Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн том, нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолт өчигдөр/2020.08.23/ Португал улсын нийслэл Лиссабон хотын Эстадио де Луз цэнгэлдэхэд явагдлаа. Энэ жилийн шигшээ тоглолтонд Германы аваргууд Байерн Мюнхен болон Францын аваргууд Пари Сен-Жермен багууд учраа таарсан юм.
2019-2020 оны улиралд Байерн Мюнхен Бундеслиг, холбооны цомууддаа түрүүлсэн бол ПСЖ мөн адил лигтээ, холбооны цомдоо, лигийн цомдоо тус тус түрүүлээд байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ улирлын Европын хамгийн шилдэг хоёр баг хоорондоо учраа таарсан гэж хэлж болно.
Түүхэндээ анх удаа хоосон цэнгэлдэхэд үзэгчгүй зохион байгуулагдсан шигшээ тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй явагдсан. Хоёр баг ээлж дараалан ширүүн довтолгоонуудыг гүйцэтгэж байсан ч ПСЖ багийн хаалгач Кэйлор Навас болон Байерн Мюнхен багийн хаалгач Мануэль Нойер нар гайхалтай байж, эхний үед гоол орсонгүй.
Харин хоёрдугаар үед Байерн Мюнхен баг ялимгүй давуу тоглолтыг үзүүлж, тоглолтын 59’ дэх минутанд Герман жигүүрийн хамгаалагч Жошуа Киммихийн дамжуулсан бөмбөгийг Кинсли Коман мөргөн хаалганд оруулж Германы аваргууд тэргүүлж эхлэв.
ПСЖ 2014 онд Кингсли Команыг багаасаа чөлөөлж байсан юм. Харин өчигдөр тэрбээр хуучин багийнхаа эсрэг гоолджээ.
Ийнхүү тоглолт 1:0 гэсэн харьцаатай өндөрлөж Германы аваргууд Байерн Мюнхен баг түүхэндээ зургаа дахь удаагаа УЕФА Аваргуудын лигийн дэлдэн чихт цомыг өргөлөө. Мөн тэд энэхүү тэмцээнд нэг ч хожигдолгүй 11 дараалан ялж, УЕФА Аваргуудын лигийн түүхэнд нэг ч оноо алдалгүй, хожигдолгүй босоо түрүүлсэн анхны баг болжээ.
Холбоотой мэдээ