УИХ-ын гишүүн Т.Доржханд болон ХҮН-ын гишүүд өнөөдөр /2020.08.20/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
-Бид намрын чуулганаар нэлээн хэдэн салбарын хуулийн шинэчлэлийг оруулна гэж хэлсэн. Тэр дунд банкны салбар багтсан. Хэрэв Засгийн газар, Монголбанк энэ хуулийн төслийг оруулж ирэхгүй бол бид оруулах болно. Үндэсний аудитын газрын хяналт шалгалтын дүнд өндөр эрсдэлтэй хоёр банк байгааг зарласан. Үүний дагуу Монголбанк системийн таван банк хэвийн гээд зарлачихлаа. Ийм байдлаар явж болохгүй. Бид төсвийн тодотголыг хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч зургаан сарын дараа оруулж ирлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг харахад их мөлгөр байна. Эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт суурилсан байх ёстойгоос гадна нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд багтаж байх ёстой. Ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн заалт бий. Тэгэхээр дөрвөн жилийн дараа 15 хувь болох ёстой. Гэтэл ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тоо байхгүй, тодорхой зүйл байхгүй байна. Мөн зээлийн хүүг сарын нэг хувиас хэтрүүлэхгүй хэмээн МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан ч үндсэн чиглэлд зээлийн хүүг бууруулсан байна гэж заасан бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар дурдаагүй байна.
ХҮН-ын дарга Б.НАЙДАЛАА:
-Банк төлбөрийн чадваргүй болсон бол аль болох хурдан журмынх нь дагуу явуулах ёстой. Нэгэнт муудсан банк эргэж сэргэдэггүй. Журмынх нь дагуу явуулаагүй банк яадаг вэ гэдгийг Капитал банкнаас бид харсан шүү дээ. Монголбанкны хяналт шалгалтыг сайжруулмаар байна. Шалгалт сайн илрүүлсэн ч нөлөөнд автдагаас үүдэн салбарын хэмжээнд хүртэл асуудал хүндэрдэг. Банкны салбарын шинэчлэл бол банкны асуудал биш. Үүний цаана бизнесийн асуудал бий. Энэ бүхнийг хамруулж байж зээлийн хүү буурна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ