ЖДҮХС-г "цөлмөж", ял авсан этгээдүүд

Хуучирсан мэдээ: 2020.08.21-нд нийтлэгдсэн

ЖДҮХС-г "цөлмөж", ял авсан этгээдүүд

ЖДҮХС-г "цөлмөж", ял авсан этгээдүүд

УИХ-ын нэр бүхий 49 гишүүн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа олон тэрбумын зээл авсан нь тодорхой болж, нийгэмд багагүй шуугиан тарьж байлаа. Уг асуудлаас болж зарим гишүүд эхнэр хүүхэд, ээж ааваа "танихгүйд хүрсэн" бол  зарим нь тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэх, сонгогчдоо бодлогоор дэмжих үүднээс зээл авч өгсөн гэх тайлбар хийж байв. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлсан гишүүдэд хариуцлага тооцох хүсэлтийг хууль, шүүхийнхэнд одоо ч тавьж, эсэргүүцлээ илэрхийлж буй.  

Хэргийг эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газраас 15 гишүүнд  хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж хэрэг үүсгэсэн ч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй учраас хэргийг хаасан юм. Уг нь улстөрчийн ёс зүй өндөртэй, хариуцлагатай оронд ард түмэнд очих ёстой зээлийг хамаарал бүхий этгээд болон хамаатан садныхаа компанид авсан гишүүд нь аль хэзээний огцрох байсан биз.

Шүүх байгууллага олон жил дамнасан авлига, албан тушаалын  гэмт хэргийг эцэслэж, зохих шийтгэлийг нь оноож эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир нар хорих, Б.Батзориг торгох ялаар шийтгүүлсэн.

ЖДҮХС-гийн мөнгөнөөс хулгайлсан гэмт хэргийг мартаж үл болох баримт бөгөөд хаяж үл болох хариуцлагын тухай асуудал юм. Ял авсан хүмүүсийг эргэн сануулъя.

ЖДҮХС-гийн зээлийг намын бүлгийн гишүүд, албан тушаалтнуудад тэгш, хүртээмжтэй олгосон хүн нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг. Өөрөө ч хамгийн өндөр үнийн дүн бүхий зээл авсан байдаг.

Наймдугаар сарын 4-ний өдөр түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүхээс Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. 

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзсэн байдаг. Тодруулбал, өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан.

Учир нь Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийн гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан билээ.

Д.ДАМБА-ОЧИР 3.6 ЖИЛИЙН ЯЛ СОНСОВ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан.

Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал наймдугаар сарын 19-ний өдөр болж түүнийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Г.СОЛТАНД ГУРВАН ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

Нийслэлийн прокурорын газар улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, зургадугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлсэн билээ.

Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан долдугаар сарын 29-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван  жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь шүүхээр ийн тогтоогдоод байна. Тодруулбал, тэрбээр хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсөн хэмээн яллагдсан нь энэ юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж