Орос ард түмний багагүй хэсэг нь коронавирусийн эсрэг тарилга хийлгэхийг хүсэхгүй байна гэж сүүлийн үеийн нэгэн судалгааны үр дүн харуулж байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын ердөө 42 хувь нь өнгөрсөн долоо хоногт бэлэн болсноо зарласан "Спутник 5" вакциныг тариулах бодолтой байгаагаа хэлжээ.
Наймдугаар сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн анхны коронавирусийн эсрэг вакцин бэлэн болсныг нийтэд зарласан билээ. Вакциныг Москвагийн Гамалея шинжлэх ухааны судалгааны хүрээлэн бүтээсэн бөгөөд ард иргэдэд 2021 оны нэгдүгээр сараас эхлэн тарих боломжтой болох юм. Гэхдээ албаныхны хэлж буйгаар вакциныг хамгийн түрүүнд эмнэлгийн ажилчид болон багш нарт тарих аж. Вакцин бүтээх ажил маш хурдтай дууссанд зарим хүмүүс, тэр дундаа барууны орнууд эргэлзэж, туршилтын зарим шатыг алгаслаа хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа билээ.
ОХУ-ын төрийн удирдлага доор ажилладаг WCIOM санал хураах байгууллагын зохион байгуулсан дээрх судалгаа хүмүүсээс вакцин тариулахад бэлэн эсэхийг нь асуухад судалгаанд оролцогчдын 42 хувь нь бэлэн гэдгээ, 52 хувь нь тариулахгүйгээ хэлсэн байна.
“Энэ бол өнөөгийн нийгмийн байдлыг ойлгох сонирхолтой баримт болж байна. Хүмүүс халдвар авахгүй байхыг хүсч байгаа хэрнээ ихэнх нь тарилга хийлгэхийг хүсэхгүй байна. Яагаад вэ? Бид шинэ зүйлд итгэдэггүй, айдаг болж” хэмээн WCIOM-ын дарга Валери Федоров ярьжээ.
Харин Хөрөнгө оруулалтын сангийн дарга Кирилл Дмитриев шинэ вакциныг гадаад орнууд ихээр сонирхож байгаа талаар мэдээлсэн юм. Тэрбээр шинэ вакциныг албан ёсоор зарласан өдөр 20 гадаад орон захиалга өгсөн хэмээн ярьсан билээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ