УИХ дахь 13 эмэгтэй гишүүд өнөөдөр /2020.08.20/ нэгдэж, мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын даргатай зөвшилцөж, эмэгтэйчүүдийн бүлэг байгуулсан байна. Эмэгтэйчүүдийн бүлгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ахлах юм бөгөөд нам харгалзахгүй, улстөрчихгүй асуудалд хандахаар нэгджээ. Ингэхдээ, 10 гаруй асуудлыг чухалчлан үндсэн үйл ажиллагаагаа хариуцахаар болсон байна. Мөн 2020 оны төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах 2,5 тэрбум төгрөгийг суулгах чиглэлээр идэвхтэй ажиллаж, эхнээсээ үр дүн нь гарч байгаа гэдгийг Д.Сарангэрэл гишүүн онцолсон юм.
Нийгмийн бүхий л болж бүтэхгүй зүйлийн суурь болсон архидалттай холбоотойгоор хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа юм байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжуудыг бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах юм байна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:
-Бид нам эвсэл үл хамаарч, нэгдсэн зорилгоор ажиллахаар нэгдсэн. Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, байгал экологийн чиглэлд эмэгтэйчүүд түлхүү ажиллах болов уу гэж сонгогдсон. Тиймээс бид төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана. Өнөөдөр Монгол улс архины хамаарлын хувьд тэргүүл буй улс орнуудын эгнээнд явж байгаа гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ:
-Улс орон хөгжихийн хэрээр эдийн засаг, хүн амын өсөлт, хүмүүсийн үрэлгэн хэрэглээнээс үүдэлтэй байгаль орчны бохирдол Монголд тулгамдсан асуудал. Агаарын бохирдол, цөлжилт, усны хомсдол, хөрсний бохирдол зэрэг асуудлыг шийдэхийн тулд эмэгтэй гишүүд манлайлж, хамтарч ажиллана. Байгал орчны асуудалд Монголчууд байгал эх дэлхийгээ хайрлах, зөв харьцах уламжлалтай ард түмэн. Энэ уламжлалыг хүүхэд залуучуудад өвлүүлэх, ногоон эдийн засгийн хөгжүүлэх, ногоон технологийг нэвтрүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулахаар эмэгтэй гишүүд хамтарч ажиллана. Аливаа ажил хамтын ажиллагаа байдаг учраас иргэд, төрийн бус байгууллагууд хамтарч ажиллахыг мөн уриалж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:
-Монгол Улс сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт буурсан гэдгийг олон улсын байгууллагууд анхааруулдаг. Эмэйгтэйчүүд, эхчүүд хүүхдүүдээ харахын хажуугаар боловсрол эзэмшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярьж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИН:
-Бүлгийн бүсгүйчүүдийнхээ санаачилж, удирдаж явах бүхий л үйл ажиллагааг бид дэмжээд явж буй. Миний хувьд улс үндэстэн оршихуйн баталгаа болсон өв соёл чиглэлд түлхүү анхаарч ажиллах юм. Бид үнэт өвөө ирээдүйд хэрхэн өвлүүлэх, орчин цагтайгаа хөл нийлүүлэн хөгжүүлэх нь чухал юм. Өв соёлтой холбоотой хууль эрх зүйн шинэчлэл, өөрчлөлттэй холбоотой ажлууд руу та бүхэнтэйгээ хамтран ажиллана.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ