахин зөрчил гаргуулахгүй байх тал дээр өргөн хүрээнд ажиллаж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН:
-Төрийн албаны шинэ хууль хэрэгжснээр төрийн албан удирдах албан тушаалтнуудад олон улсын байгууллагууд болон мөн төрийн албаны сайн жишигтэй улс орнуудаас сайн багш нар авчирч сургалтууд хийсэн. Нийгэм шударга ёсыг хүсэж байгаа, ялангуяа төрийн албан хаагчид төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэдэг байх мөн төрийн өндөр албан тушаалтнуудыг ёс зүйтэй байхыг хүсч, шаардаж байгаа. Хэдийгээр сургалтууд олноор зохион байгуулдаг ч гэсэн өнөөдөр дунд шатны төрийн албан хаагчдын ёс зүй хангалтгүй байгаа. Төр юу хийж байгаагаа олон нийтэд хүргэж чадахгүй байгаагаас төр өнөөдөр ажиллахгүй байгаа мэт ойлголтыг төрүүлдэг. Дэлхий нийтээрээ цахим хэрэглээнд нэвтэрсэн энэ үед илүү орчин үеийн байдлаар төрийн албаны үйлчилгээний мэдээллийг бусдад хүргэдэг байх тал дээр сайтар ажилламаар байна. 200 гаруй төрийн албан хаагчдын ёс зүй болон иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ сайжирснаар иргэдийн төрдөө итгэх итгэл сэргэнэ. Ёс зүйгүй ажилласан зарим хүмүүс өөр өөр яамд дамжаад ажиллаад байдаг. Нэг яамыг самарчихаад дахиад л өөр яаманд очдог гэсэн үг. Энэ асуудлыг Төрийн албаны зөвлөл мэдэж байгаа. Тэр хүмүүсийг дахин төрийн албанд ажиллуулахгүй байх тал дээр арга хэмжээ авах шаардлагатай. АТГ, Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдын ёс зүйг шаардана. Зарим хэрэг нь шалгагдаад зарим нь дарагддаг байж болохгүй. Энэ чиглэлд илүүтэй анхаарч ажиллаасай гэж Төрийн албаны зөвлөлөөс хүсч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:
-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төрийн албанд гарсан нийтлэг жишээг ганцхан компанийн жишээгээр авч үзье. Төрийн албанын зөвлөл нийт төрийн албан хаагчдын 10 хүрэхгүй хувьд нь хүрч ажилладаг. Өөрөөр хэлбэл төрийн захиргаа, тусгай, удирдах албан тушаалтнуудад л хүрч ажилладаг. Үлдсэн төрийн үйлчилгээ болон төрийн өмчит компаниудад руу Төрийн албаны зөвлөл хуулиараа оролцдоггүй. Засгийн газар оролцох эрхтэй. "Эрдэнэс зэс" компанийн 2008-2018 оны орон тоог харахад, 2009 онд 37 хүнтэй, 2018 онд 88 хүнтэйгээр ажилласан. 10 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын дундаж, нэгж албан хаагчид оногдох ажил хариуцаж ажилласан гүйцэтгэл нь нэг албан хаагч нэг жилд нэг л ажил гүйцэтгэсэн байгаа юм. 2-3 мэргэжилтэнд нэг дарга байна. Ажлын үр дүнг гүйцэтгэлтэй нь уялдуулах хэрэгтэй. Мөн аудитын дүн үнэн эсэхийг шалгахад аудитуудын сонирхлын зөрчлийг нь авч үздэг болмоор байна. Төрийн өмчийн компаниудад хувийн аудитын байгууллагууд аудит хийдэг. Тэдгээр компаниуд ойр тойрны хүмүүсээ төрийн албанд шахдаг гэсэн мэдээлэл бий. Тийм болохоор аудитаар зөрчил илэрдэггүй, дардаг. Хэрэв гэмт хэргийн зөрчил илэрлэвэл тухайн аудитор шүүх дээр гэрч болдог учраас үүнээсээ төвөгшөөж хэргийг дардаг юм байна. Оронд нь харин хүнээ шахдаг.
Үүгээр “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналууд гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:
-Өнөөдөр 200 мянга орчим хүн төрийн албанд ажиллаж байна. Энэ бол их тоо. Төрийн албан хаагчдын тоог багасгана гэсэн заалт төсөлд алга байна. Цахим үйлчилгээнд нэвтрээд байна гэдэг атлаа төрийн албан хаагчдын орон тоог хэмнэх тал дээр юу хийж байна вэ. Орон тоог хэмнэхээс гадна Монголын төрд өнөөдөр чадваргүй хүмүүс очиж ажилладаг нь үнэн. Чадварлаг хүмүүс нь хувийн байгууллага эсвэл олон улсын байгууллагад ажиллаж байна. Монголын төрд чадварлаг хүн ажиллах сонирхолгүй нь цалин багатай шууд холбоотой. Уг нь бол төрийн албыг цөөрүүлчихвэл цалин нь ч нэмэгдэж чадварлаг мэргэжилтэнүүд ажиллана. Орон тоог хэмнэх, цахимжуулах мөн төрийн албан хаагчдыг чадваржуулах чиглэлд юу хийх вэ. Тогтоолын төсөлд төрийн өмч үнэгүйдэх асуудлыг таслана зогсооно гэсэн байна. Өнгөрсөн 30 жил төрийн өмч үнэгүйдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэж ойлгох уу. Үнэгүйдсэн гэдгээ ямар шалгуураа авч үзсэн юм бэ, тодорхой жишээ байна уу.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Төрийн өмчит компаниудын бүтэц, орон тоо, давхардал, цалин, үр дүнгийн талаар нэгдсэн дүгнэлт хийх ажлын хэсэг байгуулагдсан. Олон дэд захиралтай, давхцсан газруудтай ийм алдаа дутагдал Төрийн өмчийн компаниудад гарч байгаа. Энэ чиглэлд томоохон шинэчлэлт хийгдэнэ. Хувийн компанийн 50 хүнтэй хийх ажлыг төр 100 хүнтэй хийж байна уу гэдэг нэгдсэн дүгнэлтийг гаргана. Төрийн өмчийн компани муу менежир гэдэгтэй 100 хувь санал нийлэхгүй. Өмч хувьчлалыг туйлын бодлоготой хийхгүй бол үүний дор төрийн өмч үнэгүйддэг, шударга бус явдлууд газар авдаг. Аль болох нээлттэй зарчмыг баримтална. Цахим монгол хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын тоог үе шаттайгаар бууруулна. Давхцалтай ажилладаг ажлын байруудын тооцооллыг бид гаргана. Цаашид төрийн албан хаагчдын тоо нэмэгдэх бус хасагдана гэж ойлгож болно. УИХ-ын гишүүд нь ч лоббидож агентлаг байгуулдаг асуудал ч бий. Энэ бүхнийг цэгцэлнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж хамгийн чадварлаг хүмүүс төрдөө ажилладаг байх, цомхон бүтэцтэй байх чиглэл рүү орно. Тал талдаа үүнд нэгдэж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАН:
-Сүүлийн 20 жилд төрийн албан хаагчдын тоо хэдээр нэмэгдсэн бэ. Бусад орнуудтай харьцуулсан судалгаа байна уу. Шинэ Засгийн газар 100 хоногт багтаан цахим шинэчлэлд шилжинэ гэснийг дэмжиж байна. Хүнээс хамаарахгүй цахим шилжснээр ажил шударга явагдана.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГ:
-Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, үйл ажиллагааг нь уялдуулах, бүтэц зохион байгуулалтыг нь оновчтой, цомхон болгох гээд төсөлд оруулсан. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа өргөжиж, үйлчилгээний байгууллагууд нэмэгдэх хэрээр төрийн албаны тоо өсөлттэй харагдаж байгаа. Японд төрийн албан хаагчдын ангиллаа өөрчилж, боловсролын байгууллагын багш нар нь ордоггүй. Манайх энэ тал дээр ажиллах шаардлага бий. 200 мянга гаруй төрийн албан хаагчдын 60 хувь нь 1980 оноос хойш төрсөн залуучууд ажиллаж байна. Тиймээс төрийн албыг цахимжуулах зайлшгүй шаардлагатай.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийг батлуулдаг ч хууль биш учраас хариуцлага тооцоод л өнгөрдөг. Дараа нь шүүхддэг, шүүх дээр очоод ёс зүйн дүрэм зөрчсөн гэсэн хуулийн заалт байхгүйгээс буцаад ороод ирдэг. Төрийн албанд улстөрчид хүнээ шахдаг гэсэн асуудлыг ярьдаг. Ирэх дөрвөн жилд улс төрийн болон төрийн захиргаа, үйлчилгээний албан тушуултнуудыг дагаж мөрдөх ёс зүйн кодыг хуульчилна. Өндөр албан тушаалнууд өөрсдөө үлгэрлэж байж бусдадаа хэвшүүлнэ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН:
-Ёс зүйн зөрчил хөгжлийн гацаа бий болчихоод байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн хуультай болох гэж байгаад баяртай байна. Төрийн албанд анх орж ирж байгаа хүмүүсийнхээ хандлагыг хэр харж байна вэ. Зөв хандлагатай хүн л ёс зүйтэй байна. Анхнаас төрийн албанд төлөвшсөн хүмүүсийг авдаг байх ёстой. Төрийн албаны шалгалтаас гадна хандлагад нь анхаармаар байна. Энэ чиглэлд юу хийж байна вэ.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГ:
-Асуулгаар ёс зүйтэй холбоотой асуудал өндөр гарсан. Цар тахлын хуультай холбоотойгоор энэ хугацаанд төрийн албанд анх орох иргэд мөн шатлан дэвших хүмүүсийг урьдчилан сургах тал дээр анхаарч байгаа. Агуулгыг нь өөрчилсөн. Сэтгэл зүйн тестийг нэвтрүүлнэ.
Үүгээр “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Холбоотой мэдээ