Завхан аймаг нь нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй цорын ганц аймаг. Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх замыг хатуу хучилттай болгохоор 2012 оноос төлөвлөж, 2016 оны наймдугаар сард БНХАУ-ын Элчин сайд Завхан аймагт айлчлах үеэр тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан хад асга ихтэй, уулын хамгийн хүнд зам гэгддэг Загастайн давааны хатуу хучилттай замыг Хятадын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн хөрөнгөөр барьж өгөх тухай асуудлыг тавьжээ.
Олон удаагийн уулзалтын үр дүнд 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн анхны протокол гарч, 2017 оны тавдугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор хөрөнгийн асуудал бүрэн шийдэгдсэн. Түүнээс хойш тендер зарлах, гүйцэтгэгч, зөвлөх, хяналтын компаниудыг шалгаруулах, Хятадын Эгзим банктай гэрээ байгуулах зэрэг олон шат дамжлагын дараа 2019 оны долоодугаар сард авто зам барилгын ажил эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар тус замын ажил 80 гаруй хувьтай хийгдэж байгаа талаар орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Өнгөрсөн намар Улиастайгаас гарах 7 км, 114 км замын төгсгөлөөс 10 км, нийт 17 км замын хатуу хучилтыг хийж гүйцэтгэсэн байна. Өдгөө Завханчууд 50 км шороон замаар зорчиж буй аж.
Тус замын ажил арваннэгдүгээр сарын 01 гэхэд бүрэн дуусна гэж албаны хүн мэдээлжээ. Энэхүү замын ажлын явцыг Завхан аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг гарч, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт тогтмол хийж буй юм байна. Энэ он дуусахаас өмнө Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ