АНУ-ын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн од Меган Рапино коронавирусийн улмаас 2021 оны зун хүртэл хойшлогдсон Токиогийн олимпийг дахин хойшлогдож магадгүй хэмээн бодож буйгаа илэрхийлжээ. Өдгөө 35 настай тэрбээр CNN-ийн сэтгүүлч Дэвид Акселродын "Axe Files" подкастанд оролцох үеэрээ "Ирэх жил олимпийн наадам явагдах эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Энэ талаар логиктой бодоход эмийн эмчилгээ болон батлагдсан вакцин одоог хүртэл байхгүй байгаа учир дараа жилийн олимп хойшлогдох магадлал өндөр байгаа мэт санагдаж байна" хэмээжээ. Хэрэв ирэх зун Рапино олимпод тогловол АНУ-аа төлөөлж гурав дахь наадамдаа оролцоно. Тэрбээр өмнө нь 2012 оны Лондонгийн олимпод багийнхаа хамтаар алтан медалийн эзэн болж байсан юм.
Меган Рапино 2015 болон 2019 онуудад АНУ-ын шигшээ багтайгаа эмэгтэйчүүдийн ДАШТ-нд түрүүлж, 2019 оны дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр тодорч байсан гайхалтай тамирчин бүсгүй.
Олон улсын олимпийн хороо өнгөрөгч гуравдугаар сарын 24-ний өдөр шийдвэр гарган 2020 оны долдугаар сарын 24-нд эхлэх хуваарьтай байсан Токио-2020 олимпийн наадмыг шинэ коронавирусийн улмаас нэг жилээр хойшлуулж 2021 оны долдугаар сарын 21-нд болж байгааг зарласан билээ. Токио-2020 тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёоширо Мори өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр “Nikkan Sports” телевизэд өгсөн ярилцлагадаа хэрэв ирэх жил олимпийг зохион байгуулах боломжгүй байвал дахин хойшлуулах бус шууд цуцална гэдгээ мэдэгдсэн. Мөн Японы анагаах ухааны холбооны тэргүүн Ёошитакэ Ёкокүра сэтгүүлчдэд хандан "Covid-19 өвчинтэй тэмцэх вакцин эсвэл үр дүнтэй эмийг боловсруулах нь олимпийн наадмыг зохион байгуулах тал дээр чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв Японд халдвар тархсан хэвээр байвал дэлхийн бусад орнуудад тахал намжиж эхэлсэн ч олимпийг зохион байгуулахад хэцүү байх болно "гэжээ.
Нью-Йорк Таймс сонины Дэвид Д.Киркпатриксын мэдээлснээр Оксфордын их сургуулийн судлаачдын бүтээсэн вакциныг ирэх есдүгээр сард анхны удаа туршиж үзнэ гэсэн байна. Мөн саяхан Орос улс өөрсдийн Спутник V вакциныг үйлдвэрлэж эхэлсэн билээ.
Д.БААСАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ