“Эмчлүүлсэн хүн дахин халдвар авч ирэх тохиолдол ч гарч байна”

Хуучирсан мэдээ: 2020.08.20-нд нийтлэгдсэн

“Эмчлүүлсэн хүн дахин халдвар авч ирэх тохиолдол ч гарч байна”

“Эмчлүүлсэн хүн дахин халдвар авч ирэх тохиолдол ч гарч байна”

Covid-19-тэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, шөнийн цэнгээний газар зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон ч бэлгийн замын халдварт өвчин ихсээд байна. Тухайлбал, энэ оны долдугаар сард өнгөрсөн жилийн мөн үеэс даруй 1000 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2019 оны долдугаар сард бэлгийн замын халдварт өвчний 9052 тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны мөн сард 10113 тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь иргэд өвчнөө нууж, эсвэл дур мэдэн эмчилснээр өвчин даамжрах, онош тодорхойгүй болох, цаашлаад үргүйдэлд хүрэх, насан туршдаа эдгэршгүй өвчтэй болох зэрэг эрсдэлийг бий болгоод байна. Дээрх асуудлаар “Мишээл” арьс, бэлгийн замаар дамжих халдварын эмнэлгийн захирал, эмч С.Долгорсүрэнтэй ярилцлаа.


-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэж байгаа нь юутай холбоотой вэ?

-Бэлгийн замын халдварт өвчин тохиолдлын хавьтлаас халдварладаг. Хүмүүс гадуур явахгүй, цэнгээний газраар үйлчлүүлэхгүй байвал тохиолдлын хавьтал уг нь буурах учиртай. Тохиолдлын хавьталд орсон, өвчилсөн хүн “Жаахан уучихсан байсан юм”, “Өвчтэй гэж хэлэхээргүй, маш цэвэрхэн, гоё хүн харагдаж байсан” гэж хариулдаг. Өвчин гаднаасаа харагддаггүй.

-Танай эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь өвчнөө хүндрүүлээд ирж байна вэ?

-Ихэнх өвчтөн өвчнөө хүндрүүлээд, мэргэжлийн бус газруудаар яваад, аргаа бараад эмнэлэгт хандаж байна. Мөн эмчлүүлсэн хүн дахин дахин халдвар авч ирэх тохиолдол ч байна. Өмнө нь халдвар авсан хүн урьд нь халдвар авахдаа ууж байсан эмээ дур мэдэн хэрэглэж байна. Гэтэл эмчилгээ шинэчлэгдээд, хоёр дахь халдвар дээр эмчилгээ өөр болсон байдаг. Энэ мэтчилэнгээр өвчнөө эмчлэхгүй, хүндрүүлээд байна. Тиймээс дураараа, өөрөө эмчлэх гэж бүү оролд. Мэргэжлийн эмчид хандаад, хяналтад эмчлүүлэх шаардлагатай байна.

-Эрсдэлийг нь мэддэггүйгээс өвчнөө хүндрүүлээд ирдэг байж болох юм. Тэгэхээр та бэлгийн замын халдварт өвчнөөс үүсэх хүндрэлийг дурдахгүй юу?

-Залуу насны чухал зүйлсийн нэг нь секс. Сексийн амьдрал идэвхтэй байгаа үед ямар нэгэн байдлаар бэлгийн хавьталд орж байдаг. Бэлгийн замын халдварт өвчнийг иргэд ичмээр, муухай өвчин гээд ойлгочихсон. Санамсаргүй байдлаар халдвар авсан нэгэн байхад зарим хүн замбараагүй бэлгийн амьдралтай ч байдаг. Энэ утгаараа бэлгийн замын халдварт өвчин нь ямар ч хүнд халдварлаж болно. Гэтэл энэ өвчнөөс ичээд нууцаар эмчлэх гэж оролдож байна. Ингэж буруу эмчилснээс болоод өвчин архагшиж байна. Ингээд эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар, давсаг, өндгөвчийн үрэвсэл, үргүйдэл зэргийг үүсгэж байна. Эрэгтэйчүүдэд шээсний сүв, түрүү булчирхайн үрэвсэл үргүйдэл зэргийг үүсгэж байгаа.  

-Шинж тэмдэг илрэхгүй байсаар өвчнөө хүндрүүлчихдэг юм болов уу. Бэлгийн замын халдварын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Манайд заг хүйтэн, трихомониаз, тэмбүү гэсэн гурван төрлийн бэлгийн замын халдварт өвчин зонхилон тохиолддог. Эдгээр өвчний үед илрэх шинж тэмдгийг мэддэг байх хэрэгтэй. Трихомониазын хувьд эрэгтэй хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Харин эмэгтэй хүнд загатнах, эвгүй үнэртэй зүйл гарах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Заг хүйтний үед эрэгтэй хүнээс идээ гоожиж, шээж чадахгүй болно. Эмэгтэй хүнд бас өнгөтэй идээтэй зүйл гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Тэмбүүгийн үед шарх гараад 14 хоногийн дараа алга болчих нь бий. Энэ үед тоохгүй орхивол халдвар даамжирч цусанд орж, ямар ч зовуури илрэхгүй, халдвар тараасаар байдаг. Тэмбүү нь маш хөнөөлтэй. Дотор эрхтнийг иддэг, хамар унана, тархинд нөлөөлж сэтгэцийн өөрчлөлттэй болгоно. Антибиотик хэрэглэхээр энэ өвчний шинж тэмдэг бүдгэрдэг ч цусанд үүсгэгч нь байж л байдаг. Ингээд олон жилийн дараа, гэр бүлтэй, үр хүүхэдтэй болоход хүүхэд нь тэмбүүтэй төрөхөөр “Би өөр хүнтэй унтаагүй байхад ямар сонин юм бэ” гэдэг.

-Дээрх халдварыг оношлох болон эмчлэхэд хэр хугацаа зарцуулах вэ?

-Трихомониаз архагшсан үед эмчлэхэд урт хугацаа, 2-3 сар шаарддаг. Тэмбүүг 1-2 сар эмчлүүлээд 1-3 жил хяналтад байх шаардлагатай. Заг хүйтнийг архагшсан эсэхээс шалтгаалан 1-2 сар эмчлээд, 14 хоногийн дараа давтан шинжилгээ хийхэд эдгэрсэн байвал дахин хянагдах шаардлагагүй.  

Эмчилгээнд амьдралын боломж маш их нөлөөлж байна. Эдийн засгийн боломжтой нь шууд эмнэлэгт хандаж байна. Харин боломжгүй нь бусдаас асуугаад эм, тариа дур мэдэн хэрэглээд байгаа. Ингэснээр өвчний шинж тэмдэг арилах ч өвчин эдгэрэхгүй. Өвдөхгүй, хорсохгүй бол эдгэрсэн гэсэн үг биш. Эдгэрсэн үгүйг шинжилгээгээр тогтоодог. Эмчлүүлж байгаа хүнийг 14 хоногийн дараа давтан шинжилгээ өгөөрэй гэхэд буцаж ирдэг хүн байдаггүй.

Манайх эдийн засгийн боломжгүй байгаа хүнд зориулаад хямд тарифаар үзлэг, оношилгоо, эмчилгээ үзүүлэх нь бий. Бүр болохгүй бол амьдралын боломж, мөнгөнд нь тааруулж эмчилгээ бичдэг болоод байгаа. Эдийн засгийн боломжгүй нэгэнд арай хямд үнэтэй эмийг сонгож, эмчилгээ бичиж өгч байна.  

-Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх найдвартай арга нь юу вэ?

-Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхгүй байя гэвэл, гэр бүлээс гадуурх харилцаа үүгсэхгүй байж, тохиолдлын хавьтлаас татгалз. Гарцаагүй тохиолдлын үед заавал бэлгэвч хэрэглэх шаардлагатай.

-Танайх БЗХӨ-өөс гадна арьсны халдварыг эмчилдэг гэсэн үү. Сүүлийн үед арьсны өвчин ихсээд байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Арьс нь хүний биеийг хучсан хамгийн том эрхтэн. Архагшсан арьсны өвчин насан туршийн өвчин болдог. Тиймээс арьсанд өөрчлөлт гарсан даруйд эмчид хандах хэрэгтэй. Гэтэл манайхан “Энд нэг юм гарчихлаа. Яаж эмчлэхийг нь гялс хэлээд өгөөч” гэдэг. Үүнийг тодорхойлохын тулд сорьц тавьж, юуны харшил болохыг нь оношлохоос эхэлнэ. Арьсны өвчлөлд харшил, хооллолт, стресс, сэтгэлзүйтэй холбоотой.

-Арьсны өвчлөл сэтгэлзүйтэй холбоотой гэж үү?

-Арьсны өвчлөл стресс, сэтгэлзүй нөлөөтэй байдаг. Тиймээс сэтгэлзүйгээ тайван байлгах хэрэгтэй. Мөн харшилтай хамааралтай тул харшлаас өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байх хэрэгтэй байна. 

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж