Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжихоор төсөөлж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжихоор төсөөлж байна

Төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Иймд санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 29 нь 51.8 хувийн саналаар төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн 19, Улсын Их Хурлын тогтоолын 1 төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороодод шилжүүллээ.

Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засаг 5 орчим хувийн өсөлттэй тогтворжино хэмээн төсөөлжээ

Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэлээ. Коронавируст цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг урьдчилан тооцоолоход хүндрэлтэй байдал үүссэн байгааг танилцуулгад дурдсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өнөөгийн байдлаар нийт 22.6 сая хүн халдвар авч, 790.8 мянган хүн нас баржээ. Дэлхийн эдийн засаг 2020 онд огцом буурч, -4-6 хүрэхээр байна гэж Олон улсын валютын сан мэдээлсэн. Өргөн хүрээг хамарсан хөл хорио, дэглэм, хилийн хязгаарлалт зэрэг онцгой нөхцөл байдлаас үүдэн олон сая хүний орлого, амьжиргаа, ажлын байр, амьдралын хэв маяг таслалдсаныг олон улсын байгууллагууд ч мэдээлж байна.

Дэлхийн ихэнх орон цар тахлын тархалтаас үүдэлтэй эдийн засгийн энэхүү уналтыг сааруулах, иргэд, бизнес эрхлэгчдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалахад чиглэсэн төсөв мөнгөний бодлогыг шат дараатай хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа гэв. Ингэснээр төсвийн зарлага огцом нэмэгдэж, үүнийг төсвийн алдагдал болон Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэх замаар бусад орон шийдвэрлэж байгаа аж. Хэдийгээр коронавируст цар тахлын хоёр дахь давлагаа үүсэх эрсдэл өндөр байгаа ч 2021 онд дэлхийн эдийн засаг эргэн сэргэж 5.4 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болон зэс, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ тогтвортой байхад нөлөөлж байгаа аж.

Үүнээс гадна гадаад худалдааны манай гол түнш болох БНХАУ-ын гадаад худалдаа, аж үйлдвэрийн салбар коронавируст цар тахлыг хяналтандаа авснаас богино хугацаанд сэргэж, тус улсын эдийн засаг энэ оны II улиралд 3.2 хувь өссөн ба ирэх онд эдийн засгийн өсөлт нь 8.2 хувьд хүрэхээр хүлээгдэж байгаа нь манай улсын гадаад худалдааны эргэлтэд эергээр нөлөөлөл хүлээлт үүсгээд байгаа гэв.

Дэлхийн эдийн засгийн дунд хугацааны өсөлт болон Монгол Улсын нийгэм, эдийн засагт коронавируст цар тахлын үзүүлж буй сөрөг үр дагаварыг бууруулах, эдийн засгийг сэргээх, идэвжхүүлэхэд чиглэсэн арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжихоор төсөөлж байгаа юм байна. Ингэснээр хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2021 онд 3.6 хувь, 2022 онд -2.8 хувь, 2023 онд -2 хувь байхаар буюу Тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцүүлсэн байхаар тооцжээ.

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.  Төсвийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Хууль санаачлагч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тооцсон гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг тусгаж тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, төсвийн тусгай шаардлагад нийцүүлж хуульчлан батлах” гэж заасны нь дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд төсвийн тодотголд өвөлжилтийн бэлтгзл хангах болон нөөц, гамшгийн чиглэлийн сангуудын санхүүжилтийг нэмэгдүүлэх, мөн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг 9 сардаа багтаан яаралтай шийдвэрлэж дутуу ажлуудыг дуусгах, худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан, гомдол их гарч байгаад дүгнэлт хийх нь зүйтэй гэсэн гаргасан байна. Хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл асуулт асууж, Сангийн сайдаас хариулт тайлбар авсан юм. Гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 27 нь буюу 55.1 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж