“АСЕМ хөрөнгө татах боломж”

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

“АСЕМ хөрөнгө татах боломж”

Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын орнуудын Дээд хэмжээний чуулга энэ оны долоодугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болно. Уг уулзалтын талаар өнөөдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг мэдээлэл хийлээ.

АСЕМ нь анх 1996 онд 26 орны гишүүнчлэлтэйгээр үүсэн байгуулагдсан бөгөөд Европын 30, Азийн 21 улс болон олон улсын 2 томоохон байгууллагыг эгнээндээ нэгтгээд байна Тус байгууллага нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээ явуулдаг. Цаашдаа гишүүнчлэл нь улам бүр өргөжих хандлагатай байгаа бөгөөд одоогоор Турк, Украйн, Серби улс гишүүнээр элсэх өргөдөл өгчээ. Монгол Улс 2008 онд Бээжин хотноо  чуулсан 7 дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэн бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаанд тогтмол, идэвхтэй оролцож ирсэн учраас 2014 онд 2016 оны дээд хэмжээний уулзалтыг манай улсад зохион байгуулах болсон. АСЕМ-ын хурлыг зохион байгуулснаар олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд өсч, гадаадаас хөрөнгө оруулалт, тусламж татах боломжийг нээх юм хэмээн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “АСЕМ-ын уулзалтын талаар олон нийтэд тогтмол мэдээлэл өгөх зорилгоор Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн байранд мэдээллийн төв байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг болохоор ажиллаж байна.

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох юм. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 21-22-нд болох Ази-Европын парламентын түншлэлийн  9 дүгээр уулзалт, тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургаадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно. Харин долоодугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт болох юм.

Эдгээр уулзалтаас гадна хэд хэдэн улсаас өөрсдөө тусгай арга хэмжээ зохион байгуулах хүсэлт ирж байгаа. Эдгээр саналыг судлан үзэж, цаг тухайд нь хариу өгч байгаа” хэмээв.

Долоодугаар сарын 15-16-нд болох Дээд хэмжээний уулзалтын үеэр АСЕМ-ын 20 жилийн ой болох бөгөөд уг ойг угтсан арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтын үеэр өнгөрсөн 20 жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх 20 жилд явуулах үйл ажиллагааныхаа талаар “Улаанбаатарын тунхаглал” гаргах аж.

АСЕМ-ын бэлтгэлийг хангахаар Байр, зочид буудал, Аюулгүй байдал, ёслол, Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал, Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс, түүний аюулгүй байдал, Дээд түвшний уулзалтаас гарах баримт бичиг, зохион байгуулалт болон Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны гэсэн 6 ажлын хэсэг ажиллаж байна.

Өнгөрсөн онд Тагнуулын ерөнхий газар, АСЕМ-ын ажлын хэсэг хамтран нийслэлийн баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх зочид буудлуудад хяналт, шалгалт хийж, 47 зочид буудалд гадаадын төлөөлөгчдийг байршуулах боломжтой гэж үзсэн байна. Дээрх зочид буудлуудад камер суурилуулах, зочдын цүнхийг шалгах аппарат байршуулах зэрэг шаардлага тавьжээ. Зочид буудлуудын зүгээс дээрх шаардлагуудыг биелүүлэхэд тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаагаа илэрхийлжээ. Төрийн зүгээс зочид буудлуудад байраа засах, тохижуулах чиглэлээр арилжааны банкуудаас зээл авахад нь дэмжлэг үзүүлэх болжээ.


Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АСЕМ-ын уулзалтад зориулж энэ оны улсын төсөвт хэдэн тэрбум төгрөг төсөвлөсөн бэ?

-АСЕМ-ын хурал бол дээд хэмжээний уулзалт юм. Дээр нь нэмэгдээд есөн арга хэмжээ дагалдаж явагдана. Энэ жил 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. “АСЕМ Белла”-ын хувьд хувийн хэвшлийг дэмжиж, зөвшөөрөл авахад туслалцаа үзүүлж байна. Хурал дууссаны дараа төрд ямар нэг хамааралгүй болно. АцСЕМ Беллац-ын барилгыг барьж байгаа аж ахуй нэгжүүд хурал дууссаны дараа барилгыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэгт одооноос санаа зовниж байна. 

-АСЕМ-ын уулзалтаас өмнө Монгол Улсаа дэлхий нийтэд сурталчилгаа ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулж байна уу?

-Уулзалт болохын өмнө Монгол Улсаа зөв ойлгуулах асуудал маш чухал. Тэр ч утгаараа ажлын хэсэг байгуулагдаад идэвхтэй ажиллаж байна. Гадаадынхан бол монголыг тэнэмэл хүүхэд, зудад нэрвэгдсэн малчид, өвөл даарсан хүн гэх мэтийн зүйлээр төсөөлж байна. Тиймээс эерэг талаас нь хэрхэн ойлгуулах талаар төсөл боловсруулаад явж байгаа. Ойрын үед МОНЦАМЭ агентлагийн байранд мэдээллийн төв байгуулаад долоо хоног бүр мэдээлэл хийнэ.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж