УНТЭ: Элэг шилжүүлэн суулгах 100 дахь хагалгааг амжилттай хийв

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

УНТЭ: Элэг шилжүүлэн суулгах 100 дахь хагалгааг амжилттай хийв

УНТЭ: Элэг шилжүүлэн суулгах 100 дахь хагалгааг амжилттай хийв

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг (/УНТЭ)-ийн Элэг шилжүүлэн суулгах баг өнөөдөр (2020.08.21) 100 дахь хагалгаагаа амжилттай хийлээ. Эмчилгээний аргыг амжилттай нутагшуулсан тус багийг байгууллагын Хүндэт дэвтэрт бичин, алдаршуулах арга хэмжээ УНТЭ-д болж, үе үеийн Эрүүл мэндийн сайд нар болон хамтран ажилладаг эмнэлгийн удирдлага, эмч, эрдэмтэд оролцов.

ӨНӨӨДӨР 100 ДАХЬ МЭС ЗАСЛАА АМЖИЛТТАЙ ХИЙЖ, ЭХ ОРОНДОО НУТАГШУУЛЛАА

УНТЭ-ийн ерөнхий захирал Н.ЛХАЖИЙ:

-Элэг шилжүүлэн суулгах анхны хагалгаа Монгол Улсад 2011 оны есдүгээр сарын 24-нд хийгдэж байлаа. Өнөөдөр 100 дахь мэс заслаа амжилттай хийж, эх орондоо нутагшуулснаа Төр засагтаа баяртайгаар мэдэгдэхэд таатай байна.

Цаашид бид Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт ойртуулахын тулд эмчилгээ, оношилгооны дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн ажиллах, хүний нөөцөө чадавхжуулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх сургалт, эрдэм шинжилгээ, инновацын хөгжлийг хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зэрэг Тогтвортой хөгжлийн зорилтын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно.

ТАРХИНЫ ҮХЖИЛТЭЙ ДОНОР, ЦУСНЫ БҮЛЭГ ТОХИРООГҮЙ ДОНОРООС ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГААД БАЙНА

УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.СЭРГЭЛЭН:

-Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулж, 100 дахь мэс заслынхаа тайлан танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Манай багийн гол зорилго нь элэг шилжүүлэн суулгах эмчилгээний аргыг эх орондоо нэвтрүүлж, олон улсын түвшинд хүргэх юм.

Зорилгынхоо хүрээнд мэс заслыг амжилттай нутагшуулах, мэс заслын улмаас өрхийн санхүүд учирч буй хүндрэлийг бууруулах зэрэг зорилтыг тавьсан. Элэгний эмгэг нь эцсийн шатандаа орсон өвчтөний амь насыг аврах ганц арга нь элэг шилжүүлэн суулгах байдаг.

Монгол Улсад энэ аргыг нутагшуулахаар эхэлж байх үед элэгний эмгэгийн нөхцөл байдал хүнд буюу элэгний эмгэг, элэгний хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтаараа дэлхийд дээгүүрт орж байв. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо нэвтрүүлэх, нутагшуулах зам дардан байгаагүй бөгөөд одоогоор гурван үе шатад хувааж болно.

Туршилтын мэс заслыг хийж эхэлсэн. Энэ нь аль ч улсад хийгддэг эмчилгээний аргын эхлэл шат юм. Анх 26 гахайнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байлаа. 2011-2014 онд БНСУ-ын Асан сургуулийн багш нартайгаа хамтран нутагшуулах эхлэл тавигдсан. Асан их сургуулийн баг 20-25 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж, элэгний мэс заслыг хэрхэн хийхийг зааж, сургасан. Мөн эмч, мэргэжилтнүүдийг Солонгост сургаж, мэргэшүүлж байв. Мөн энэ үед Донорын тухай хууль батлагдсанаар эрх зүйн орчин бүрдэж, санхүүжилтийн асуудлууд шийдэгдсэн.

2015 оноос манай баг бие даан анхны ажлаа эхэлсэн. Энэ хугацаанд тархины үхжилтэй донороос элэг шилжүүлэн суулгах болон цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгаад байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж