Дэлхийн аварга, шатрын их мастер Магнус Карлсенг зогсоох хүн алга. Тэрбээр саяхан өөрийн зохион байгуулсан, шатрын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай, хамгийн их хүн үзсэн “Магнус Карлсен шатрын цуврал” тэмцээндээ түрүүллээ. Нийт нэг сая ам.долларын шагналын сантай цуврал шатрын тэмцээний шийдвэрлэх шигшээ тоглолтод тэрбээр АНУ-ын их мастер Хикарү Накамүраг ялж, 140 мянган ам.доллар хүртсэнээр энэхүү тэмцээнээс нийтдээ 349,500 ам.доллар хожжээ.
Магнус Карлсен түрүүлснийхээ дараа “Юу гэж хэлэхээ мэдэхгүй юм даа. Тоглолтын туршид олон л эргэлтийн цэгүүд, эгзэгтэй мөчүүд тохиолдлоо. Эцэст нь ганцхан тоглолтоор шийдвэрлэгдэх энэхүү тоглоомыг дуусгах хэрэгтэй шүү дээ. Накамүра маш тэвчээртэй, хүлээцтэй сайн тоглолт үзүүллээ. Надад ч гэсэн үнэхээр хүнд, хэцүүхэн тоглолт боллоо” хэмээжээ.
Карлсен болон Накамүра нар сүүлийн 10 жилийн турш хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байгаа бөгөөд 2016 онд Накамүра Карлсеныг “Бөгжний эзэн” цувралын Сауронтой зүйрлүүлж байсан юм. Харин саяхан өндөрлөсөн тэмцээний дараа Карлсен өөрийн твиттер хуудаснаа “Саурон одоо ч сайн хэвээрээ” хэмээн жиргэжээ.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард эхэлж, таван үе шаттай явагдсан шатрын цуврал тэмцээний шигшээ шат ийнхүү өндөрлөжээ. Энэхүү цуврал тэмцээнийг нийтдээ дэлхий даяар 70 сая гаруй хүн телевизээр болон онлайнаар үзсэн аж. Дэлхийн 10 улсын хэл дээр шууд дамжуулагдсан шигшээ шатны тоглолт Норвеги улсад хамгийн их үзэгчтэй телевизийн шоу болжээ.
Холбоотой мэдээ