Долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
"БИ АН-ЫН ДАРГА БОЛВОЛ АТГ ТАТАН БУУЛГАНА"
Ардчилсан намын гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа. Тэрбээр намын даргад өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байгаа. Түүнтэй АН-ын шинэчлэлийн талаар яриа өрнүүллээ.
-Хоёр ч сонгуульд дараалан ялагдчихсан учраас АН-ын гишүүд бүх шатандаа яагаад ялагдав гэдгийг дор бүрнээ бодож, ярьж байна. Таны хувьд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Энэ удаагийн ялагдалд хэд хэдэн зүйл нөлөөлсөн гэж хувьдаа дүгнэж байгаа. АН-ын өмнөх удирдлагууд ялангуяа парламентад АН-ыг төлөөлж байсан хүмүүс намынхаа үнэт зүйлсээс хэдэнтээ ухарсан нь нийгмийн итгэлийг алдах суурь хүчин зүйл болсон. Тодруулж хэлбэл, хүний эрхийг хамгаалах чиглэлд мөн Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хангахад тэд АН-ын байр суурийг бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй. Дараагийн шалтгаан нь УИХ-ын сонгуульд манай намын нэр дэвшүүлэлтийн үйл явц нийгэмд үнэхээр таалагдаагүй. Үндсэндээ ардчиллын суурь зарчмуудад үл нийцэх мөнгөний шалгуур тавьсан. Нэр дэвшигч бүрт 100 сая болон 60 сая төгрөгийн босго тавьсан нь шударга ёсонд нийцэхгүй. Мөн АН-ын гишүүнээр дөнгөж элссэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлсэн нь АН-ын дотоод засаглал хуурмаг байсныг төдий хэрээр тод харуулсан. Гуравдугаарт, сонгууль шударга явагдсан уу гэдэгт АН-аас үл хамаарах асуудал яригдана. Аливаа ардчилсан сонгууль наад зах нь хоёр шалгуурыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт, сонгууль чөлөөтэй явагдах зарчмыг 2020 оны УИХ-ын сонгуулиар зөрчсөн. Сонгуулийн сурталчилгааны үеэр хэчнээн нэр дэвшигч баривчлагдав гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ бол чөлөөт бус сонгууль болсны зөвхөн нүдэнд харагдсан ил хэлбэр нь. Гэтэл цаана нь чөлөөт сонголтыг үгүйсгэсэн үйлдэл яаж явагдсаныг хэн ч хэлж мэдэхгүй. Ардчилсан сонгуулийг хангах хоёр дахь зарчим болох шударга, тэгш өрсөлдөх боломж мөн энэ удаагийн сонгуульд хангагдаагүй. МАН-аас бусад улс төрийн намууд тэгш мэдээллээр хангагдаагүй. Нэр дэвшигчдэд сонгогчдынхоо нэрсийн жагсаалттай танилцах боломж олгоогүй гэсэн үг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Б.ТҮВШИНЖАРГАЛ: ҮНДСЭН ДАЛАН БИШ ТҮР ЗАМ ҮЕРТ УГААГДСАН
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян өртөө хүртэлх 414.6 км төмөр замын төсөл 2019 оны тавдугаар сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 98.29 хувийн гүйцэтгэлтэй, нийт 594 хоолой 93.86 хувийн гүйцэтгэлтэй байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам үерт автсан мэдээлэл тарсан. Бид энэ талаар уг төслийн Ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Түвшинжаргалаас тодрууллаа.
–Төмөр замын бүтээн байгуулалтын зарим хэсэг борооны улмаас үерт автсан зураг өчигдрөөс эхлэн цахим орчинд тархаад байна. Ер нь төсөл эхлэхээс өмнө усны судалгаа хийгдсэн үү?
–Мэдээж төсөл эхлэхээс өмнө геологи болон усны судалгаа хийгдсэн. Геологийн судалгаа нь трассын дагуу хамгийн ойрхон далангийн материал болон зам дээр дэвсэх чулууны материалын ордуудын байрлал, нөөц хэр байгааг тодорхойлдог. Харин усны судалгаа нь ямар хэмжээний ус, хаагуур урсах вэ гэдгийг тодорхойлдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, усны хэмжээнээс шалтгаалаад их ус орж ирэхээр байвал гүүр барих, бага хэмжээний ус орж ирэх газарт хэдэн ширхэг усны хоолой байрлуулах вэ гэдгээс шалтгаалж гүүр, хоолойгоо төлөвлөж ажлын зургаа зуруулдаг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
“ЭМЧЛҮҮЛСЭН ХҮН ДАХИН ХАЛДВАР АВЧ ИРЭХ ТОХИОЛДОЛ Ч ГАРЧ БАЙНА”
Сovid-19-тэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, шөнийн цэнгээний газар зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон ч бэлгийн замын халдварт өвчин ихсээд байна. Тухайлбал, энэ оны долдугаар сард өнгөрсөн жилийн мөн үеэс даруй 1000 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2019 оны долдугаар сард бэлгийн замын халдварт өвчний 9052 тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны мөн сард 10113 тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь иргэд өвчнөө нууж, эсвэл дур мэдэн эмчилснээр өвчин даамжрах, онош тодорхойгүй болох, цаашлаад үргүйдэлд хүрэх, насан туршдаа эдгэршгүй өвчтэй болох зэрэг эрсдэлийг бий болгоод байна. Дээрх асуудлаар “Мишээл” арьс, бэлгийн замаар дамжих халдварын эмнэлгийн захирал, эмч С.Долгорсүрэнтэй ярилцлаа.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэж байгаа нь юутай холбоотой вэ?
-Бэлгийн замын халдварт өвчин тохиолдлын хавьтлаас халдварладаг. Хүмүүс гадуур явахгүй, цэнгээний газраар үйлчлүүлэхгүй байвал тохиолдлын хавьтал уг нь буурах учиртай. Тохиолдлын хавьталд орсон, өвчилсөн хүн “Жаахан уучихсан байсан юм”, “Өвчтэй гэж хэлэхээргүй, маш цэвэрхэн, гоё хүн харагдаж байсан” гэж хариулдаг. Өвчин гаднаасаа харагддаггүй.
-Танай эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь өвчнөө хүндрүүлээд ирж байна вэ?
-Ихэнх өвчтөн өвчнөө хүндрүүлээд, мэргэжлийн бус газруудаар яваад, аргаа бараад эмнэлэгт хандаж байна. Мөн эмчлүүлсэн хүн дахин дахин халдвар авч ирэх тохиолдол ч байна. Өмнө нь халдвар авсан хүн урьд нь халдвар авахдаа ууж байсан эмээ дур мэдэн хэрэглэж байна. Гэтэл эмчилгээ шинэчлэгдээд, хоёр дахь халдвар дээр эмчилгээ өөр болсон байдаг. Энэ мэтчилэнгээр өвчнөө эмчлэхгүй, хүндрүүлээд байна. Тиймээс дураараа, өөрөө эмчлэх гэж бүү оролд. Мэргэжлийн эмчид хандаад, хяналтад эмчлүүлэх шаардлагатай байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"ЭХНЭР МИНЬ НАМАЙГ БАРИЛДАХ БҮРТ САНДРААД, БӨХ ҮЗЭЭГҮЙ ГЭСЭН"
Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд уран мэх, эр бяраа гайхуулан Монгол Улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Х.Цогтгэрэлтэй ярилцлаа. Түүний гэргий МУГТ, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа билээ.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын начин хэмээх эрхэм цолонд хүрч, наадамчин олноо баясгасан сэтгэгдлээ хуваалцаач?
-Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Энэ сайхан ойн наадмаар барилдаж, Монгол Улсын начин цол хүртсэндээ баяртай байна. Манай Хутаг-Өндөр сумаас 62 жилийн өмнө н.Пүрэвдорж гэх хүн Монгол Улсын начин болж байсан юм байна лээ. Түүнээс хойш нэг жаран өнгөрсний дараа улсын цолонд хүрсэн анхны бөх боллоо. Наадмаас хойш нутаг руу явж амарч байгаад сая ирлээ дээ.
-Улсын их баяр наадамд хэд дэх жилдээ зодоглож байна вэ. Энэ жилийн баяр наадмын барилдаануудын онцлог байв?
-Дөрөв дэх удаагаа улсын их баяр наадамдаа зодоглож, Монгол Улсын начин цол хүртлээ. Өмнө нь аймгийн начин цолтойдоо нэг, аймгийн арслан цолтой хоёр удаа зодоглосон юм байна. Энэ жилийн хувьд хоёрын даваанд Төв аймгийн Сүмбэр сумын харъяат Г.Ганжадаар, гурвын даваанд Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Монгол Улсын начин Б.Бат-Эрдэнээр, дөрвийн даваанд Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр, тавын даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяраар тус тус давж, улсын цолонд хүрлээ. Харин зургаагийн даваанд Монгол Улсын заан М.Бадарчид өвдөг шороодсон.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
А.ЭНХБААТАР: “ОДДЫН ДҮРД ХУВИРГАЛТ”-ЫГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛНЭ
Эмэгтэйчүүдийн чухал зэвсгийн нэг нь нүүр будалт. Хүчирхэг, энхрий, ялдам, булбарай гээд хүссэн дүрдээ хувирч, харц дээгүүр, өөртөө итгэлтэй алхахад нүүр будалт нөлөөлдөг. Амьдралд өдөр бүр ашиглагддаг энэ зүйл бие даасан урлаг болон хөгжөөд байгаа билээ. Нүүр будалтыг чадварлаг эзэмшсэн, Монголын цөөн эрэгтэй make up artist-ын нэг А.Энхбаатартай ярилцлаа. Тэрбээр сүүлийн үед “Оддын дүрд хувиргалт” цуврал хийж, өөрийгөө хэр чадварлаг make up artist болохоо харуулаад байгаа юм.
-Юуны өмнө ямар мэргэжил эзэмшсэн талаараа ярихгүй юу?
-“City” их сургуулийг хувцас дизайнер мэргэжлээр энэ жил төгссөн. Суралцах хугацаандаа давхар make up artist-аар мэргэшсэн.
-Хувцас дизайнер мэргэжилтэй залуу яагаад make up artist болов?
-Хувцас дизайнер, make up artist гэсэн энэ хоёр мэргэжил хоорондоо уялдаатай. Өөрийн бүтээсэн хувцсанд тохирох нүүр будалтыг өөрөө хийвэл жинхэнэ өөрийн бүтээл болно. Миний хувьд энэ жил их сургуулиа дүүргэж, мэргэжлийн хувцас дизайнер болж байгаа ч make up artist хийгээд есөн жил, мэргэжлийн төвшинд ажиллаад дөрвөн жил болсон байна. Дунд ангид байхдаа л make up-ыг сонирхсон. Цэмцгэр байх, бүтээлч зүйлд дуртай байдал нь үүнд нөлөөлсөн байх.
-Сүүлийн үед эрэгтэй make up artist-ууд хүч түрэн орж ирж байна. Тэднээс та юугаараа ялгарах вэ?
-Эрэгтэй make up artist-уудаас creative (бүтээлч) байдлаараа ялгарах байх. Нарийн ажиллагаа шаардсан, уусгалт, зуралт ихтэй будалт зэргээрээ ялгарна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
“ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ХҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ ЗАН ЧАНАР ЧИМДЭГ ГЭЖ БОДДОГ”
“Гоёл 2013” наадмын Топ модель, загвар өмсөгч, О.Пүрэвдуламmай ярилцлаа.
-Та тэр бүр хэвлэлд ярилцлага өгдөггүй. Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Топ моделиор тодорсноосоо хойш хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж, хэсэг тайзнаасаа хөндийрсөн байх?
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг ярилцлагадаа урьж оролцуулсанд баярлалаа. Миний хувьд өнгөрсөн хугацаанд их сургуульдаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд илүү анхаарал хандууллаа. Хажуугаар нь загварын шоу, зураг авалтад тасралтгүй орж байна.
-Одоо хаана ажиллаж байгааг тань сонирхож болох уу?
-Би одоогоор “Шилмэл загвар” агентлагт багшлахын хажуугаар сонирхлынхоо дагуу менежерээр ажиллаж байна.
-Загвар өмсөх, багшлах хоёрын ялгаа гэвэл?
-Тийм ч их ялгаатай зүйл байхгүй дээ. Олж авсан туршлагаасаа бусдад зааж сурган, гоо зүйн сургалт авахыг хүссэн охид, эмэгтэйчүүдэд өөрийнхөө мэддэг зүйлээ хуваалцан, зөвлөж, биеэ зөв боловсон авч явахад нь хувь нэмэр болж байна даа.
-Монголын Топ моделиудыг харахад 13, 14 настайгаасаа загварын ертөнцөд анх хөл тавьсан байдаг. Таны хувьд хэдэн насандаа загварын тайзнаа алхаж эхэлсэн бэ?
-Ер нь тийм л байдаг. Миний хувьд бас л 14 настайдаа анх “Гоёл” наадамд оролцож байсан. Анхны уралдаан тэмцээн болохоор айж, эмээх зүйл гаралгүй яах вэ. Анх нэг сарын бэлтгэлд хамрагдаж, багагүй зүйл сурч, туршлага олж авсан. Ер нь ихэнх моделиудын хувьд жил бүр оролцох тусам илүү нүүр хагарч, чадварлаг болж байгаа нь харагддаг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Холбоотой мэдээ