Дэлхий ертөнц дээр этгээд сонин зүйл сонирхдог хүмүүс цөөнгүй. Тэгвэл Индонезийн влоггер Мухаммад Дидит саяхан өөрийн хөтөлдөг “Sobat Miskin Official” сувагтаа хоёр цагийн видео бичлэг оруулсан нь гурван сая гаруй хүнд хүрчээ. Хачирхалтай нь энэ нь влоггер залуу бичлэгийн туршид буюу хоёр цаг 20 минутын турш юу ч хийлгүй, компьютерийн дэлгэц ширтэж зүгээр суугаа бичлэг юм.
“2 JAM nggak ngapa-ngapain” буюу “Хоёр цагийн турш юу ч хийхгүй” гэх гарчигтай уг бичлэгийн тайлбар дээр "Гарчигт дурдсаны дагуу би хоёр цагийн турш юу ч хийгээгүй. Энэ видео танд хэрэгтэй юу үгүй юу гэдгийг та бүхэн л шийднэ. Таалан сууж үзээрэй" хэмээн хошигнон бичсэн байв. Үүнээс өмнө түүнийг дагадаг үзэгчид нь түүнээс илүү хүнд хэрэгтэй, боловсролд нэмэр болохуйц контент хийхийг хүссэн учир тэрбээр энэ бичлэгийг хийх болсон гэнэ.
Индонезийн цахим сүлжээнд энэ төрлийн бичлэг хийх нь 2013 оноос дэлгэрсэн трэнд бөгөөд Мухаммадын өмнө гурван цагийн турш юу ч хийхгүй, чимээгүй сууж буй залуугийн бичлэг 377 мянган хүнд хүрсэн байдаг. Хамгийн удаан юу ч хийхгүй суусан бичлэгийг “Rens Cools” нэртэй “YouTube” сувгийг хөтлөгч найман цаг чимээгүй, юу ч хийхгүй сууж хийсэн байна. “Youtube” сувагт ийм төрлийн 300 гаруй бичлэг байдаг ба бичлэг тус бүр олон зуун мянган үзэлттэй байгаа аж. Үүнээс гадна олон цагийн турш инээсэн бичлэг ч байдаг байна.
ЭХ СУРВАЛЖ: THE JAKARTA POST
Холбоотой мэдээ