Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлуудын талаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр, Нийслэлээс хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын тэмдэг, тэмдэглэгээ, гарцын гэрэлтүүлгийг хийж дуусаад байна. Үүнд нийт 78 байршилд 100 ширхэг лед гэрэл гарцын босоо гэрэлтүүлгийг байршуулж, 4 байршилд хурд сааруулагч, 100 ширхэг лайт бокс буюу поспортдог тэмдэг, 1400 ширхэг зам дээрх цацруулагчийг хийж дуусаад байна. Хүүхдүүд оройн цагаар ч гарцаараа аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө энэхүү гарцын гэрэлтүүлгийг суулгаж өгсөн юм. Нийслэлээс сургууль, цэцэрлэгийн орчмын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Тиймээс стандартын шаардлага хангасан тэмдэг, тэмдэглэгээг шинээр тавьж, зарим тэмдэгийг шинэчлэх ажлууд хийгдэж байна. Мөн судалгаа хийж жолооч нар хурд хэтрүүлдэг байршлуудад хурд сааруулагч тавьж байна. Тиймээс хүүхдүүд харанхуй оройн цагаар гарцаа хайж явалгүй гарцаараа аюулгүй гардаг, замын хөдөлгөөнд болгоомжтой ордог байх нь чухал. Энэ хүрээнд сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд тайвшралгүй хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хүүхэдтэйгээ явах үедээ явган хүний гарцаараа гарч хэвшихийг уриалж байна. Ингэснээрээ та хүүхэддээ зөв үлгэр дууриалал үзүүлж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах юм шүү.
эх сурвалж: ulaanbaatar.mn