“Гоёл 2013” наадмын Топ модель, загвар өмсөгч, О.Пүрэвдуламmай ярилцлаа.
-Та тэр бүр хэвлэлд ярилцлага өгдөггүй. Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Топ моделиор тодорсноосоо хойш хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж, хэсэг тайзнаасаа хөндийрсөн байх?
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг ярилцлагадаа урьж оролцуулсанд баярлалаа. Миний хувьд өнгөрсөн хугацаанд их сургуульдаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд илүү анхаарал хандууллаа. Хажуугаар нь загварын шоу, зураг авалтад тасралтгүй орж байна.
-Одоо хаана ажиллаж байгааг тань сонирхож болох уу?
-Би одоогоор “Шилмэл загвар” агентлагт багшлахын хажуугаар сонирхлынхоо дагуу менежерээр ажиллаж байна.
-Загвар өмсөх, багшлах хоёрын ялгаа гэвэл?
-Тийм ч их ялгаатай зүйл байхгүй дээ. Олж авсан туршлагаасаа бусдад зааж сурган, гоо зүйн сургалт авахыг хүссэн охид, эмэгтэйчүүдэд өөрийнхөө мэддэг зүйлээ хуваалцан, зөвлөж, биеэ зөв боловсон авч явахад нь хувь нэмэр болж байна даа.
-Монголын Топ моделиудыг харахад 13, 14 настайгаасаа загварын ертөнцөд анх хөл тавьсан байдаг. Таны хувьд хэдэн насандаа загварын тайзнаа алхаж эхэлсэн бэ?
-Ер нь тийм л байдаг. Миний хувьд бас л 14 настайдаа анх “Гоёл” наадамд оролцож байсан. Анхны уралдаан тэмцээн болохоор айж, эмээх зүйл гаралгүй яах вэ. Анх нэг сарын бэлтгэлд хамрагдаж, багагүй зүйл сурч, туршлага олж авсан. Ер нь ихэнх моделиудын хувьд жил бүр оролцох тусам илүү нүүр хагарч, чадварлаг болж байгаа нь харагддаг.
-Таныг загварын салбарт хөтөлсөн багш хэн байв?
-Анх “Гоёл” наадамд тэнцэж, оролцож байхдаа Топ модель Д.Цолмон багшаар алхаагаа заалгаж байсан. Одоогоор багштайгаа холбоогүй байна. Хамгийн сүүлд “Гоёл” наадамд хамт оролцохдоо таарсан. Би багшаасаа хувь хүнийхээ хувьд үлгэр жишээ авч, хүндэлж явдаг.
-Загварын ертөнцөд өрсөлдөөн их байдаг юм шиг харагддаг. Энэ үнэн үү?
-Мэдээж ямар ч салбарт өрсөлдөөн бий. Тэр дундаас нэг нь ялгарч ирдэгтэй адил тэмцээн уралдаанд өрсөлдөөн байлгүй яах вэ. Гэхдээ онцгүй байдлаар ч гэх юм уу, хүмүүсийн дунд байдаг шиг өрөөсгөл бодол ард хоцорсон гэж хэлж болно. Одоо үеийн залуус их соёлтой болж байгааг харахад таатай байдаг.
-Гоёл наадмыг 30 гаруй жил зохион байгуулж ирлээ. Таны хувьд энэ наадмын тайзнаа хэдэн жил алхаж байна вэ?
-Би “Гоёл” наадамд тасралтгүй 12 жил оролцож ирсэн. Жил бүрийн “Гоёл” наадамдаа оролцохдоо баяртай байдаг юм.
-Загвар өмсөхийн хажуугаар "Catwalk" охидын хамтлагийн ахлагч байсан шүү дээ. Одоо хамтлагийнхантайгаа холбоотой байдаг уу?
-Мэдээж хамтлагийн охидтойгоо холбоотой байдаг. Тухайн үед гадаад улс руу явж сурах нь сураад, нэг хэсэгтээ холбоогүй байсан. Бид хүсэл сонирхлоороо нэгдэж, шинэ зүйл хийхийг хүсч байсан учраас маш сайхан дурсамжийг үлдээж чадсан. Одоохондоо дуулах талаар бодоогүй л байна. Гэхдээ урлагт хайртай болохоор сүүлд гарсан шинэ уран бүтээлчдийг дэмжиж, сонсох дуртай.
-Таны үлгэр дууриал авдаг алдартай модель хэн бэ?
-Үлгэр дууриал авдаг маш олон модель байдаг. Тэр дундаас хамгийн дуртай модель бол Tэйлор Хилл.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Чөлөөт цагаараа гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх дуртай. Бас спортоор хичээллэхийг илүүд үздэг. Би аав, ээж, дүүтэйгээ хамт амьдардаг. Тэд маань үргэлж миний үнэнч түшиг тулгуур минь болж ирсэн. Тиймээс гэр бүлийнхэндээ баярлаад баршгүй. Багаасаа л дүүгээсээ илүү эрх өссөн, одоо ч тэр хэвээрээ.
-Эмэгтэй хүнийг юу чимдэг гэж боддог вэ?
-Эмэгтэй хүнийг гадна үзэмж, гоо сайхнаас илүү зөв боловсон биеэ авч яваа байдал, хүнлэг, энэрэнгүй зан чанар чимдэг гэж боддог. Надад элдэв хачиргүй өөрийнхөөрөө сэтгэлээсээ байдаг эмэгтэйчүүд сайхан санагддаг. Ер нь зөв бүхнийг уриалж, эерэг байж чаддаг эмэгтэйчүүдийг хараад их бахархдаг.
-Топ модель бүсгүй гоо сайхандаа хэр их цаг зарцуулдаг бол. Арьс арчилгаа, нүүр будалтын талаар эмэгтэйчүүд их зөвлөгөө авдаг уу?
-Загварын салбарт ажиллаж буй учраас гоо сайхандаа анхаарал хандуулалгүй яах вэ. Гэхдээ би гэрийн нөхцөлд хийж болох гоо сайхны арчилгааг илүүд үздэг. Ер нь охид, эмэгтэйчүүд надаас энэ асуултыг их асуудаг. Ялангуяа үс арчилгааг маань их сонирхдог юм. Миний хариулт бол аль болох эрүүл аргаар үсээ арчлахыг зөвлөдөг. Насандаа тохирсон тос хэрэглэх, үсээ хэт будахгүй, гэмтээхгүй, эрүүл байлгах гэх мэт.
-Сүүлд томоохон загварын шоу, агентлагтай хамтран ажиллах санал хүлээн авсан уу?
-Багаараа “G7 squad milan fashion week” шоунд оролцох байсан боловч цар тахлын улмаас оролцож чадаагүй. Сүүлийн гурван жил нэлээн олон оронд загварын шоунд амжилттай оролцоод ирсэн.
-Таны цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл?
-Хийхээр төлөвлөж буй ажлуудаа амжилттай эхлүүлж, үргэлжлүүлэх зорилготой байна. Зорьж байгаа маш олон ажил бий. Бүгдийг нь амжилттай сайн хийхийг хүсч байна. Цаашдаа олон модельд дэлхийн загварын ертөнцөд хөл тавихад нь тусалж, бэлтгэхийг хичээж л явна. Миний хувийн сонирхол загварын ертөнцөөс арай өөр салбар байдаг. Би хийж бүтээхийг хүссэн бүх зорилгоо биелүүлэхийг хичээх болно.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ