Их Британийн тансаг зэрэглэлийн “Burberry” брэнд нэг бүр нь 90 паунд буюу 120 орчим ам.долларын үнэтэй амны хаалтыг худалдаанд гаргахаар болжээ. Ингэснээр тус компани нь тансаг эдлэлийн брэндүүдээс анх удаа ашгийн зорилгоор амны хаалт үйлдвэрлэж, худалдаанд гаргаж буй компани болж байна. Ингэхдээ амны хаалт бүрээс орсон орлогын 20 хувийг коронавирустай тэмцэх “Burberry Foundation COVID-19 Community” санд хандивлах гэнэ.
“Burberry” компани нь дөрөвдүгээр сард коронавирустэй тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хамгаалалтын хэрэгсэл, амны хаалт үйлдвэрлэж байсан юм. Хувцас үйлдвэрлэхэд гарсан илүүдэл материалаар хийсэн уг амны хаалт нь нян, бактериас хамгаалах технологиор хийгджээ.
Burberry цар тахалтай тэмцэж буй Британийн эмнэлгийн ажилтнуудад зориулж хамгаалалтын хэрэгсэл үйлдвэрлэж байсан ч харин энэ удаа арилжааны зорилгоор амны хаалт үйлдвэрлэж байгаагаараа онцлог.
Эх сурвалж: Business Insider