Беларусь: Лукашенко дарангуйллаа авч үлдэхийн тулд тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Беларусь: Лукашенко дарангуйллаа авч үлдэхийн тулд тэмцэж байна

Беларусь: Лукашенко дарангуйллаа авч үлдэхийн тулд тэмцэж байна

Зургаа дахь удаагаа сонгогдсон Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенко бүхнийг дахин өөрийн атгандаа оруулахын тулд олон арга хэрэглэж байна. Харин иргэд түүний шударга бус сонгуулийг эсэргүүцэж гудамжинд жагсаад 10 хоног өнгөрч байгаа билээ.

Албан ёсоор зарласан Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд Лукашенко 80 хувийн саналаар тэргүүлсэн хэмээсэн ч сөрөг хүчнийхэн нь үүнийг эсэргүүцэж, сонгуулийг будлиантуулсан хэмээн үзсэн билээ. Улмаар ард иргэд сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, дахин сонгууль хийхийг засгийн газраас шаардан жагсах болсон юм. Гэвч Лукашенко жагсагчдын шаардлагыг үл тоон Минск хотын замбараагүй байдлыг дуусгах тушаал гаргасан юм.

Энэ бүхэн Европын холбооны удирдагчдын чихэнд хүрснээр тэд цахимаар хуралдаж, Беларусьт хориг арга хэмжээ авахаар тохиролцсон билээ. Мөн Европын консулын ерөнхийлөгч Чарльз Мишель сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмээн байр сууриа илэрхийлж, Лукашенког шоронд хорьсон зуу зуун жагсагчдаа суллахыг зөвлөжээ.

Гэвч өчигдөр/2020.08.19/ Лукашенко хэд хэдэн чухал албан тушаалтнуудыг суудалд нь хэвээр нь үлдээх, тэр дундаа Роман Головченког Ерөнхий сайд хэвээр нь үлдээх шийдвэр гаргасан гэж нутгийн хэвлэлээр мэдээлсэн байна. Мөн суудалдаа хэвээр үлдсэн хүмүүсийн дунд дотоод хэргийн сайд Юри Караев байгаа бөгөөд тэрбээр цагдаагийн байгууллага, нийгмийн хэв журмыг үргэлжлүүлэн хариуцахаар болж буй нь олны шүүмжлэлийг дагуулж буй гэнэ.

ЛУКАШЕНКО ЮУ ТУШААВ?

1994 оноос хойш Беларусийг удирдаж буй тэрбээр цагдаа нарт Минскийн жагсаалыг хүчээр тараах тушаал өгчээ. Тэрбээр аюулгүй байдлын зөвлөлд “Минскэд цаашдаа нэг ч хүн яаж ч тушаал зөрчиж болохгүй” хэмээн хэлсэн гэнэ. Тэрбээр мөн “Хүмүүс одоо ядарч байна. Тэдэнд нам гүм, энх тайван хэрэгтэй” хэмээгээд цэрэг, зэвсэг орж ирэхээс сэргийлж хилийн хяналтыг чангаруулахыг тушаасан бөгөөд хилийнхээ ойролцоо цэргийн хүчээ төвлөрүүлэх болжээ.

Түүнээс гадна Лукашенко ажилчдад хандан сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсаалд оролцож, ажил хаян тэмцэж байгаа ажилчдыг цаашид дахиж ажиллуулахгүй бөгөөд оронд нь ОХУ-аас хүмүүс авчирч ажиллуулна хэмээн анхааруулаад, үүнд ажилчдаа зөв удирдаагүй дарга нар нь хамгийн их буруутай хэмээн онцолжээ. Үүнээс өмнө Лукашенко сөрөг хүчнийхнийг түүний эрх мэдлийг булаах гэж оролдсоныхоо хариуг хүртэнэ хэмээн анхааруулсан билээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх тушаал аль хэдийн бодит байдал дээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд улсын хэвлэл мэдээлэл, үйлдвэрийн байгууллагуудын үүдэнд цагдаа зогсож, бүх хүмүүсийн биеийн байцаалтыг шалгаж эхэлсэн гэнэ.

ЯАГААД ИНГЭЖ БАЙНА ВЭ?

Лукашенко ийнхүү шуурхай арга хэмжээ авч эхэлсэн нь сөрөг хүчний өрсөлдөгч Светлана Тихановская Европын холбооны удирдагчдыг эл хэрэгт оролцохыг уриалсантай холбоотой аж.

Өдгөө 37 настай тэрбээр сонгуулийн дараа хэдэн цаг хоригдсон тул цаашдын аюулгүй байдлынхаа төлөө Литвад хоргодож байгаа билээ. Тэрбээр “Лукашенко бүх ард түмнийхээ төдийгүй дэлхий нийтийн өмнө болчимгүй үйлдэл хийлээ. Тиймээс Европын холбоо үүнд оролцож, Беларусьт шударга ёс тогтоох хэрэгтэй. Өөрсдийн сонгох эрхээ хамгаалахын тулд гудамжинд гарч, дуу хоолойгоо өргөсөн иргэдийг хот, хөдөөгүй хэрцгийгээр зодож, хорьж, тамлаж, залхаан цээрлүүлэн байж тэд эрх мэдлээсээ зуурч үлдэж байна. Ийм аймшигтай зүйл Европын төв хэсэгт болж байгааг тоохгүй өнгөрч болохгүй” хэмээгээд шинэ, шударга, ардчилсан, олон улсын ажиглалттай Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахаар хамтарсан консул байгуулсан байна.

ЕВРОПЫН ХОЛБОО ЮУ ХИЙВ?

Гурван цаг цахимаар хуралдсаны эцэст Европын холбооны удирдагчид Беларусийн эсрэг гурван арга хэмжээ авахаар тохиролцжээ.

  • Нэгдүгээрт, сонгуулийн үр дүнг хуурамчаар үйлдсэн, жагсагчдын эсрэг хүчирхийлэл үйлдэж, шоронд хорьсон зэрэг хэргүүдэд хамааралтай албан тушаалтнуудын тоо, мэдээлэл ил болтол эдийн засгийн хориг арга хэмжээ авах. Чухам яг ямар хориг арга хэмжээ гэдгийг хэлэлцэж байгаа.
  • Хоёрдугаарт, Европын холбооны удирдлагууд болон Европын холбоо жагсагчидтай ижил санаа бодолтойгоор сонгуулийн үр дүнг шударга бус хэмээн үзэж буй гэдгийг мэдэгдэх. Гэвч энэ нь зарим удирдагчдын хүсэлтийн дагуу Лукашенкогийн бүрэн эрхийг үгүйсгэж буй хэрэг биш гэдгийг таниулах.
  • Гуравдугаарт, Европын холбооны удирдагчид Беларусийн засгийн газар сөрөг хүчинтэйгээ ярилцаж, учраа ололцож, Ерөнхийлөгч огцорч, эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх арга замыг олоход нь боломжит бүхнээр туслах, дэмжих.

Мөн дээрхээс гадна Европын холбооны зүгээс Беларусьт илгээх гэж байсан 63 сая ам.долаарын мөнгөн тусламжийг улсад биш, төрийн бус байгууллагууд болон төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон жагсагчид, ажлаа алдсан хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагын ажилчдад зориулан тараахаар болжээ.

Светлана Тихановская болон Европын холбоо мөн засгийн газрыг жагсагчдын эсрэг харгис, хэрцгий арга хэмжээ авч, олон мянган беларусьчуудыг шоронд хорьж хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруушаажээ. Цаашлаад Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Беларусийн засгийн газар яаралтай сөрөг хүчинтэйгээ тайван замаар учраа ололцох шаардлагатай байгааг онцолсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ Беларусьт гадны цэргийн аюул заналхийлбэл тусламж үзүүлэхээ амласныг онцолсон билээ.

Гэвч энэ долоо хоногт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков ОХУ одоохондоо Беларусьт цэрэг болон бусад хэлбэрээр тусламж үзүүлэх боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж