Сурагчид өдөрт 4 цаг хичээллэж, хоёр настнууд гэртээ "хоригдоно"

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

Сурагчид өдөрт 4 цаг хичээллэж, хоёр настнууд гэртээ "хоригдоно"

 Дэлхийн 216 улсад тархаад буй  коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд Монгол Улс нэгдүгээр сараас эхлэн сургууль, цэцэрлэг, коллеж, их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон билээ. Тэгвэл Улсын Онцгой комиссоос  есдүгээр  сарын 1-ний өдрөөс эхлэн боловсролын бүх шатны байгууллагын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх  шийдвэр  гаргасан. Ингээд боловсролын салбарт гарсан онцлох  шийдвэрүүдийг багцлан хүргэж байна.


ХҮҮХДҮҮД НЭГ АНГИД 1-1,5 МЕТРИЙН ЗАЙТАЙ СУУНА

 

  • Есдүгээр сарын нэгнээс  цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл
  • Есдүгээр сарын 14-өөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл
  • Аравдугаар сарын 5-аас Их, дээд сургууль, коллежийн хичээл эхэлнэ. 

Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах бөгөөд сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орно. Ингэхдээ хүүхдүүд өдөрт 4-6 цаг, нэг хичээл 35-40 минутаар хичээллэх юм. 

МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.НЯМСҮРЭН:

-Хүүхдүүд нэг ангид 1-1,5 метрийн зайтай сууж, бөөгнөрөл үүсгэхгүй хичээллэхийн тулд нэг ангийг 2-3  хуваах бөгөөд нэг ангид дээд тал нь 20-25 хүүхэд байна. Тиймээс хичээллэх өдрийн тоог бууруулж, хичээлийн цагийн хугацааг богиносгож байгаа. Өглөө 08:00 цагаас эхний анги нь ороод 10:30 тарна. Дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ. Тухайлбал, 40 хүүхэдтэй анги байвал хоёр хуваана гэсэн үг. Бага анги зөвхөн монгол хэл, математикийн хичээлүүдээ, дунд анги монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүдээ, ахлах анги монгол хэл, математик, сонгон судлах хичээл, гадаад хэлний хичээлүүдээ л анги танхимдаа үзнэ. Харин бусад хичээл нь телегээр орно.

ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛБАЛ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ТООЦНО

Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жид цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байх шийдвэр гаргасан. Ингэснээр 2020-2021 хичээлийн жилд  хоёр настай 77 мянга 235 хүүхэд цэцэрлэгт элсэх эрхээ “хасуулав”.

Тэднийг цэцэрлэгт элсүүлэхгүй байх шийдвэрийг салбар яамнаас тайлбарлахдаа “Хоёр настай хүүхдүүдийн биеийн дархлаа сул, халдвар эсэргүүцэх чадвар сул байдаг учраас хүүхдүүдийн дунд өвчлөл их байдаг.  Хоёр настай нийт хүүхдүүдийн 60-70 хувь нь амьсгалын болон гэдэсний халдвараар өвчлөөд өвчин нь гайгүй болоод эргээд цэцэрлэгтээ ирэхэд дахин өвчлөх эрсдэлтэй. Энэ шийдвэр нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломж гэж харж байна. Хоёр настай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн ажилладаг албан газруудад хүүхдээ асрахад нь дэмжлэг үзүүлэх Засгийн газрын тогтоолыг яамнаас  хүргүүлнэ"  хэмээн мэдэгдсэн.

Тодруулбал, хоёр настнуудыг улсын болон хувийн аль ч цэцэрлэгт элсүүлэхгүй гэсэн үг. Хэрэв хоёр хүртэлх насны хүүхдийг улсын болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүд  хамруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох аж.

Ямартай  ч эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох, ажлын цагыг багасгах, гэрээр ажиллах нөхцөл бүрдэх боломжтой эсэх талаар холбогдох газрууд зөвшилцөж байгаа аж. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд 20 хоногийн хугацаа үлдсэн байна. Тодруулж хэлбэл, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хоёр настантай эцэг, эхэд ядаж төрийн байгууллага нь ажлаа хийх боломжоор хэрхэн хангах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол хүүхдээ харахын тулд ажлаасаа чөлөө авах уу, аль эсвэл бүрмөсөн гарах уу, эсвэл бүр цоожлоод ажлаа хийх үү гэдэг хэцүүхэн сонголттой тулаад буй.

СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭХГҮЙ САР, УЛИРЛААР ХУВААЖ ТӨЛНӨ

Салбар яамнаас  төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, МСҮТ, их дээд сургуулиудын төлбөрийг сар, улирлаар хийж болох зохицуулалт хийнэ хэмээн мэдэгдсэн. Энэ жил 150 мянга орчим оюутан их дээд сургуульд  суралцах бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд бүх их, дээд  сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтжээ.

2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 142, төрийн бус өмчийн 124 сургууль үйл ажиллагаа явуулах төлөвтэй байгаа аж.

Ерөнхий боловсролын төрийн өмчийн 140, төрийн бус өмчийн 117, нийт 257  сургууль үйл ажиллагаа явуулснаас төрийн өмчийн сургуулийн 7001 бүлэгт 254466, төрийн бус өмчийн сургуулийн 1905 бүлэгт 37992  нийт 8906 бүлэгт 292458  суралцагч хамрагджээ. Үүнээс бага боловсролын түвшинд 162284, суурь боловсролын түвшинд 88729, бүрэн дунд боловсролын түвшинд 41445 суралцагч хамрагдсан байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж