“Зээлийн хүү жил бүр 1 хувиар буурч, 2023 онд сарын 1 хувьд хүрнэ”

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

“Зээлийн хүү жил бүр 1 хувиар буурч, 2023 онд сарын 1 хувьд хүрнэ”

“Зээлийн хүү жил бүр 1 хувиар буурч, 2023 онд сарын 1 хувьд хүрнэ”

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар (2020.08.20) Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ. Тус тогтоолын төсөлд зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэл, зардлыг бууруулах, зээлийн гэрээ, хэлцэлд оролцогчдын шаардах эрх баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг шуурхай хангах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг нарийвчлан тусгасан байна.

Эдгээр арга хэмжээнд Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгайлан зааснаас гадна санхүүгийн урт хугацаатай тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл, шаардлагыг шинээр хуульчлан тогтоох зэрэг хууль, эрх зүйн шинэчлэлийн санал боловсруулах чиг үүргийг багтаажээ.

Уг стратегид зээлийн хүүг дөрвөн чиглэлээр бууруулахаар төлөвлөсөн бөгөөд тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор, ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Өнөөдөр банкны зээлийн хүү өндөр, жилийн 11, 12 хувьтай. Урд нь зээлийн хүүг бууруулах чиглэлээр маш олон тогтоол, шийдвэр гарч байсан. Тухайлбал, 2011 онд УИХ-ын тогтоол гарч, зээлийн хүүг бууруулах, 2014-2016 онд зээлийн хүүг бууруулах чиглэлээр тогтоол гарч байсан. Өмнө нь 20.5 орчим хувь байсан зээлийн хүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жигнэсэн дундаж хүү нь 16.3 хувь болж буурсан. Бидний авч буй арга хэмжээний хүрээнд зээлийн хүү жил бүр нэг хувиар буурах, дөрвөн жилийн хугацаанд 4 хувиар буурч, 2023 оны эцэс гэхэд сарын 1 хувийн хүүтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авагдана. Үр дүнг нь бид ингэж тооцож байгаа юм.

Зээл гэдэг бүтээгдэхүүний 60% нь татаж төвлөрүүлсэн хөрөнгө байдаг. Зээлийн хүүг бууруулах стратеги батлагдсанаар энэ хөрөнгийн зардлыг бууруулна, банкны үйл ажиллагааны зардлыг бууруулна. Энэ зардал зээлийн хүүгийн 17 орчим хувийг эзэлдэг хамгийн өндөр зардлуудын нэг. Банкны эрсдлийн зардлыг бууруулна. Энэ зардал хүүгийн 12% орчимд байдаг.

Монгол Улсад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн биржээр дамжиж арилжаалагдах үйл ажиллагааг идэвхжүүлэх гэсэн дөрвөн замаар зээлийн хүүг бууруулна.

Тухайлбал, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, банкуудыг хувьцаат компани болгоё гэж байгаа. Нэг хүн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн эзлэх дүрмийн сангийн хувийг 20%-аар хязгаарлаж, үлдсэн 80 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан худалдъя гэж байгаа юм. Ингэснээр банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдэж, олон нийтийн хяналт бий болно" гэв.

Мөн тэрбээр “Банкууд тусгай гэрээ гэж хийж өндөр хадгаламжтай хүмүүсийг татдаг. Ийм хадгаламжтай улс дэлхийд их ховор байна. Зээлийн хүү, ялангуяа том дүнтэй хадгаламж эзэмшигчдийн хувьд гэрээ хийж, хадгаламж нь тухайн банкны зээлийн эх үүсвэр болон ашиглагддаг. Тийм учраас зээлийн хүүг тодорхой үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч болно гэж Монголын банкуудын холбоотой ярьж тохироод, энэ асуудлыг тавьж байна” гэв.

ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧӨЛӨӨТ ЗАРЧМААР ЯВНА

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хадгаламжийн хүү чөлөөт зах зээлийн зарчмаараа явна. Арилжааны банкуудад хэрэглэдэг тусгай нөхцөлтэй хадгаламжийг аль болох хязгаарлахад Монголбанк болон бид анхаарлаа төвлөрүүлнэ. Том системийн банкууд тусгай нөхцөлтэй хадгаламж авах нь багассан байх. Бусад банкууд хэвээрээ байх гэж бодож байна” гэж хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Зээлийн хүүг бууруулах энэ удаагийн стратегийн ач холбогдол нь бид Монголбанк болон Банкны холбоотой хамтран боловсруулсан. Сүүлийн гурван жилд зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү 3.8 орчим хувиар буурсан. Банкны зүгээс макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайн байлгаач ээ гэж буй.

Өнгөрсөн гурван жилд эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байсан учраас хүү ийнхүү буурсан. Цаашид ОУВС-гийн хөтөлбөртэй, хөтөлбөргүй банкны салбараа эрүүлжүүлэх нь гол байна" гэв.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн зээлийн хүүг бууруулахдаа гол баримтлах зарчим нь захиргаадалтаар оролцохгүйгээр, зохиомол хөөс үүссэн зардлуудыг хуулийн зохицуулалтаар, зохистой бууруулах санаануудаа оруулж өгсөн гэдгийг онцоллоо.

Стратегитай холбоотойгоор 6 хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. Эх үүсвэртэй холбоотой зардлуудыг бууруулж, чанаргүй зээлийн шүүхийн маргааныг түргэвчилснээр банкны системийг эрүүлжүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Сүүлийн гурван жилд зээлийн хүү сүүлийн 30 жилийн хамгийн өндөр хэмжээгээр буурсан. Үүнд эдийн засгийн өсөлт, санхүү, төсвийн тогтвортой байдал нөлөөлсөн гэж харж байгаа тул эдийн засгаа эрүүл байлгаснаар зорилтоо хүрнэ гэж харж байгаагаа хэлээд "Монгол Улсын эдийн засаг цаашдлаа эрүүлжиж тогтворжиж, улам өсөлттэй байхад бид олон улсын байгууллагуудтай хамтрах шаардлагатай. Энэ хүрээнд банкуудын системийн шинэчлэл эхлээд явж байгаа. Энэ төсөл банкны реформын нэгээхэн ажил гэж болно" гэв.


Зээлийн хүүг бууруулах зорилтыг төрөөс коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх бодлогын тэргүүлэх зорилт болгон дан ганц байгууллага, албан тушаалтанд хариуцуулахгүй нэгдсэн байдлаар талуудыг оролцоог бүрдүүлэн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй байх үүднээс тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийг боловсруулахтай холбогдуулан зээлийн хүүгийн бүрэлдэхүүн, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлсон судалгааны үр дүнг судалж,  Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хуулиар тодорхойлсон зорилт, бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж болох арга хэмжээний цар хүрээг тодорхойлж, холбогдох санхүү, эдийн засаг, хууль зүйн тооцоо судалгаанд үндэслэн, тогтоолын хэрэгжилтэд хамаарагдах банкуудын санал зэргийг урьдчилан тооцсон бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсөвт шууд нөлөөлөхгүй.

Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж тогтоолын төсөл санаачлагчид үзжээ.

Posted by News.mn on Thursday, August 20, 2020

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж