ҮГА-ны шинэ дарга ашиг сонирхлын зөрчилтэй юу?

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

ҮГА-ны шинэ дарга ашиг сонирхлын зөрчилтэй юу?

ҮГА-ны шинэ дарга ашиг сонирхлын зөрчилтэй юу?

Засгийн газар байгуулагдсанаас хойш агентлагийн дарга болон бусад дарга нарын томилгоо үргэлжилж буй. Гэхдээ зарим томилгоо олон нийтийн шүүмжлэл дагуулаад эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоног буюу  наймдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний геологийн албаны даргаар О.Чулууныг томилсон. Түүний хувьд геологийн салбарын мэргэжлийн хүн бөгөөд 1984 оноос геологийн хайгуул, энэ чиглэлээр тасралтгүй ажиллаж эхэлжээ. Хэдийгээр мэргэжлийн хүн ч гэлээ тэрбээр АТГ-т ашиг сонирхлын зөрчлөөс дуудагдаж магадгүй гэнэ.

О.Чулууны үүсгэн байгуулсан “Гео тех Импекс” ХХК нь төрөөс тендер авдаг, ялангуяа геологийн салбарын хэд хэдэн тендерт оролцдог, одоо ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.  “Гео тех Импекс” ХХК нь 2017 оноос хойш зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарласан хоёр ч тендерт оролцсон байна. Ингэхдээ Геологийн хайгуул, судалгааны чиглэлийн 30-35 тэрбум төгрөгийн тендерүүдэд шалгарч, үр дүн гарсан байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд 2020 оны гуравдугаар сард Монголросцветмет ТӨҮГ-аас зарласан хоёр ч тендерт мөн шалгарчээ. Түүгээр зогсохгүй тус компани Геологийн төв лаборатори төрийн өмчит компанийн  тендер шалгаруулалт, болон тэндээс зарласан төсөл хөтөлбөрүүдэд оролцдог гэдэг нь шилэн дансанд бүртгэгджээ.

О.Чулуун нь “Гео Тех Импекс”-ийг 2016 оны зургадугаар сарын 21-ний өдөр өөрийнхөө нэр дээр төсөл хөтөлбөрт хэрэгжүүлэхээр үүсгэн байгуулсан байдаг. Гэхдээ одоо тус компани нь О.Чулууны хүү болох Золбоогийн нэр дээр шилжүүлэгдсэн. Хэдийгээр  “Гео Тех Импекс” ХХК О.Чулууны нэр дээр биш ч түүний хүү бол агентлагийн даргын хамаарал бүхий этгээд. Тиймээс энэ нь өөрөө ашиг сонирхлыг зөрчил үүсгэх юм. Өөрөөр хэлбэл, Үндэсний геологийн газрын даргын хүү нь геологийн салбарын тендер, түүнтэй холбоотой төрийн үйлчилгээ авах нь хамаарал бүхий этгээдээр дамжих ашиг сонирхлын зөрчил үүсгэх үү гэдэг асуулт дагуулж байгаа юм.

Төрийн өндөр, дээд албан тушаалтан, жирийн төрийн албан хаагчид ч Авлигын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “хазаарлуулдаг”.  Тиймээс шинээр томилогдсон Үндэсний геологийн албаны дарга О.Чулуунд энэ хуулиуд үйлчлэх үү эс үйлчлэх үү гэдгийг холбогдох байгууллагууд нь шийдэх биз ээ.

Үндэсний Геологийн алба нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны харьяанд УИХ-аас энэ оны нэгдүгээр сард шинээр байгуулж, улсын төсвийн хөрөнгөөр Монгол Улсын ашигт малтмалын үйл ажиллагааг эрэн хайх хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр чухалчлан байгуулсан томоохон алба гэдгийг энд тодотгоё.

О.ЧУЛУУН ГЭЖ ХЭН БЭ?

Боловсрол:

  • 1977 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын 1-р 10-н жилийн дунд сургуулийг төгссөн.
  • 1977-1982 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд “Геологийн зураглал, ашигт малтмалын ордын эрэл, хайгуул ”мэргэжлээр суралцан төгсөж, “Уулын инженер-геологич” мэргэшил эзэмшсэн.
  • 2000 онд ОХУ-ын Москва хотын Геологи хайгуулын академид “МУ-ын нутаг дэвсгэрийн ураны хүдэржилт, ураны эрдэс баялгийн түүхий эдийн баазыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлох нь” сэдвээр геологи минералогийн шинжлэх ухааны дэд эрдэмтэний \боловсролын доктор\ зэрэг хамгаалсан.
  • 2011 онд Эрчим хүч, эрдэс баялгийн яам, ШУТИС-ын хамтарсан шийдвэрээр ашигт малтмалын эрэл хайгуулын “Зөвлөх инженер” зэрэг олгосо

Ажилласан байдал:

  • 1982-1984 онд Дорнодын геологийн экспедицид техник геологич, инженер геологчоор, тус экспедицийн Баян Тэрэмийн эрлийн ангид инженер геологчоор
  • 1984-1986 онд Дорнодын геологийн экспедицийн Баян Тэрэмийн эрлийн ангийн дарга, ерөнхий геологичоор,
  • 1986-90 онд Дорнодын геологийн экспедицийн Цавын хайгуулын ангийн ерөнхий геологичоор,
  • 1990-1992 онд Геологи шинжилгээний “Дорнод” нэгдлийн даргаар,
  • 1992-1993 онд “Улсын геологийн төв”-д ураны геологийн төслийн удирдагчаар,
  • 1993-1994 онд “Уран” ХХК \УҮГ\ -ийг үүсгэн байгуулж, захирлаар
  • 1994-1996 онд ЭХГУУЯ-ны Геологийн газрын даргаар,
  • 1997-2005 онд АМХЭГ-ын Геологийн албаны захирлаар,
  • 2005-2007 онд АМГТХЭГ-ын Геологийн газрын даргаар тус тус ажилласан.
  • 2007-2016 онд Бие даасан шинжээч, геологи хайгуулын ажлын зөвлөхөөр, \хувиараа\
  • 2019 оноос Монголын Геологийн Холбооны удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж