Гадаад паспортыг цахим болгоно

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Гадаад паспортыг цахим болгоно

Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан саяхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд тус улсын бизнес эрхлэгчдийн нэг “Унгарын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани”-ийн төлөөлөгчид Улсын бүртгэл, статистикийн газар /УБСЕГ/-ын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсын үндэсний гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорт болгох, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох юм.

“Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” нь 1925 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш нууцлалтай бүтээгдэхүүний өөрийн технологи болон туршлагыг үргэлж сайжруулж ирсэн байна. Тус компани нь чиптэй болон чипгүй паспорт, хил нэвтрэх бичиг баримт, аяллын бичиг баримт, Европын холбооны зөвшөөрөлтэй оршин суух хүмүүнлэгийн зөвшөөрлийн бичиг, орогнол хүссэн иргэнд оршин суух зөвшөөрөл, оршин суух картууд, дүрвэгсэд, цагаач болон хамгаалалтад байгаа иргэдэд зориулсан аяллын бичиг баримт зэрэг нууцлал бүхий нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг ажээ.

Тус компани хамтын гэрээний дагуу Монгол Улсад өндөр нууцлал бүхий иргэний цахим паспортыг нийлүүлснээр Монгол Улсын иргэд гадаад орны хилээр түргэн шуурхай, ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй нэвтрэн орох, баримт бичгийн аюулгүй байдлыг хангахад дөхөм болно гэж УБСЕГ-ын албан сайтад мэдээлжээ.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж