Гэр бүлийхэнтэйгээ "дайн" зарласан Айсултан Назарбаев

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Гэр бүлийхэнтэйгээ "дайн" зарласан Айсултан Назарбаев

Гэр бүлийхэнтэйгээ "дайн" зарласан Айсултан Назарбаев

Казахстан улсыг 30 жил удирдсан экс Ерөнхийлөгч, одоогийн тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар ажилаж буй Нурсултан Назарбаевын зээ хүү энэ сарын 16-ны өдөр Их Британийн Лондон хотноо учир битүүлгээр нас барсан нь олны анхаарлыг татаж байгаа билээ. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа түүнийг онцолж байна.


Нэгэн үе өөрийгөө “Хөшигний цаадах дайны золиос болох гэж байна”, гэр бүлийнхэн нь түүнийг дарамталж байна, Казахстаны эрх баригчид болон Оросын хооронд маш том авлигын сүлжээ бий гэх мэт ноцтой мэдэгдэл хийж, Их Британиас улс төрийн орогнол хүсч явсан 29 настай залуу ийнхүү гэнэт нас барсан нь яах аргагүй сэжиг төрүүлж байгаа юм. Түүний үхлийн шалтгааныг гэнэт зүрх нь зогссон гэж урьдчилан дүгнэсэн бөгөөд ээж Дарига Назарбаева өөрийн цахим сүлжээгээр гашуудаж байгаагаа зарласан байна.

Тэрээр 1990 оны наймдугаар сарын 26-нд Алматы хотноо Нурсултан Назарбаевын том охин Дарига Назарбаев болон 2015 онд шоронд амиа хорлосон бизнесмэн, улстөрч Рахат Алиев нарын хоёр дахь хүү болон мэндэлсэн. Астанагийн олон улсын сургуулийг дүүргэсний дараа Австрийн Олон улсын Америк сургуульд суралцаж төгсчээ.

Мөн тэрбээр Их Британийн Хатан хааны Хуурай замын цэргийн академи болон КИМЕР их сургуулийг бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн байна. Америкийн супер оддын нэг Канье Уэстыг урьж Алима Назарбаева гэх бүсгүйтэй 2013 онд нижгэр хурим хийж байсан Казахстаны элит гэр бүлийн гишүүн агсан нэг хүүхэдтэй.

Багаасаа залуучуудын хөлбөмбөгийн багт тоглож байсан тэрээр 2012-2013 онд Казахстаны Батлан хамгаалах яамны тагнуулын хэлтэст ажиллаж байгаад дахин хөлбөмбөгөө тоглохоор шийдэж, 2017 он хүртэл янз бүрийн багуудад тоглож байв. Ингээд тэр ондоо Казахстаны хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдож, хэсэг ажиллаж байгаад Их Британийг зорьсон байна.

Айсултан 17 наснаасаа Казахстаныг төлөөлж Английн Премьер лигт тоглож, 2007 онд Английн Портсмут хөлбөмбөгийн клубт тоглож байсан авьяаслаг тоглогч байв. Түүнийг эх орноосоо зугтсан ч гэж ярьдаг бөгөөд энэ үеэс л тэр асуудал тарьж эхэлсэн юм.

Айсултан Назарбаев өвөө болон ээжийн хамт

Их Британид байхдаа 2020 оны хоёрдугаар сард гэнэт өөрийн фэйсбүүк хуудаснаа түүний эцэг Рахат болон өвөө /Рахатын аав/ дараалан учир битүүлгээр нас барсан явдал түүнд хүнд цохилт болж хар тамхи хэрэглэх болсон, Казахстаны эрх баригчид болон Оросын эрх баригчид авлигын сүлжээнд идэгдсэн, хэн нэг нь намайг аав шиг минь алахыг хүсч байгаа гэх мэт ноцтой мэдэгдлүүдийг нийтэлсэн байна.

Мөн түүнчлэн Назарбаев өөрийнх нь жинхэнэ эцэг гэдгийг тагнуулд ажиллаж байхдаа олж мэдсэн, үүнээс болж өөрийнх нь ээж гэгдэх Дарига түүнийг зайлуулахыг хүсч байгаа, Назарбаев Ерөнхийлөгчийн суудлаас буусан нь ч Даригагийн дарамт шахалт байсан гэж ярьсан юм. Мэдээж түүний ярьсан эдгээр зүйлсийг Дарига болон бусад хүмүүс няцааж байсан ч түүний үхлийн дараа энэ бүхэн эргээд олны анхаарлыг татаж эхэлжээ.

Түүний эцэг гэгдэх Рахат нь Даригатай гэр бүл болсны дараа нэлээд хөрөнгөжиж, Казахстаны төрд нэлээд эрх мэдэлтэй болоод байсан ба Австрид элчин сайд, дараа нв Казахстаны Гадаад хэргийг дэд сайдаар ажиллаж байв. 2000-аад оны эхээр Рахат хадам эцгийнхээ суудлыг булаах гэж байна гэх яриа гарч, 2007 онд гадаадад дүрвэсэн байна. Энэ үеэр Дарига түүнээс салж, Казахстан дахь Рахатын бүх өмч хөрөнгийг хураажээ. Улмаар гадаадад дүрвэсэн түүнийг авлига, мөнгө угаалт, хүн барьцаалалт, аллага, төрийн эсрэг хуйвалдаан гэсэн хэд хэдэн хэрэг тулгаж, эрэн сурвалжилж эхэлжээ. Ингээд долоо жилийн турш гадаадын орнуудад дүрвэж явсан Рахат 2014 онд Австри улсад баривчлагдаж, жилийн дараа Австрийн шоронд шүүх хурал болохын өмнөх өдөр өрөөндөө дүүжлэгдсэн байдалтай нас барсан байв. Үүнээс ердөө сарын өмнө Рахатын эцэг буюу Айсултаны өвөө нь нас барсан нь түүний сэтгэл зүйд хүндээр туссан гэдгийг хожим тэрээр ярьж байв.

Лондонд ирснийхээ дараа тэр зочид буудлын наймдугаар давхраас үсрэхийг завдсан, хотын төвд бусдын орон байранд хүчээр нэвтэрч орохыг завдаад цагдаа нарт саатуулагдахдаа цагдаагийн гарыг хазаж гэмтээсэн гэх мэдээлэл гарчээ. Ингээд 2019 оны аравдугаар сард Лондон хотын шүүхээс бусдын өмчид учруулсан хохирлыг төлүүлэх, албадан хөдөлмөр эрхлүүлэх, хар тамхины эмчилгээ хийлгэх шийдвэр гаргасан байна.

Хар тамхины эмчилгээ нь дууссан Айсултан нас барахаасаа сарын өмнө буюу долдугаар сард Казахстаны тэрбумтан, Казахмыс зэсийн үйлдвэрийн эзэн Владимир Кимийн тухай баримтуудыг дэлгэнэ хэмээн мэдэгджээ.

Хэдийгээр хар тамхинд донтож, эмчилгээ хүртэл хийлгэж байсан хүний үгэнд итгэхэд бэрх ч нас барахаас өмнө түүний ярьсан зүйлс, эцгийнх нь учир битүүлэг үхэл, Казахстаныг захирагч гэр бүлийн дотоод тэмцлийг дэлхий нийтээрээ сонирхох болж, дэлхийн томоохон хэвлэлүүд энэ талаар бичиж эхэллээ. Түүнийг зарим хүмүүс "шүгэл үлээгч"  байсныхаа төлөө бусдын гарт амиа алдсан ч гэж ярьж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж