“Алтан мужийн алуурчин” хочтой Жозеф Дэ Анжелод бүх насаар нь хорих ял оноожээ. Шүүхийн энэхүү шийдвэр нь 1970-аад оноос эхэлсэн мөрдөн байцаалтын ажиллагааны үр дүн бөгөөд дэлхийн бүх хүний анхаарлын төвд байв. Хэргийн газрын үзлэгийн үеэр авсан дээж мэдээллийн сан дахь түүний ДНХ-тай тохирсон тул 2018 онд баривчилжээ.
Өнгөрсөн зургадугаар сард сэжигтэн 13 аллага үйлдсэнээ хүлээн зөвшөөрснөөр цаазаар авах ялаас мултарсан байна. Тэрбээр олон жилийн турш маш олон хүчирхийлэл, дээрэм, аллага, бусад гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.
Дэ Анжело шүүх танхимд гэрчүүдийн мэдүүлгийг сонсож, тэргэнцэр дээр чимээгүй сууж байхдаа ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлээгүй байна. Шүүгч Майкл Боуман уг хэргийг уншиж эхлэхээс өмнө Дэ Анжело сандлаасаа босч, маскаа тайлан “Би та бүхнийг гэрчлэлийг сонслоо. Миний гэмт үйлдлээс болж зовж шаналсан бүх хүнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэж хэлсэн байна.
Дэ Анжелод 11 жилийн хорих ял, дээр нь зэвсэг ашигласан хэрэгт нь оноосон 15 жилийн ял нэмэгджээ. Шүүгч Боуман “Гэмт хэрэг үйлдсэн хүн гэм зэмгүй хүмүүст хэзээ ч хохирол учруулж болзошгүй тул тусгаарлагдах ёстой" гэж хэлсэн байна.
Дэ Анжело 70, 80-аад оны үед Калифорни мужийн цагдаагийн алба хашиж байхдаа маш олон гэмт хэрэг үйлджээ. Вьетнамын дайны ахмад дайчин тэрбээр сүүлийн жилүүдэд автомашины механикчаар ажиллаж байсан аж.
Цагдаагийнхан сэжигтний хогийн савнаас ДНХ-ийн дээж авч, удмын мэдээллийн сантай харьцуулан шалгасны эцэст түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард баривчилжээ.
Дэ Анжело 1975 онд Калифорнийн хойд хэсэгт орших Эксетерийн цагдаагийн албанд ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдэж эхэлсэн аж. Эхэндээ жижиг хулгай хийдэг байсан ч тун удалгүй түүний гэмт үйлдэл 12 жил үргэлжилсэн харгис хэрцгийлэл, аллага болж хувирчээ.
Шүүхийн шийдвэрийн дараа прокурор Анна Мария Шуберт сэтгүүлчидтэй уулзахдаа "Энэ хүн бол бусдын эрхийг хүндэлдэггүй, хууль ёсыг дээдэлдэггүй, ямар ч ухамсаргүй, өрөвдөх сэтгэлгүй хүн юм” гэж хэлсэн байна.
Шүүхийн шийдвэрийг хохирогчдын хамаатан саднуудад танилцуулахын тулд асар том танхим шаардлагатай болж, шүүгч Боуман их сургуулийн танхимд шүүхийн шийвэрийг уншиж танилцуулах зар түгээжээ.
Прокурорын хэлснээр, Дэ Анжело Калифорни мужийн 11 мужид 87 хохирогчтой 53 гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ нь хүчирхийллийн цар хүрээ хэр өргөн байсныг харуулсан аж.
Сакраменто хотын удирдлага одоогоос хоёр жилийн өмнө “Дэ Анжелог олох нь өвсөн дундаас зүү эрэхтэй ижил түвэгтэй байсан” хэмээн мэдэгдэж байжээ. 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд түүнийг баривчилсны дараа хөршүүд нь гэмт этгээд маш хажиг зожиг зантай, ууртай үедээ бусад руу хашгирдаг байсан талаар мэдүүлсэн аж.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ