Дампуурлаа зарлах дараагийн банк “Чингис хаан” уу?

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

Дампуурлаа зарлах дараагийн банк “Чингис хаан” уу?

Аудитын ерөнхий газрын орлогч дарга О.Тэнгис үнэн бодит байдлыг ил болгоод, эрх мэдэлтнүүдэд загнуулж, чичлүүлсэн мэдээллийг эх сурвалж өгөв. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангийн 484.3 тэрбум төгрөг Улаанбаатар, Голомт, Капитрон, Төрийн банк, Үндэсний хөрөнгө оруулалт, Хаан, Чингис, Кредит, Худалдаа хөгжлийн банкуудад байршиж буй. Тэднээс эрсдэлтэй хоёр банкинд буй мөнгийг зөв байршуулахгүй бол Капитал банкны түүх давтагдана гэдгийг О.Тэнгис орлогч илчилсэн хэрэг.

Уг нь арилжааны хоёр банк Монголбанкны үнэлгээгээр эрсдэлтэй ангилалд байгаа нь тогтоогдсон ч Төв банкны ерөнхийлөгч болон Монголын банкны холбооныхон илтэд “мэдэн будилав”. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч “Бүх арилжааны банкны үйл ажиллагааг хяналтдаа байлгаж байгаа” хэмээн яаран сандран мэдээлэл хийсэн нь олон хүнд жигтэй бодлууд төрүүлсэн нь илт. Зарим хүн Төв банкны удирдлага тэргүүтэй хүмүүст ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байна гэж хардаж буйгаа илэрхийлж байна.

Т.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгч байх үеэс л Монголын арилжааны дөрвөн том банкны үйл ажиллагаа хүндхэн байгаа мэдээллийг эдийн засагчид өгч байсан боловч “хав дараад” өнгөрсөн. Түүний гор одоо гарч байна уу гэлтэй. Капитал банк дампуурч, түүний уршгаар иргэд хохирлоо барагдуулж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Өнөөдрийн байдлаар тус банкинд итгээд хохирсон хүмүүсийн 20 гаруй хувийнх нь л хохирлыг барагдуулсан бол үлдсэн нь хэрхэх нь тодорхой байгаа мэдээлэл бий.

Дампуурлаа зарлахад тун ойрхон байгаа банкаар “Чингис хаан” банкны нэр дуулдаж байна.

Тус банкны үйл ажиллагаа доголдсон тухай мэдээллийг эдийн засагчид оны эхнээс л өгч байв. Тодруулбал, “Чингис хаан” банк 2019 оны нэгдүгээр улиралд Төв банкинд “төлбөр гүйцэтгэх чадвартай” гэж худал тайлагнасны улмаас харилцагчид мөнгөн хадгаламж болон харилцах дансаа уг банкинд байршуулж, өнөөдөр  хохирогч болоод байгаа тухайгаа өчигдөр (2020.08.20) мэдэгдсэн. Хохирогчдын мэдээлж буйгаар байдал бишдсэнийг Монголбанк хүлээн зөвшөөрч, тус банкинд хянан шалгагч ажиллуулж эхэлжээ.

“Чингис хаан” банкны 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг харвал нийт актив нь 527.2 тэрбум төгрөг. Харилцах хадгаламж нь 279.4 тэрбум төгрөг байсан наж. Нийт олгосон зээл нь 265 тэрбум, өөрийн хөрөнгө нь 41 тэрбум төгрөг байжээ. Монголбанкнаас арилжааны банкинд тавьдаг төлбөр түргэн гүйцэтгэх зохистой харьцаа нь 35.3 хувьтай гарсан байна.

Дээрх бүх үзүүлэлт хамгийн муу дүнтэй, тухайлбал, төлбөр түргэн гүйцэтгэх зохистой харьцааны шалгуур үзүүлэлт нь -9.4 хувьд хүрч байжээ. Уг нь Монголбанкнаас уг үзүүлэлтийн доод хязгаарыг 25 хувь хэмээн тогтоосон байдаг.

Чингис хаан банкны 2020 оны нэгдүгээр улирлын тайлангаас харвал нийт хөрөнгө нь 372.1 тэрбум төгрөг, өр төлбөр нь 360.8 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт олгосон зээл нь 254.9 тэрбум төгрөг байна. Үүнээс чанаргүй зээлийн хэмжээ 39 тэрбум төгрөгт хүрчээ. Анхаарал хандуулахуйц, асуудал дагуулсан зээлийн хэмжээ 1.2 тэрбум төгрөг байгаа аж. Энэ бүхэн Чингис хаан банкны үйл ажиллагаа доголдож, хэвийн бус болсныг илтгэж байна.

Бид Төв банк болон Чингис хаан банкны олон нийттэй харилцах албанд хандсан боловч тус банкны үйл ажиллагааны талаар ганц ч үг ганхийсэнгүй.

“Чингис хаан” банк 2019 оны арванхоёрдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд харилцагч, хадгаламж эзэмшигч нарын гүйлгээг саатуулах, хойшлуулах зэргээр тэднийг хохироосоор иржээ. Тухайлбал, тус банк итгэж хандсан үйлчлүүлэгчдийнхээ 11 тэрбум төгрөгийг “тас нуучихаад” өгөхгүй байгааг “Чингис хаан” банкны хохирогчдын холбооныхон мэдээлэв.

Тус банк нь мөнгө зээлүүлсэн иргэн мөнгөө авъя гэхээр өгөхгүй, аль байдаг арга чаргаа хэрэглэн зугтаж буй нэгэнтэй төстэй “авирласаар” иржээ. Тухайлбал, хохирогчид тус банкнаас өөрийн мөнгөө авъя гэхээр “Нэрээ бичүүл” гэдэг. Өнгөрсөн нэгдүгээр сард мөнгөн хөрөнгө гаргах боломжгүй байна, оронд нь байр ав гэжээ. Харамсалтай нь тус байр нь барьцаанд байсан аж.

БАНКНЫ ДАМПУУРЛЫН ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН ЭТГЭЭДҮҮД ТОРГУУЛИАД ӨНГӨРСӨН

“Чингис хаан” банкны үйл ажиллагаа доголдсон мэдээллийг олон түмнээс нуусан нь араасаа асуудлууд дагуулсаар байна. Энэ нь нэгд, маш олон иргэний эрх ашиг хөндөгдөж буй. Хоёрт, татвар төлөгчдийн мөнгө буюу Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын сангийн 30 тэрбум төгрөг “үрэгдсэн”. 2017 оноос ЭМДС-гаас дээрх мөнгийг 15.2 хувийн хүүтэй Чингис хаан банкинд байршуулжээ.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлага “Чингис хаан” банктай 2017 оны наймдугаар сарын сүүлчээр мөнгөн хадгаламжийн гэрээг жилийн 15.2 хувийн хүүтэй байгуулсан аж. Улмаар 2018 оны нэгдүгээр сарын 30-нд “Чингис хаан” банкин дахь 3201…. дугаартай харилцах дансны үйлчилгээний гэрээг жилийн 5.5 хувийн хүүтэй байхаар, энэ оны гуравдугаар сард уг дансны үйлчилгээний гэрээг зургаан хувийн хүүтэй байхаар нэмэгдүүлсэн байна.

Хэдийгээр энэ нь хууль, журмын дагуу хийж буй ажил ч “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг банкиндаа байршуулах гэрээ хэлцлийг Ч.Алтанхуягтай хийсэн нь хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон үйлдэл гэж хууль сахиулагчид үзсэн.

Ийнхүү давуу байдал бий болгосных нь төлөө “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн дансаар урьдчилгаа хэлбэрээр сар бүр байршуулсан мөнгөн дүнгийн хоногийн үлдэгдлийн 1-2 хувиар хүү тооцож, таван удаагийн гүйлгээгээр хахууль өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон байдаг. Уг хэрэгтэй холбогдуулан “Чингис хаан” банкны ТУЗ-ийн гишүүд болон “Нью стандарт финанс” ХХК-ийн өмчлөгч зарим хүнээс тайлбар мэдүүлэг авчээ.

“Нью стандарт финанс” ХХК-ийн өмчлөгч иргэн Д.Батаа тус компанийн 46, Ш.Бүтэд 31, Ц.Баярсайхан 23 хувийг эзэмшдэг байна.

Эрүүгийн болон авлигын хэргийн яллагдагчаар татагдсан “Чингис хаан” банкны ТУЗ-ийнхөн, хөрөнгө оруулагч “Нью стандарт финанс” ХХК-ийн удирдлага болон банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар улс төрд нөлөө бүхий этгээд болох ЭМДЕГ-ын Ч.Алтанхуягт 86.2 сая гаруй төгрөгийн хахууль өгсөн байдаг.

Энэ оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ч.Алтанхуягийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гэмт хэргийн замаар олсон орлого буюу 86,234,000 төгрөгийг хэрэгт хураагдсан мөнгөн төгрөгөөс улсын орлого болгох боломжтой/ гэж үзсэн. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 30,000 нэгж буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял,

Мөн "Чингис хаан" банкны Гүйцэтгэх захирал асан, шүүгдэгч С.Сандагдоржийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзсэн. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 7,000 нэгж буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан үзжээ.

Иймээс прокурорын саналын хүрээнд Ч.Алтанхуяг, С.Сандагдорж нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн билээ.

"Чингис хаан" банкны үйл ажиллагаа зогсвол тус банкинд итгэсэн иргэдийн итгэл найдвар талаар болж, Капитал банкны хохирогчдын адил аргаа барж хоцрох вий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж