В.Путиний “мангас” хилэгнэж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

В.Путиний “мангас” хилэгнэж байна

 

Владимир Путиний хүчирхэг хүн Рамзан Кадыровын ажил нь Чеченийг хөгжин, тохи­нуулах бус, харин чече­нүүд оросуудыг дахин алахаас зайлж, сэргийлэх хэмээн Орост ярьдаг. Гэвч Путиний энэхүү хүчир­­хэг холбоотны зэв­сэгт эрчүүдийн бригад (кадыровчууд)-ын салбар нь Москвад ч байдаг тул тэрээр Оросын хамгийн хүчирхэг, эрх мэдэлтэй хүний тоонд багтдаг аж. Кадыров Кремлийн урд орж дуугардаг болоод удаж байна. Тэр өрнөдийн эсрэг илүү хүчтэй дуугардаг. Кремлийн эзний дайснуудыг ил тод онилж, зарим тохиолдолд далдаас буудаж дуусгадаг хэмээн үзэх хүмүүс ч байдаг. Зарим аллагын ул мөр Чечень рүү ороод замхардаг ажээ. Кремлийн дайснуудын нэг Борис Немцов өнгөр­сөн онд Москвагийн гу­дам­жинд алуулсан. Энэ хэргийг зохион байгуулсан гэгдэж байгаа Руслан Геремеев Чеченьд нэг жил тайван бүгэж байгаад Ойрхи Дорнод руу гарч алга болсон тул мөрдөгчид түүнийг байцаах боломжгүй болсон юм.

 

Human Rights Watch-ийн Москва дахь салбарын тэргүүн Таня Локшина дөрвөн жилийн өмнө Чеченьд очиж байжээ. “Хүмүүс надтай харьцах, ярилцахаасаа айдаг” хэмээн тэрээр өгүүлж байна. Албан өргөөнийх нь хананд найз Наталья Эстемировагийн хөрөг байх аж. Эстемирова 2009 онд Грозный дахь гэрээсээ хулгайлагдаж, дараа нь толгой руугаа хоёр буудуулсан цогцос нь хөрш Ингушет дахь жалганаас олдсон юм.

 

Рамзан Кадыров энэ удаа илүү хүчтэй сүрдүүлж, заналхийлж байна. Тэрээр В.Путинийг эсэргүүцэгчдийг “хариу­цаж авахад” бэлэн гэдгээ мэдэгдэж, тэднийг “Эх орноосоо урвагчид, ард түмний дайсан” хэмээн нэрлэж, сэтгэцийн эмнэлэгт ирж үзүүлэхийг уриалжээ. Чеченийн Ерөнхийлөгч Р.Кадыров, парламентын тэргүүн Магомед Даудов нар Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный, улстөрч Илья Яшин болон сэтгүүлчид, экс депутатуудыг заналхийлсэн мэдэгдэл хийжээ. Эстемирова, Немцов, мөн 2006 онд алуулсан сэтгүүлч Анна Политковскаягийн хэрэг дээр Чеченийн ул мөр олдож байсан билээ. “Кадыров заналхийлээд зогсохгүй эрх мэдэлтэй хэвээр гэдгээ харуулахыг хүсч байх шиг. Жилийн өмнөхийг бодвол түүний байр суурь суларсан” хэмээн Локшина өгүүлэв. Кадыров Москвад дэндүү олон дайсан бий болгож байна. ОХУ-ын аюулгүйн албаныхан Чеченьд үйл ажиллагаа явуулахаас залхаж байгаа аж. Тэднийг зөвшөөрөл авалгүй Чеченьд орж ирэх юм бол шууд сум зооно хэмээн сүрдүүлжээ. Р.Кадыров “Сөрөг хүчнийхнийг эх орноосоо урвагчид гэж үзэх ёстой” хэмээн мэдэгдсэнийг зарим улстөрч “Тэр Сталины үеийг эргүүлэн авчрахыг хүсч байна” хэмээн буруутгасан юм. Санкт-Петербург хотын парламентын гишүүн Максим Резник Чеченийн лидерийн мэдэгдлийг хэт даврах үзэлд уриалсан гэмт хэрэг хэмээн үзэхийг Ерөнхий прокурорын газраас хүсчээ. ЗХУ-ын үед цөлөгдөж байсан Людмила Алексеева зэрэг хүмүүсийг нэгтгэсэн сэхээтний бүлэг Кадыровыг албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Оросын үндсэрхэг үзэлтнүүд ч Кадыровоос залхаж, орос үндэстний тоонд багтдаггүй чеченүүдэд хэтэрхий их мөнгө өгч байна хэмээн гомдоллох болов.

 

Гэсэн хэдий ч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Түүнийг сүрдүүллээ, заналхийллээ л гэж байна. Би тэр сүрдүүлгийг нь хараагүй, уншаагүй. Тэр сөрөг хүчний зарим гишүүнийг шүүмжилсэн. Шүүмжлэл хаана ч байдаг” хэмээн өмгөөлсөн мэдэгдэл хийжээ. Путинийг сөрөн зогссоныхоо төлөө арван жил шоронд хоригдсон Михаил Ходорковский “Кадыров сөрөг хүчин, тэрс үзэлтнүүдийг айлган сүрдүүлэх ажил хийдэг” хэмээн мэдэгджээ.

 

Н.МӨНХЖИН

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж