АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Америкийн ардчиллын өлгий нутаг, Үндсэн хуулийг анх батласан газар болох Филаделфид илтгэл тавьж байхдаа түүний залгаамжлагч засгийн эрхэнд гарахын тулд урдаа тааралдсан бүхнийг урж тасдахад бэлэн байгааг анхааруулж байв.
Тэгвэл тэр дахин Трамп руу довтолж, өнгөрсөн долоо хоногт цахимаар болсон Ардчилсан намын үндэсний чуулганд үг хэлэхдээ “Трамп бол 244 настай Америкийн ардчилалд ямар ч гадаадын хүчинээс илүү заналхийлж буй аюул занал” хэмээн хэлсэн юм.
Түүнийхээр бол 2016 онд АНУ-ын сонгуулийг Путин будлиантуулж байсан бол энэ удаад Цагаан ордны “эзэн” өөрөө сонгуулийг будлиантуулахаар зэхэж байна гэв.
"Манай улс үндэстэнд тулгараад байгаа хамгийн том аюул нь дотоодын заналхийлэл байсан бөгөөд одоо ч байсаар байна. Тэр аюул зууван танхимд сууж байгаа" хэмээн Холбооны мөрдөх товчооны хяналт шалгалт хариуцсан захирал асан Фрэнк Фиглиузци хэлжээ.
Трамп өнгөрсөн долоо хоногт Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшихээр албан ёсоор сонгогджээ. Хил хязгааргүй эрх мэдэлт Ерөнхийлөгч өнгөрсөн дөрвөн жилийг хууль дээдлэх ёс, үндсэн хуулийн хэм хэмжээг доройтуулж, тагнуулын байгууллагыг гүтгэсээр өнгөрүүллээ. Сүүлийн хэдэн сар явагдсан санал асуулга түүнийг энэ жил дахин сонгогдохгүй гэдгийг харуулсаар байна. Энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл АНУ даяар явуулсан санал асуулгаар нийт санал асуулгад оролцогчдын 42,1 хувь нь Трампыг сонгохоо илэрхийлсэн бол түүний гол өрсөлдөгч Ардчилсан намын Жо Байденийг 50,6 хувь нь сонгож байна.
Ийнхүү сандарч балмагдсан Трамп янз бүрийн худал мэдээлэл тараах болж, Америкийн ардчилсан институцуудад үл итгэх байдал гаргаж, энэ удаагийн сонгууль шударга, ардчилсан, чөлөөт сонгууль болно гэдэгт эргэлзэж байна гэж мэдэгдэх болов.
Тэрбээр коронавирусийн цар тахлыг далимдуулан сонгуулийг хойшлуулах санал гаргаад байгаа ч түүнд тийм эрх мэдэл байхгүй. “Миний энэ сонгуульд ялагдах цорын ганц хүчин зүйл бол сонгууль шударга бус болох явдал юм” гэж хэлснээрээ тэр сонгуулийн үр дүн талд бус гарвал тэр үр дүнг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ урьдчилж хэлсэн явдал байлаа. Үүний дараа тэр шуудангийн үйлчилгээг онилж эхлэв. Учир нь цар тахлаас болоод энэ жилийн сонгуулийн санал хураалтыг шуудангаар авах нь зүйтэй гэж олонхи үзэж байгаа юм. Тэгтэл Трамп Америкийн шуудангийн салбарт хөрөнгө оруулж, тус салбарыг сайжруулахаар гаргасан Ардчилсан намын саналыг эсэргүүцэж, төсвийг нь батлахаас зайлсхийсэн. Тэрбээр шуудангаар санал авах нь сонгууль тэр чигтээ хуурамч болж, олон сая саналын хуудсыг өрсөлдөгч нар нь урьдчилан бэлтгэх болно гэж үзэж байгаа юм.
Үүнээс гадна Трамп сандарч буй нь сонгуулиас өмнө Их Британийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакциныг хугацаанаас нь өмнө АНУ-д оруулж ирэхийг оролдож байгаагаас харагдаж байна. Их Британийн Оксфордын их сургууль болон Шведийн эм үйлдвэрлэгч “AstraZeneca” компанийн хамтран бүтээж буй вакциныг Трамп АНУ-ын хууль дүрэм, стандартуудыг зөрчин сонгуулиас өмнө АНУ-д нийлүүлэх аргыг сүвэгчилж эхэлжээ. Одоогоор уг вакциныг 10 мянга орчим Америк хүн дээр туршаад байгаа ба стандартын дагуу 30 мянган хүн дээр туршиж байж үр дүнг харагдах ёстой аж. Гэтэл Трамп энэхүү туршилтыг хурдасгаж, сонгуулиас өмнө уг вакциныг АНУ-д оруулж ирэх зөвшөөрлийг гаргуулахаар шахах болжээ. Хэрэв тэр сонгуулиас өмнө Америкчуудад ямар нэгэн вакцин хийчихвэл 5,5 сяа хүнийг өвчлүүлж, 170 мянган хүнийг үхэлд хүргэсэн гэмээс бага ч гэсэн мултрах байх гэж найдаж байгаа байх.
Харин эсрэгээрээ АНУ-аар зогсохгүй дэлхийн түүхэнд байгаагүй хор хөнөөлтэй цар тахал нүүрлээд буй энэ үед нийт ард иргэдийн эрүүл мэндээр дэнчин тавьж, асуудалд ингэж хөнгөн хандаж буй нь түүнд итгэх иргэдийн итгэлийг улам багасгаж болзошгүй юм.
Эх сурвалж: GUARDIAN