Яруу найрагч Ш.Лхамноржмаа Стругагийн яруу найргийн наадамд уригджээ  

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

Яруу найрагч Ш.Лхамноржмаа Стругагийн яруу найргийн наадамд уригджээ  

Яруу найрагч Ш.Лхамноржмаа Стругагийн яруу найргийн наадамд уригджээ  

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа Олон улсын яруу найргийн томоохон наадмуудын нэг болох Стругагийн яруу найргийн 59 дэх үдшийн зочин яруу найрагчаар уригджээ.

Энэхүү яруу найргийн наадам нь Европ тивд зохиогддог, өнө эртний уламжлалтай, олон улсын наадам юм. Монголын нэрт яруу найрагч Шагдарын Лхамноржмаа 2020 оны Стругагийн яруу найргийн наадамд видео танилцуулгаа илгээж, өөрийн шүлгүүдээс Нарлаг Македоны ард түмэнд уншиж сонсгох юм.

Яруу найрагч Ш.Лхамноржмаагийн "Болор цом-2008″-д оролцож, тэргүүн байр эзэлсэн шүлгийг толилуулъя.

ГАЗРЫН ҮГ

Эх орондоо харьж урсдаг

Халхын гол сэтгэл минь билээ

Их л хол харьд суугаа миний төрлүүд элгэн минь дээ

Сэлэнгэ минь Байгаль руу яарсан ч гэлээ

Сэвх нь ногоо болж ургадаг

Орчлонгийн хамаг амьтныг

Олсон гээсэн нүгэл буянтай нь

Хорол газар минь хотойж даасан юм

Жигүүртэн жигүүртэн гээд

Тэнгэрт өндөглөх биш

Жиргэж жиргэж газарт буудаг

Тал наргүй бүтэн дэлхийн

Татах хүч нь газар

Тэнүүн талын минь гар дэлхийн алд болно

Тэндээс хумсын чинээ бүү хороо

Өндөлзөнхөн ургаа уулс бүхэн минь амьтай юм

Үрсийг минь битгий зовоо

Давж ургадаг түүх минь ертөнцийх билээ

Давж заалдсан хорвоо минь дээ

Ханцуй наймаа омог огшуун байсан ч гэлээ

Халхын нутаг гэрэл болж зураг ээ

Гэрийн буйр, хонины бууц, хүйн чулуу

Ганцыг нь ч бүү хөнд дөө, ертөнц хөлсөнө

Хот балгадаар орчлонг дүүргэвэл

Хаана нь бид амьдрах юм бэ?

Юу ч үгүй ирсэн, юүдэнгүй цувгүй

Юндэн Балган нөхөр ч үгүй

Газартаа газар болох гэж

Ганцхан түүндээ эзэн байх гэж

Гавьяаг нь ардаа үлдээх гэж

Гавьж төрсөн юм, гийж төрсөн юм, бид

Элгийг нь эмтэлбэл элэг

Эмжээрийг нь ханзалбал элэг

Дотроос нь уудалбал элэг

Довыг нь сэндийлбэл элэг

Эмтэрнэ ээ эмтэрнэ

Эхлэл гэдэг төгсгөл байдаг шиг

Тэр цагт

Зөнөсөн хорвоо бүгдийг сэгсэрнэ

Зоосондоо дэлхий дарагдаж бөхнө

Газрын үг үнэн билээ

Гашуун ч гэсэн мэдтүгэй

Гаравын галавт дагасугай.

Э.ЭГШИГЛЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж