Монгол Улсын 2020 оны төсвийн алдагдал гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьд хүрчээ. Төсвийн хүрээний мэдэгдлээс харахад энэ оны төсөв 4.3 их наяд буюу ДНБ-ий 12.2 хувьтай тэнцэх нь. Ийм байдалтай 2020 оны төсвийг баталвал манай улсын зээлжих зэрэглэл, валютын ханш, хөрөнгө оруулалт гээд бүх зүйл урвуугаар эргэхийг эдийн засагчид анхааруулж байна.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн: 4.1.26-д “төсвийн тодотгол” гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэлнэ” гэж заасан. Тодруулбал, УИХ-аас баталсан тухайн оны төсвийн орлого ба зарлагад зохих нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчлэн батлахыг төсвийн тодотгол гэж ойлгоно.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн алдагдал өндөр байгааг хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Валютын сан гээд бодлогын зөвлөмж өгч байгаа байгууллагууд манай улсад нэн яаралтай төсвийн алдагдлаа бууруулахыг анхааруулжээ.
Хэрвээ Сангийн сайд улсын төсвийг “Яасан ч тодотгохгүй” гэж зургаан сарын турш гөжүүдлээгүйсэн бол нөхцөл байдал өнөөдрийнхөөс хавьгүй дээр байх байв. Тэр өнөөдөр төсөв тодотгох гол шалтгааныг “Ковид 19” гээд сууж байна.
Эрх баригчид сонгуулиар иргэдээс өндөр үнэлгээ авах гэж эдийн засгаа өөрсдөө багалзуурдчихаад, одоо гоншигонох эрхгүйг зарим хүн сануулж буй юм. Төсөв ийм өндөр алдагдалтай байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж, “Эрх баригч нам 513 мянган хүний саналыг 200 тэрбумаар худалдаж авсан гэдэг нь үнэн болж таарлаа” хэмээн хардаж байгаагаа илэрхийлж байна. 2020 оны төсвийг 65 суудалтай эрх баригчид 2019 онд баталсан төсвөөсөө 2 их наяад 303.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан нь урд өмнө хэзээ ч байгаагүй үлэмж их хэмжээ билээ.
Төсвийн тодотголын төслөөс үзэхэд, төсвийн тэвчиж болох зардлыг бууруулах замаар төсвийн алдагдал, Засгийн газрын өрийг бууруулах чиглэлээр төсвийн хөрөнгө оруулалтаас гэрээ байгуулаагүй 119 төслийг хасах, ажлын гүйцэтгэл удаашралтай 344 төслийн санхүүжилтийг хойшлуулж, 540 тэрбумын зардлыг бууруулсан байна. Харин зайлшгүй хэрэгжүүлэх төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, үерээс үүдсэн гүүр, замыг сэргээхэд зориулж 16 тэрбум төгрөг нэмж суулгажээ. Төсөвт байгууллагуудын албан томилолт, тавилга, эд хогшил худалдан авах зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 118.2 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.
Улсын төсвийн зарлага 11.8 их наяд төгрөг байгаагаас гурван их наяд нь эргэлзээтэй хөрөнгө оруулалт байгааг эдийн засагчид хэлж буй юм.
Шаардлагагүй зардлууд, тухайлбал, соёлын төв, хөшөө дурсгал, угтах хаалга зэргийн төсвийг тодорхой хэмжээнд танасангүй. Сангийн сайд маш олон таналт хийгдсэн гэж мэдээлж буй ч дахин танах зайлшгүй шаардлагатай, эс бөгөөс эдийн засаг “элгээрээ хэвтэх” эрсдэлтэй.
ЭДИЙН ЗАСАГТ ТӨРИЙН ОРОЛЦОО УЛАМ НЭМЭГДЭЖ БАЙНА
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсээр 2020 онд 11.7 их наяд төгрөгийн орлоготой, 13.8 их наяд төгрөгийн зарлагатай байхаар төсөв баталсан. Өнөөдрийн байдлаар орлого 1.2 их наяд төгрөгөөр алдагдсан. Жилийн эцэст бараг 3 их наяд төгрөг болно гэсэн таамгийг эдийн засагчид дэвшүүлж буй.
Эрүүл мэндтэй холбоотой зардал дээр 120 тэрбум төгрөг нэмж, олон татварыг багасганаас болж зардал нь 15 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Хүүхдийн 100 мянган төгрөгийг он дуустал олгосноор 300 гаруй тэрбум төгрөгийн зарлага гарах ажээ.
Эдийн засагч Д.Жаргалсайхан “Де Факто тойм”-оороо “Эдийн засагт төрийн оролцоо улам нэмэгдэж байна. Төрийн оролцоо ихсэх тусам эдийн засгийн эрх чөлөө багасдаг. Халамжийг хавтгайруулж, бүх хүүхдэд 100 мянган төгрөг үргэлжлүүлэн өгнө гэж байна. Тэрбумын хадгаламжтай хүний хүүхдэд заавал энэ мөнгийг шахах шаардлагагүй гэж бодож байна. Бүгдийг хавтгайруулсан халамжийг улс төрийн хуваарилалт гэж хэлдэг.
Онцгой анхаарал татаж буй зүйл бол нийгмийн даатгалын шимтгэл, түүний дотор ниймийн халамжийн сангаас энэ мөнгийг өгнө гэнэ. Ер нь нийгмийн даатгалын шимтгэлүүд, түүний дотор нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн сан энэ бүхэн төсөвт оролцох ёсгүй. Яагаад гэвэл төсөв зарцуулж байгаа хүмүүс хамгийн удаандаа дөрвөн жилийн алсын хараатай хүмүүс. Таны тэтгэврийн сан 40 жилийн алсын хараатай мөнгө. Дөрвөн жил болохдоо энэ мөнгийг тэд хулгайлаад дуусгаж байгаа юм. Жишээ нь, сая дампуурсан “Капитал” банкинд байсан төрийн сангийн хэдэн 100 тэрбум төгрөг адагдлаа. Тэгэхээр төсөв нийгмийн даатгалын сан тусдаа байх ёстой гэдгийг Засгийн газарт сануулмаар байна” гэж онцолсон билээ.
Гишүүд тойрогтоо багийн төвийн барилга, иргэний танхимын тохижилт гээд нийт 90-ээд төсөл арга хэмэжээнд 58.1 тэрбум төгрөг, Сумын Засаг даргын тамгийн газрын барилга, халуун усны барилга гэх мэт нийт 40 гаруй төсөл арга хэмжээнд 69.0 тэрбум төгрөг, хорооны контор, өргөтгөл, тохижилт, хувцас солих байр зэрэг 80-аад төсөл арга хэмжээнд 67.2 тэрбум төгрөг, багийн эмч, засаг даргын мотоцикл худалдаж авахад зөвхөн 2 аймагт 188 сая төгрөг, Засаг даргын Тамгын газрын автомашин худалдан авахад 3.4 тэрбум төгрөг, программ хангамж, компьютер, тавилга гэх мэт 100 гаруй тэрбум төгрөг гэх мэтээр төсөвт суулгасан бүхнийг үргэлжлүүлж болох юм.
Түлэнхийн төвийн барилгын санхүүжилт шийдэгдэхгүй 10 жил болсон байхад хотоос 400 км зайд орших Бэрх тосгонд гүний уурхайн музей байгуулахад 5 тэрбум төгрөг хуваарилсан байх жишээтэй. Эрх баригчид энэ мэт 900 объект барихаар төсөвт суулгажээ. Бизнесүүд хаагдаж, хүмүүс цалингүй, орлогогүй, төсөвт татвар, нийгмийн даатгалд шимтгэл төлөх боломжгүй болж байна. Орлого орж ирэхээ больчихоор зарлага гаргах боломжгүй болно.
Статистикийн газраас эхний улиралд төсвийн орлого 200 орчим тэрбум төгрөгөөр тасарсан тухай мэдээлж байна. Хэрэв төсөвт орлого орж ирэхгүй бол Засгийн газар зардлаа яаж санхүүжүүлэх вэ гэдэг асуудал босно.
Холбоотой мэдээ