НЭМЭЛТ:
“Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэг хойшилсон байна. Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/ мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
- “Алтжин групп”-ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт,
- Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 24-ны өдрийн 11.00 цагт товлосон боловч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Энхболд болон нэр бүхий гэрч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, өмгөөлөгч С.Дэлгэрнасан эрүүл мэндийн шалтгаанаас ирээгүй, хохирогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн хууль ёсны төлөөлөгчид өөрсдийн сонгож авсан өмгөөлөгч С.Дэлгэрнасантай шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаас талуудын тэгш мэтгэлзээнийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж,
1.Нэр бүхий гэрч нарыг шүүхийн тогтоолоор албадан ирүүлэх
2.Хохирогч “Шунхлай” ХХК-ныг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Батхуягийг томилсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5.1 дэх хэсгийн 1.2, 1.3 дэх заалтуудыг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоож, эрх үүргийг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулахаар шүүхийн тогтоол гарлаа.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
НЭМЭЛТ: 12.00
"Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох зургаан хүний гэм буруугийн шүүх хуралдаан эхэллээ. “Жаст" группын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын 7 төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгагдаж байгаа юм.
Тухайлбал, Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйварт Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон хэрэг, мөн Эдуард Сүрэн болон Г.Алтантай нийлэн үйлдсэн гэх залилангийн хэрэг зэрэг, Мах маркет ХХК”, “Жаст ойл ХХК”, “Олон овоо ХХК”-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн, “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, "Эрдэнэт" үйлдвэрт хохирол учруулсан зэрэг долоон залилан, луйврын хэрэг үйлдсэн байна.
“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Авлигатай тэмцэх газраас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гадны "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтанг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.08.24/ 10.00 цагт “Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал болно. Наймдугаар сарын 5-нд болсон шүүх хурлын үеэр шүүгдэгч Г.Алтан нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг өнөөдөр товлосон нь энэ юм.
"Жаст"-ын Ш.Батхүү нарын зургаан хүнийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж шүүхээс үзэж буй. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүг залилах, эрх мэдлээ урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдсэн, нотлох баримт хуурамчаар үйлдэх, мөнгө угаах гэмт хэрэгт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэгт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэгт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэгт, "Алтжин групп” -ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтанг нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах мөн залилах гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Э.БУРАМ