"Гадаадад байгаа зорилтот иргэдэд 300 сая төгрөг шилжүүлсэн

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

COVID-19

"Гадаадад байгаа зорилтот иргэдэд 300 сая төгрөг шилжүүлсэн

"Гадаадад байгаа зорилтот иргэдэд 300 сая төгрөг шилжүүлсэн

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2020.08.24/ цаг үеийн асуудлаар 10.30 цагт мэдээлэл хийлээ. Энэ үеэр цар тахлын үед олон улсын байгууллагаас авсан зээл тусламж, гадаадаас иргэдээ татан авч буй ажил болон гадаад руу чиглэсэн оюутан, иргэдийн урсгалын талаар, Ногоон гарц түр журмын хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар албаныхан мэдээллээ.


"БНХАУ, ИХ БРИТАНИ, АНУ-ЫН ВАКЦИН ГУРАВДУГААР ШАТАНДАА БАЙГАА"

ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.ГЭРЭЛМАА:

-Гадаад харилцааны яамнаас цар тахлын үед шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийн асуудлыг НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Монгол Улсад байгаа НҮБ-ын Суурин зохицуулагчийн албанаас санаачлан бусад олон улсын байгууллагатай хамтран цар тахлын нөхцөл байдал Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар хор хохирол учруулж буй талаар томоохон судалгааг  хийсэн.  Судалгааны үр дүнгээр Монгол Улсад цар тахлын нөлөө маш хүчтэй нөлөөлж байгаа бөгөөд цаашдаа 2-3 жил энэ байдал үргэлжилнэ гэдэг таамаглалыг дэвшүүлж байгаа. Мөн ДНБ-ий 24 хувийг эзэлдэг уул уурхайн  салбарын өсөлт 30 хувиар буурсан нь эдийн засгийг 10.7 хувиар буурахад нөлөөлжээ гэж дүгнэсэн. Цар тахлын нөхцөл байдалд гурав болон түүнээс дээш хүүхэдтэй айл өрх, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цөөн тооны малтай малчин өрх, ахмад настнууд илүүтэй өртөж байна. Тиймээс НҮБ-аас Засгийн газартай хамтран ирэх хоёр жил хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, эдийн засгаа сэргээж, ард иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүртээх зорилтыг тавиад буй. Энэ төлөвлөгөөний хүрээнд НҮБ-ын тооцоолж байгаагаар 50 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэж үзэж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын 50 хувийг НҮБ-аас гаргах боломжтой бол бусад хөрөнгийг олон улсын байгууллага, Засгийн газраас гаргах шаардлагатай гэсэн тооцооллыг хийсэн.  Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас өдөр тутмын мэдээллийг солилцон ажиллаж байна.

ДЭМБ-аас өгсөн мэдээллээр наймдугаар сарын 20-ны байдлаар туршилтын өмнөх шатандаа явж байгаа 139 вакцин, туршилтын шатандаа явж байгаа 30 орчим вакцин байна. Туршилтын шатандаа байгаа 30 вакцины гурав нь хоёрдугаар шатандаа яваа юм. Зургаан вакцин гуравдугаар шатандаа явж байна. Эдгээрийн гурав нь БНХАУ-ын вакцин, хоёр нь Их Британи, нэг нь АНУ-ын вакцин юм. Гуравдугаар шат бол хамгийн  хүндрэлтэй байдаг гэдгийг дэлхийн улс орнууд мэдээлж байгаа. Вакцин гарсан тохиолдолд хамгийн түрүүнд Монголдоо авахаар салбар яамнаас ажиллаж байна. Вакцин гарсан тохиолдолд зөвхөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хэрэглэнэ. Бид бүх түвшинд хамтран, харилцан ажиллаж байгаа. ДЭМБ, Олон улсын вакцины холбооноос гаргасан санаачилгад Монгол Улс нэгдсэн бөгөөд вакцин гарсан тохиолдолд эхний ээлжинд вакцинд хамруулна.

Хэрэв вакцин гараад Монголд хэрэглэхээр бол хүн амын 20 хувьд нь үнэ төлбөргүй хийнэ. Одоогоор ДЭМБ-ын мэдээллээр нэг ч улсын вакцин туршилтын шатаа давж, үйлдвэрлэгдэж эхлээгүй байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган есдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлнэ. Ирэх есдүгээр сарын сүүлчээр АНУ-ын Нью-Иорк хотноо дэлхийн улс орны тэргүүнүүд уулзаж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар ярилцсан. Энэ жил цар тахлын улмаас томоохон чуулга уулзалтыг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өндөр дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож, үг хэлэхээр төлөвлөж байгаа.

"БНХАУ-Д ХАНДИВЛАХ 30 МЯНГАН ТОЛГОЙ ХОНИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА"

Хөрш орнуудын газрын захирал Т.БАТЦЭЦЭГ:

-Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, дэд сайд Б.Мөнхжин нар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзаж, 2021 оныг Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил болгон зарласан. Мөн ОХУ-ын талаас вакцин нийлүүлэх боломжийг судалж, Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай харилцаж болно гэдгийг мэдэгдсэн.

Мөн Монгол, Хятадын хилийн боомтын "Ногоон гарц" түр журам хэрэгжиж эхэлснээр гуравдугаар сард Гашуунсухайт боомтоор өдөрт 30 гаруй машин гарч байсан бол дөрөвдүгээр сард 110 орчим, тавдугаар сард 420, зургадугаар сард 480, долдугаар сард 500, наймдугаар сарын 12-ноос манай жолооч нар Хятадын талд хонох нөхцөл бүрдсэнээр хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Тухайлбал, наймдугаар сарын 17-ноос хойш 1000-аас дээш тээврийн хэрэгсэл хилийн боомтоор нэвтэрсэн байна. Сэхээ боомтын тухайд долдугаар сард 450 машин гарч байсан бол наймдугаар сарын 17-ны байдлаар 700 тээврийн хэрэгсэл нэвтрээд байна.

БНХАУ-д хандивлах 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна. Хоёр талын ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт цахим уулзалтыг хийсэн.

"ГАДААД УЛС РУУ ЗОРЧИХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА"

Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

-Наймдугаар сард нийтдээ 17 удаагийн нислэг үйлдэнэ. Өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц иргэдээ татан авахаар нислээ. Өнөөдрийн байдлаар гадаадын 52 улсаас 18392 иргэнээ татан авсан. Энэ сардаа АНУ, Казахстан, Австрали улс руу нислэг хийх үлдээд байна. Ингэснээр бид агаарын замаар болон боомтоор 4500 иргэнээ татан авсан.  Өнөөдрийн байдлаар хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэд дэлхийн 53 улсад 12.461 хүн байна. Энэ тоо буураагүй юм шиг боловч бүсээр нь аваад үзвэл АНУ-д 2400, БНСУ-4500 гаруй, Австрали улсад 1100 орчим иргэн байна. Бусад Ази болон Европын улсуудад нутаг буцах хүсэлтэй иргэдийн  тоо эрс буурсан. Зөвхөн тоог харахаас гадна өргөдлийн агуулга, хүндрэлтэй нөхцөлд байгаа иргэдийн тоо эрс буурсан. Цаашид есдүгээр сарын төлөвлөгөөндөө АНУ, Сөүлийн чиглэлд нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар ажиллана.

Гадаадаас ирсэн иргэд буцах хүсэлтэй байна. Ялангуяа сүүлийн сард энэ хүсэлт өргөдлүүд нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар цар тахлын өндөржүүлсэн байдал хэвээрээ байгаа.

Зарим улс орнуудад хоёрдугаар давалгаа эхэлсэн. Гадаад харилцааны яаманд тогтмол хүсэлт тавьж байгаа иргэд бол БНХАУ-д зорчих хүсэлтэй холимог гэр бүлийн асуудал байна. Ойролцоогоор 170 орчим өргөдөл ирснээс 120 өргөдөл нь холимог гэр бүл байгаа. Бид өдөр болгон энэ иргэдтэй уулзаж байна. БНХАУ-ын зүгээс гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй хэвээрээ байгаа. Эдгээр иргэний асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдвэрлэх талаас Хятадын талтай ярилцаж байна. Мөн гадаадад суралцдаг 40 гаруй мянган оюутнаас хамгийн олон буюу 12 мянган оюутан БНХАУ-д суралцдаг. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын их сургуулиуд хэзээ үйл ажиллагаагаа эхлэх вэ гэдгийг зарлаагүй байна. ОХУ-д суралцдаг оюутнуудаас өнгөрсөн хугацаанд 3000 гаруй оюутныг авч ирсэн бөгөөд одоо 100 орчим оюутан бий.

Бид олон улсын байгууллагуудтай хамтран зорилтот бүлгийн иргэдээ гадаадаас авч ирэхээр судалж, ажиллаж байна.  Бразилд хүндрэлтэй байгаа иргэдэд олон улсын байгууллагын шугамаар тусалж, эх орондоо авч ирэхээр судалж байна. Улсын онцгой комисст төвлөрсөн хандив тусламжаас 300 сая төгрөгийг цар тахлын урьдчилан сэргийлэх зорилгоор Хилийн чанадад байгаа монгол иргэдийн санд төвлөрүүлж, аваад байна. Өнгөрсөн зургадугаар сард 1000 орчим иргэдэд хүнсний тусламж, түрээсийн туслалцаа үзүүлсэн. Энэ 300 сая төгрөгтэй холбоотой шийдвэр саяхан гарсан тул гадаад байгаа зорилтот иргэдэдээ тодорхой шалгуурыг тогтооно.

 

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж