Нэр хүнд, хамрах хүрээгээрээ УЕФА Аваргуудын лигийн дараа ордог Европа лигийн шигшээ тоглолт өчигдөр/2020.08.21/ Герман улсын Рейн Энержи цэнгэлдэхэд явагдлаа. Энэ жилийн шигшээ тоглолтонд УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатнаас хасагдаж Европа лигт тоглох болсон Италийн Интер Милан болон Европа лигийн дархан аварга Испанийн Севилья багууд учраа таарсан юм.
- Севилья 3 – 2 Интер
Энэхүү тоглолтын эхний гоолыг Интер Милан багийн Бельги довтлогч Ромелу Лукаку дөнгөж тавдахь минутанд оруулж, гайхалтай эхлэлийг тавьсан.
Ромелу Лукаку энэ улиралд бүх тэмцээний туршид 34 гоол оруулж агуу Бразилын Роналдогийн анхны улиралдаа 34 гоол оруулж байсан амжилтыг давтлаа. Мөн Европа лигийн 11 тоглолтонд дараалан гоол оруулсан амжилтын эзэн болов.
Гэвч дархан аваргууд Севилья багаас тоглолтын 12’ болон 33’ минутуудад Люк Де Йонг дараалан гоолдож баг нь тэргүүлж эхлэв. Гэхдээ тэдний тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. Интер Милан багийн Уругвай хамгаалагч Диего Годин 35’ минутанд гоолдож тооны харьцааг 2-2 болгож тэнцүүлсэн. Ийнхүү ширүүн өрсөлдөөнтэй явагдсан тоглолтын ялагч хоёрдугаар үед тодорсон. Хоёрдугаар үеийн 74’ минутанд Интер Милан багийн энэ улирлын шилдэг тоглогч Ромелу Лукаку өөрийн хаалгандаа санамсаргүй байдлаас гоол оруулж Севилья багт цомыг нь гардуулаад өгсөн гэхэд хилсдэхгүй. Үүнээс хойш нэмж гоол оролгүй Севилья баг өрсөлдөгчөө 3-2 гэсэн харьцаатай хожиж багийнхаа түүхэн дэх зургаадахь Европа лигийн түрүүг хүртлээ.
Европа лигийн түүхэнд Севилья баг зургаа түрүүлсэн үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Тэд 2014-2016 онуудын хооронд гурав дараалан тус тэмцээнд түрүүлж байсан юм.
Тоглолтын дараа Севилья багийн ахлах дасгалжуулагч Юлен Лопетеги " Энэ бүрэлдэхүүн үнэхээр гайхалтай. Залуус маань энэ тэмцээнд түрүүлээгүй байсан ч би тэдэндээ хайртай хэвээр байх байсан. Гэхдээ өнөөдөр бид цомоо аваад гэртээ харих боллоо. Бид үргэлж ийм зүйл тохиолдоно гэдэгт итгэсэн. Гайхалтай хамт олон. Хөгжөөн дэмжигчид маань ч гэсэн гэртээ баяраа тэмдэглэж байгаа байх. Та нартаа хайртай шүү" хэмээжээ. Юлен Лопетегийн хувьд Испанийн шигшээ болон Реал Мадрид багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан ч халагдаж, энэ улирлаас эхлэн Севилья багийг удирдаж байгаа юм.
Холбоотой мэдээ