Чартер нислэгт багтан эх орондоо ирэхийн тулд авлига өгч байна гэсэн асуудлыг иргэд хөндөж буй. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатараас сэтгүүлчид тодрууллаа. Тэрбээр "Манай Шуурхай штабд найман байгууллагын 69 албан хаагчид салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллаж байгаа. Тэднийг УИХ-ын Дэд дарга С.Одонтуяагийн хүсэлтээр шалгуулж байгаа. Өөрсдөө ч хүсэлт өгөөд хүчний байгууллагаар шалгуулж байгаа. Би долдугаар сарын 9-нд ажил авсан. Үүнээс хойш хөрөнгө мөнгөтэй холбоотой тогтоогдсон зүйл байхгүй. Иргэдээс бол өдөрт 10,20 орчим гомдол ирдэг. Гэсэн ч шалгаад тогтоогдоогүй. Харин хүний нэр бариад гурав, таван сая төгрөг авчихсан хэрэг гарсан. Яг ажил хариуцаад явж байгаа хүмүүс ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл тогтоогдохгүй байгаа.
Дипломат газруудад асуудал байна гэж бас яриад байгаа. Түүн дээр мөн хууль хүчний байгууллага ажиллаж байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар иргэдээ гаднаас татан авах асуудал дээр төрийн албан хаагчид хөрөнгө мөнгө, авлигатай холбоотой асуудал байгаа бол УОК-т хандаарай. Бид өргөдөл гомдлыг тэр дор нь шийдвэрлэж, хууль хүчний байгууллагатай хамтран ажиллаж байгаа" гэв.
Холбоотой мэдээ